18-ны өдөр нийтэлсэн Хятадын Үндэсний Статистикийн газрын тоо баримтаас үзвэл оны эхний гурван улиралд Хятадын ДНБ-ий нийт хэмжээ 82 их наяд 313 тэрбум 100 сая юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн урьдчилан төсөөлсөн бүтэн жилийн зорилго, үүргээ биелүүлэх хүчин чадал, нөхцөл боломжтой гэж Үндэсний статистикийн газрын холбогдох хариуцлагатай албаны хүн хэллээ.
Бүртгэлээс үзэхэд энэ оны эхний гурван улиралд Хятадын макро үзүүлэлтүүд тогтвортой орон зайд байсаар бөгөөд эдийн засгийн сэргэлт хэвийн үргэлжилсээр байна. Эхний гурван улиралд ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн нь 6 хувиас дээш байх төсөөллөөс дээгүүр байж, үүнд 3-р улиралд өмнөх улирлын мөн үеэс 4.9 хувь буюу өмнөх сарынхаас 0.2 хувиар өсөн нэмэгдэж, хоёр жилийн дундаж өсөлт 4.9 хувьд хүрчээ. Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн ерөнхий статистикийн газрын дарга Фү Линхүй Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас хийсэн хэвлэлийн бага хурал дээр:
- Ерөнхий байдлаас үзэхэд үндэсний эдийн засаг эхний гурван улиралд сэргэлтийн чиг хандлагаа хадгалж, бүтцийн өөрчлөлтийг тасралтгүй ахиулж, өндөр чанартай хөгжлийг дэмжихэд шинэ ахиц дэвшил гаргалаа гэж хэлэв.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд эхний гурван улиралд Хятад улсын хот сууринд 10.45 сая шинэ ажлын байр бий болгож, бүтэн жилийн зорилгын 95 хувийг биелүүлсэн бол хот суурины ажилгүйдлийн дундаж түвшин 5.2 хувь байсан нь бүх жилийн төсөөлсөн зорилтын түвшингээс 5.5 орчим хувиар доогуур байна. Харин гуравдугаар улирлын сүүлчээр 183 сая хөдөөгийн хөдөлмөр хүчин хот орж ажилласан нь цар тахал дэгдэхээс өмнөх үеийн түвшин хүртэл үндсэндээ сэргэсэн байна. Тэгвэл хэрэглээний үнийн байдлаас үзэхэд, амьжиргааны чухал бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай байж, оршин суугчдын хэрэглээний үнэ тогтвортой байна. Эхний гурван улиралд оршин суугчдын хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар өсөж, төсөөллөөс ойролцоогоор 3 хувь доогуур байна. Олон улсын орлого зарлага үргэлжлэн сайжирч, эхний гурван улиралд бараа бүтээгдэхүүний импорт, экспортын ашиг орлого өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувиар нэмэгдэж, 01-р сараас 08-р саруудад үйлчилгээний импорт, экспортын алдагдал өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар буурчээ. 09-р сарын сүүлчээр Хятадын гадаад валютын нөөцийн үлдэгдэл 3 их наяд 206 тэрбум ам.доллар болж, дараалан таван сар 3 их наяд ам доллараа хадгалсаар ирсэн байна.
Фү Линхүй:
- Гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтийн хурд хэдийгээр цар тахал, үер усны гамшиг, үндсэн өсөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнд өртсөн боловч Хятадын эдийн засгийн хөгжил хүчтэй, уян хатан байдлаа харууллаа. Эдийн засаг бүтэн жилийн турш сэргэсэн хэвээр байгаа бөгөөд өндөр чанартай хөгжлийн хандлага өөрчлөгдөхгүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлж буй зорилт, үүргээ бүтэн жилийн турш биелүүлэх хүчин чадал, нөхцөл боломжтой юм гэж хэллээ.
"Хэрэглээний байдлаас үзэхэд, эхний гурван улиралд бүх Хятадын оршин суугчид нэгбүрд ногдох хэрэглээний зардал өнгөрсөн оны мөн үеэс 15.8 хувиар өсөж, хоёр жилийн дундаж өсөлт 5.7 хувь байсан нь оны эхний хагасаас хурдтай нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын хувьд, эхний гурван улиралд үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт хоёр жилийн дундаж өсөлт 3.3 хувийн үзүүлэлттэй байж, он гарснаас хойш ерөнхийдөө сайжрах хандлагаа барьсаар байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт ч олон хүчин зүйлийн улмаас нэмэгдсээр байна. Ялангуяа импорт, экспортын байдлаас үзвэл, дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сэргэж, Хятадын аж үйлдвэрийн систем улмаар боловсронгуй болж, нийт импорт, экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хуьиар өссөн нэмэгдсэн байна.
Фү Линхүйгийн үзэж байгаагаар цар тахал, үер усны гамшиг зэрэг таагүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн хэдий ч Хятадын аж үйлдвэрийг цаашид сайжруулах хандлага өөрчлөгдөхгүй. Инноваци, хөгжлийн эрч хүч сайн байгаа нь эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгч байна. Эдгээр нь эдийн засгийн өсөлтөө хадгалах, үргэлжлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн юм.
Олон улсын валютын сангийн нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-д энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.9 хувь хүртэл бууруулснаар Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг ч өмнөх төсөөллөөс 0.1 нэгжээр буюу 8 хувь болтол бууруулжээ. Үүнтэй холбогдуулан Фү Линхүй:
-Төсөөлөлд зохицуулалт хийж байна гэдэг нь Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд сэтгэл түгшиж буйг тусгалаа, гэхдээ 2021 онд Хятадын эдийн засгийг 8 орчим хувийн өсөлтөө барьсаар байх болно гэсэн таамаглал хийж байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж буйг харууллаа гэж хэлсэн байна.
- Хятад улс бол даяаршлын үйл явцад гүн гүнзгий нэгдсэн орон учраас ОУВС-гийн зүгээс иймэрхүү зарим төсөөллийн зохицуулалт хийх нь хэвийн үзэгдэл гэж би үзэж байна. Гэвч Хятад улс бол 2020 оны цар тахлын нөлөөнд өртсөн ч дэлхийн томоохон эдийн засгийн цогцуудын дотор эерэг өсөлтийг биелүүлсэн цорын ганц орон, бусад орнуудтай харьцуулахад үндсэн тоо харьцангуй өндөр байна гэдгийг онцлон тэмдэглэх ёстой. Олон улсын томоохон байгууллагууд 2021 онд Хятадын эдийн засаг 8 хувь орчмын өндөр өсөлтөө хадгалсаар байх бөгөөд энэ хурд нь дэлхийн дундаж өсөлтөөс өндөр байж, томоохон эдийн засгийн цогцуудын өсөлтөөс дээгүүр байх болно гэж төсөөлж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж, эдийн засаг нь уян хатан, асар их нөөц хүчинтэй гэдгийг харуулж байна. \Ренчинсоо\
