БНХАУ-ын Засгийн газар нүүрсний ханшийн огцом өсөлтийг саармагжуулах алхмыг ээлж дараалан авсаар байна. Хятад Улсын Хөгжил, шинэтгэлийн хороо нүүрс олборлогчдод, цахилгаан станцуудтай дунд, урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
БНХАУ-ын Засгийн газрын агентлаг хоёр талд гэрээний таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь ханшийг зохистой түвшинд барьж, хэт өсөхөөс сэргийлэх алхам гэж шинжээчид харж байна. Хэдий тийм боловч ээлж дараалсан шийдвэрүүдийг үл харгалзан БНХАУ-ын зах зээлд нүүрсний ханш үргэлжлэн өссөөр байгаа ажээ.
Энэхүү өсөлт богино, дунд хугацаандаа хадгалагдах төлөвтэй гэж дийлэнх шинжээчид харж байгаа юм. Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний жишиг ханш оны эхнээс 86 хувиар өсөөд байгаа бөгөөд ялангуяа сүүлийн гурван сард ханшийн өсөлт огцом явагдаж, тонн нь 672 юанийн түвшинд арилжааг хаажээ.
