
Мөн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж аж ахуйн нэгжүүдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэлтэй болох, цаашид тооллого, бүртгэл, статистикийн мэдээлэл, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түүвэрлэлтийг оновчтой болгоход тооллогын мэдээллээр бүрдсэн санг ашиглах боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Дөрөвдүгээр сард багтаан улс, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжилт авдаг байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагууд, хүүхдийн зуслан, амралт, зочид буудал, аялал жуулчлалын байгууллагуудыг тоолж бүртгэнэ. Мөн санхүү, банк, даатгал, хөдөлмөр, халамжийн байгууллагууд, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын байгууллагууд, цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, соёл урлаг, чөлөөт цагийг өнгөрүүлэх байгууллагууд, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын байгууллагууд, тээвэр, холбоо, худалдаа, үйлчилгээний салбарын байгууллагуудыг нэг бүрчлэн тоолж, дүнг нэгтгэх юм байна. Нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа даргалах болох, дүүргийн тооллогын комиссыг Дүүргийн Засаг дарга нар даргалан ажиллана.
