Нөхөд өө, найз нар аа, хатагтай, ноёд оо:
2020 оны хонхон дуу ойртож буй энэ агшинд миний бие Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ, сайн сайхны ерөөл өргөж буйг минь хүлээн авна уу.
2019 онд бид цэвэр ариун хөдөлмөрөөрөө баялаг амжилт гаргаж, практик хүчин зүтгэлээрээ хөгжлийн хэтийн төлөвөө зураглалаа. Чансаатай хөгжлийг тогтвортой ахиулж, улс орны ДНБ урьд товлосон 10 тэрбум юаний зорилтдоо дөхөж, хүн нэг бүрт ногдох хэмжээ 10 гаруй мянган ам.долларт хүрэх төлөвтэй байна. Эрсдэлээс сэргийлэх, ядуурлаас ангижруулах, бохирдолтой тэмцэх гурван том үйлсэд шийвэрлэх чухал ахиц гаргалаа. Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицонгуй хөгжил, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжил, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүтээн байгуулалт, Хөх мөрний гурвалжин хойгийн интегралчилсан хөгжил түргэсэж, Хатан голын сав газрын экологийн хамгаалалт, чансаатай хөгжил улс орны хөгжлийн чухал стратеги боллоо. Үндэсний хэмжээнд 340 гаруй хошуу шянь, 10 гаруй сая хүнийг ядуурлаас ангижрууллаа. “Чан-Э-4” аппарат хүн төрөлхтний түүхэнд анхдагч болж, сарны цаад талд газардан, “Чанжэн-5” зөөгч пуужинг гурав дахь удаагаа амжилттай хөөргөн, “Шюелүн-2” хөлөг онгоц өмнөд туйлд ажиллаж, “Бэйдөү” навигацын дагуулын сүлжээг бүрдүүлэх ажил шувтаргын үе шатандаа орж, 5G сүлжээг бизнесийн зориулалтаар ашиглах ажлын хурд түргэсэн, Бээжингийн олон улсын Даашин нисэх буудал ашиглалтад орсон зэрэг арвин их ололт амжилтад шинэ эриний хөдөлмөрч хүн зоны маань хичээл зүтгэл шингэж, Хятадын ард түмний эгэлгүй өнгө төрх, улс орныхоо хүчин чадлыг харууллаа.
Нэг жилийн турш өөрчлөлт нээлтийг улам гүнзгийрүүлж, шинэ агуулга, шинэ эрч хүчээр тасралтгүй сэлбэсэн юм. ХКН ба төрийн байгууламжийн өөрчлөлт шинэчлэл бүрэн дүүрэн амжилттай боллоо. Чөлөөт худалдааны хэд хэдэн туршиц бүс, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг өргөтгөж, шинжлэх ухаан, технологийн самбарыг хөрөнгийн биржид амжилттай гаргалаа. Татварыг бууруулж, төлбөрийг танасан нийт хэмжээ 2 их наяд гаруй юаньд хүрч, хувь хүний орлогын албан татварын доод хязгаарыг дээшлүүлж, иргэдийн ердийн хэрэглээний олон эм бэлдмэлийн үнэ ханшийг бууруулж, интернэтийн хурдыг нэмэгдүүлж, төлбөрийг бууруулах ажлыг түргэсгэн, хог хаягдлыг ангилах зэрэг нүүрстөрөгч багатай шинэ эрин үеийг угтан авлаа. “Анхан шатны захиргааны дарамтыг хөнгөлөх оны арга хэмжээ” анхан шатны маш олон удирдах боловсон хүчний ажлын дарамтыг хөнгөллөө. Шинэ оны босгон дээр улс орны өнцөг булан бүрт шинэ өөрчлөлт, шинэ уур амьсгалаар бялхаж байна.
Нэг жилийн турш, үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн өөрчлөлт шинэчлэл цэгцтэй өрнөж, шинэ эриний ардын хүчирхэг армийн дүр төрхийг харууллаа. 2019 онд бид үндэсний баярын их парад, тэнгис, агаарын арми байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг тус бүр зохион байгуулсан бөгөөд дэлхийн цэргийн спортын 7-р наадмыг амжилттай зохион байгууллаа. Мөн Хятад улсын бие дааж зохион бүтээсэн нисэх онгоц тээгч анхны хөлөг онгоц ашиглалтад орлоо. Ардын арми бол эх орноо хэзээд сахин хамгаалах өмөг түшиг учраас энэ мөчид армийн бүх офицер дайчдад хүндэтгэл илэрхийлье.
2019 оны хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн чухал арга хэмжээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн үйл явдал байлаа. Бид бүгд найрамдах улсынхаа 70 жилийн аугаа их ололт амжилтыг тэмдэглэж, ард түмнийхээ мятрашгүй эх оронч үзлийг дахин мэдэрлээ. Цэргийн парадын сүр жавхлан, ард олны оргилуун сэтгэл Тянь-Аньмэнийн талбайд бялхаж байлаа. Эх орны өнцөг булан бүрт хүмүүс үндэсний баяраа тэмдэглэж, улс орныхоо хөгжил, ирээдүйд итгэл дүүрэн байж, “Би эх оронтойгоо” дууг цуурайтуулан дуулж байсан юм. Хүмүүс эх оронч үзлээрээ бахархаж, улс орныхоо хэтийн төлөвт улам бүр итгэл дүүрэн болж байна. Энэ бүхэн шинэ эринд эх орноо бүтээн байгуулах ард түмний агуу их урам зоригийг бадраасан юм.
Нэг жилийн турш би олон газраар явлаа. Шюн-Анийн шинэ бүсэд бүтээн байгуулалт ид өрнөж, Тяньжиний усан боомт, Бээжин хотын дэд төв бүсэд хөгжлийн уухай хангинан, Өвөр Монголын тал нутаг гоо үзэсгэлэнгээ гайхуулж, Хэшигийн хонгил мянган оны түүх хуучилж, мяралзан урсах Хатан гол сүр хүчээ гайхуулан, Хуанпү мөрний хоёр эрэгт элбэг ургац авч, эх орны маань өнцөг булан бүрт амьдрал буцалж байлаа. Би Хятадын хувьсгалын урт замын аяны харгуйгаар аялж, ХКН-ын гишүүний анхны зорилт, үүрэг хариуцлагаа дахин ухамсарлалаа. Жянши мужийн Юйдү дэх улаан армийн урт замын аян дайны гараа авсан цэгээс эхлэн Хэнань мужийн Шиньшянь хүртэлх Хүбэй, Хэнань, Анхүйгийн хувьсгалын суурин газрын музейтэй танилцан, мөн Ганьсү мужийн Гаотайд буй улаан армийн баруун замын цэргийн дурсгалын хөшөөнөөс Бээжингийн Шяншань уулын хувьсгалын дурсгалт газар хүрсэн юм. Энэ үйл явц надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд бидний анхны зорилт, дархан үүрэг хариуцлага бол шинэ эринд тасралтгүй урагш тэмүүлэх хамгийн гол хөдөлгөх хүч болохыг дахин мэдрүүлсэн юм.
Урьдын адил ажил ихтэй байсан ч ард олныхоо дунд очиж, аж амьдралтай нь танилцах явдал бол миний хувьд дадал зуршил болсон юм. Очсон газрын ард олны надад хэлсэн сэтгэлийн үгсийг огтхон ч умартаагүй байна. Юньнань мужийн Гүншань уулан дахь Дүлүн үндэстний ард олон, Фүжянь мужийн Шөүнин шяний Шядан суурингийн иргэд, АЧА-ийн “Ван Жегийн тасаг”-ийн цэргүүд, Бээжингийн Биеийн тамир спортын их сургуулийн амжилт гаргасан судлаач оюутнууд, Макаогийн бяцхан найз нар, ахмад ажилтнууд надад захидал ирүүлсэн бөгөөд би тэдний ололт амжилтаар бахархаж, сайн сайхны ерөөл өргөж байгаагаа хариу захидалдаа дурдсан юм.
Нэг жилийн туршид та биднийг олон үйл хэрэг догдлуулсан билээ. Гавьяа зүтгэлээ насан туршдаа нууцалсан, намын гишүүний даруу хичээнгүй зан сурталтай Жан Фүчин, ядуурлаас ангижруулах үйлсэд цэл залуу нас, алтан амиа өргөсөн Хуан Вэньшюү, гал түймэртэй тэмцэж яваад амь үрэгдсэн Сычуань мужийн Мүлигийн 31 гал сөнөөгч, дайчин нөхрөө аюулаас хамгаалж, бамбай болж зогссон Дү Фүгүө, 11 дараалан дэлхийн аварга болсон Хятадын волейболын эмэгтэйн баг... зэрэг маш олон хүний эрэмгий зориг, эрэлхэг үйлс эгэл баатруудын эгэлгүй түүхийг бичиглэсэн билээ.
2019 онд Хятад улс урьдын адил даян дэлхийн улс орнуудтай найрамдлаа бэхжүүлж, хамтран ажиллаж ирлээ. Хятад улсын зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 2-р чуулга уулзалт, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг, Азийн Соёл иргэншлийн уулзалт, Хятадын Олон улсын импортын 2-р экспо зэрэг нь соёлтой, нээлттэй, багтаамжтай Хятад орныг даян дэлхийд харууллаа. Миний бие дэлхийн олон орны төр засгийн тэргүүнтэй уулзаж, Хятад улсын санаачилгыг хуваалцан, найрамдлаа бэхжүүлж, нийтлэг ойлголтоо гүнзгийрүүлсэн юм. Дахин хэд хэдэн улс орон манай улстай дипломат харилцаа тогтоосноор Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орны тоо 180-д хүрч, бидний найз нөхдийн хүрээ тасралтгүй өргөжин тэлсээр байна.
2020 он бол бэлгэ тэмдгийн чанартай чухал жил болно. Бид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаа улам эрчимжүүлж, ХКН байгуулагдсаны зуун жилийн ойд зориулан товлосон зорилтоо биелүүлнэ. 2020 он бол мөн ядуурлаас ангижруулах их үйлсийн шийдвэрлэх жил. Хөгжил тэмүүллийн “урагш давших бүрээн дуу” хангинаж байна. Нийт ард олон эв санаа, хүчээ нэгтгэн, хатуу бэрхийг даван туулж, сул талаа нөхөн, ядуурлыг бууруулах шийдвэрлэх шатны ажлыг сайтар хийж, өнөөгийн стандартаас доогуур амьдралтай ард иргэдээ товлосон хугацаандаа ядуурлаас ангижруулна.
Хэдхэн хоногийн өмнө би Макао эх орныхоо мэдэлд эргэж ирсний 20 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Макаогийн хөгжил дэвшлийг хараад ихэд баярласан юм. “Нэг улс хоёр систем” бол хүний сэтгэлд хүрсэн маш сайн бодлого гэдгийг Макаогийн амжилттай практик бүрэн нотолж байна. Сүүлийн хэдэн сард Хонконгийн нөхцөл байдалд бид санаа тавьсаар ирлээ. Эвсэг зохицонгуй, тогтвортой орчин үгүй бол хэрхэн амар амгалан аж төрөх билээ. Хонконг улам хөгжиж, Хонконгийн элэг нэгт ахан дүүс маань сайн сайхан амьдрахыг бид чин сэтгэлээсээ хүсдэг. Хонконгийн тогтвортой байдал, хөгжил дэвшил бол Хонконгчуудын мөрөөдөл төдийгүй бүх Хятадын ард түмний хүсэл тэмүүлэл юм.
Түүхийн хүрд зогсолтгүй эргэнэ. Энэ үйл явцад амар амгалан ба үймээн самуун зэрэг янз бүрийн нөхцөл байдал үүсэж болно. Гэвч бид хатуу бэрхээс айхгүй, харш саадаас шантрахгүй ээ. Хятад улс энх тайванч хөгжлийн замаа тууштай баримталж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалагч, хамтын хөгжлийг дэмжин ахиулагч хэвээр байх болно. Мөн дэлхийн олон улс орны ард түмэнтэй эв санаагаа нэгтгэн, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцоолохын төлөө цуцалтгүй хүчин зүтгэх болно.
Энэ агшинд үй олон хүн ажлын байрандаа завгүй ажиллаж, маш олон хүн ард түмнийхээ амар амгалан байдлыг сахин хамгаалж, шаргуу хөдөлмөрлөж байгаа. Та бүхэнд хүндэтгэл дэвшүүлье.
Та бид эрч хүчээ нэгтэн, айлчлан ирж буй 2020 оноо итгэл дүүрэн угтацгаая.
