
БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ. Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.
2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургана
Айлчлалын хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильеватай уулзлаа. Мөн энэ өдөр ОХУ-ын Россотрудничество агентлагийн дэд дарга Г.Д. Юрьевичтай албан ёсны уулзалт хийв. Энэ хүрээнд боловсролын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.
- 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургах болов.
- ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулахаар болов.
- Монгол Улсад ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг, ОХУ-ын ерөнхий боловсролын гэрчилгээ хүлээн авдаг ерөнхий боловсролын сургууль (ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос-Монголын хамтарсан III сургууль) төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг МУБИС-д түшиглэн байгуулахаар болов.
- Мөн эдгээр сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулахаар болов.
- Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр МУБИС-д байгуулахаар болов.
- Орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлэхээр болов.
- Орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх зуны сургалтыг ОХУ-д зохион байгуулахаар боллоо.
Залуу судлаачдыг ОХУ-д судалгаа хийх боломжоор хангана гэв
Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ОХУ-ын “Суурь судалгааны сан”-гийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд био анагаах, газар зүй гэсэн тэргүүлэх чиглэлүүдээр дараах арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцов.
Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан хамтарсан олон улсын хурал зохион байгуулахаар болов.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Палентолог, геологи, биологийн хамтарсан экспидицийг үргэжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
Монгол Улсын залуу судлаачдыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хамтарсан судалгаа хийлгэх, дадлагажуулах, сургалтад хамруулахаар боллоо.
