
БНХАУ-ын Шэньжэн хотод дэлхийд хамгийн уртад тооцогдох, цахилгаан хөдөлгүүрт автобусыг саяхан танилцууллаа. 27 метр урт, цагт 70 км хурдлах хүчин чадалтай, 250 хүн тээвэрлэдэг, нэг удаа цэнэглээд 187 миль зайг туулах K12A загварын хурдны автобусыг газрын галт тэрэг ч гэж нэрлэж болно гэж Хятадын “Өдрийн сонин” онцолсон байна.

Хүн ам ихтэй том хотуудад зорчигч тээвэрлэхэд тохиромжтой, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн угсраа бүхээг бүхий уг автобусыг ирэх сараас Колумб улсын нийтийн тээврийн сүлжээнд оруулахаар төлөвлөж байна.
Автобусыг үйлдвэрлэгч BYD компани өнгөрсөн нэгдүгээр сард мөн цахилгаанаар ажилладаг, хоёр давхар, хурдны автобусыг танилцуулж байсан бөгөөд эрчим хүчинд хэмнэлттэй, том оврын нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргах зорилттойгоор ажиллаж байгаа юм байна.
