Хуурайшиж, эмзэг болох нь тун амархан болохоор хамгийн сайн чийгшүүлж, тэжээл өгөх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, хөөрхий арьсаа арчлах хэрэгтэй. Өнөөг хүртэлх хаврын арьс арчилгааны туршилтуудаас шалгарсан, хамгийн сайн 3 төрлийн маскыг гэртээ хэрхэн хийхийг эндээс уншаарай.

1. Өндөг, зөөхийтэй маск
Өндөг бол хуурай арьсны жинхэнэ аврал юм. Өндгөнд агуулагдах уураг, лецитин нь арьсыг тэжээлээр хангадаг. Бага зэрэг зөөхийтэй хутгаад маск болгож арьсандаа түрхвэл хуурайшиж, холцруутсан, үхэжсэн арьсыг гуужуулаад өгнө.
Хэрэг болох зүйлс:
1. 1 ш өндөг
2. 1 цайны халбага зөгийн бал
3. 1 цайны халбага зөөхий
Эдгээр орцоо бүгдийг нь хамтад нь сайтар холиод дараа нь нүүр болон хүзүүн дээрээ жигд түрхэж өгнө. 15-20 минутын дараа бага зэргийн бүлээн усаар угаагаарай.

2. Лууван болон сүүтэй маск
Энэ маск нь ерөнхийдөө тослог арьстай хүнд зориулагдсан бөгөөд хаврын улиралд А витамин дутагдах үед юугаар ч орлуулашгүй ид шидтэй.
Хэрэг болох зүйлс:
1. 2 цайны халбага луувангийн цэвэр шүүс
2. 2 цайны халбага хуурай сүү
Орцуудаа хооронд нь сайтар холино. Сайтар хутгахгүй бол бөөгнөрч магадгүй шүү. Энэ холимгоо сайтар цэвэрлэсэн нүүрэн дээрээ жигд түрхэж өгөөд 10-15 минут болгоно. Дараа нь бага зэргийн бүлээн усаар угаагаад зөөлөн хөвсгөр алчуураар хөнгөн дарж арчаарай.

3. Цэцгийн дэлбээтэй чийгшүүлэгч
Цэцгийн дэлбээ нь өөртөө нүүрний арьсыг зөөлөн, уян хатан болгох бодис ихээр агуулж байдаг байна. Хэрэг болох зүйлс: 1. 2 хоолны халбага сарнайн дэлбээ 2. 1 аяга цагаан дарсны цуу 3. ½ аяга сарнайн ус Сарнайн усыг олоход хэцүү байвал амьд сарнайн дэлбээг тасалж авч цэвэрлээд дээр нь нэрмэл ус хийж 30 минутаас 1 цагийн хугацаатай байлгаад усыг шүүж аваад бэлэн болно. Бэлдсэн усаа дарсны цуу, сарнайн дэлбээтэйгээ холиод сэрүүн газар 7-14 хоног хадгална. Үүнийгээ шүршдэг саванд хийгээд нүүрний мист маягаар хэрэглээрэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Эдгээрийг арьсныхаа онцлогоос хамааран өөрийнхөө арьс арчилгааны хуваарьт оруулчихсан байхад хаврын улиралд арьсандаа санаа зовохгүй байхад тусалж чадна.
