2021 оны эхний 11 сард Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 35 их наяд юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар нэмэгдэн, өнгөрсөн жилийн бүтэн жилийн импорт, экспортын нийт хэмжээнээс давсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газраас 07-нд мэдээлжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын бүртгэлийн дагуу 2021 оны 01-ээс 11-р саруудад Хятад улсын гадаад худалдааны импорт, экспорт 35 их наяд 390 тэрбум юаньд хүрснээс экспорт 19 их наяд 580 тэрбум юань, импорт 15 их наяд 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 21.8 хувь, 22.2 хувиар өсөн нэмэгджээ.
Экспортын хувьд Хятад улсын цахилгаан механик бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний экспорт нааштай амжилт тогтоожээ. Оны эхний 11 сард Хятад улсын цахилгаан механикийн бүтээгдэхүүний экспорт 11.55 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.2 хувиар өсөн нэмэгдэв. Импортын хувьд үр тариа, байгалийн хий, нэгдсэн хэлхээ, автомашин зэрэг гол нэрийн барааны импорт өмнөх оны мөн үеийнхээс тус тус 19.7 хувь, 21.8 хувь, 19.3 хувь, 7.1 хувиар өссөн байна.
Гаалийн статистик мэдээгээр оны эхний 11 сард Хятад улсын ердийн худалдааны импорт экспорт 21 их наяд 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.2 хувиар өссөн бол үндэстэн дамнасан цахим худалдаа зэрэг шинээр тулгар хөгжиж буй худалдааны хэлбэрүүд эрчимтэй хөгжжээ. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн зах зээлийн төлөвийг улам сайжруулж байна. Оны эхний 11 сард Хятад улсын АСЕАН, ЕХ, Америк, Японтой хийсэн импорт, экспортын худалдааны хэмжээ тус бүр 5.11 их наяд, 4.84 их наяд, 4.41 их наяд, 2.2 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 20.6 хувь, 20 хувь, 21.1 хувь, 10.7 хувиар өссөн байна. АСЕАН бол Хятад улсын гадаад худалдааны 14.4 хувийг бүрдүүлдэг хамгийн том худалдааны түнш юм. Мөн хугацаанд Хятад улс "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн импорт, экспортын худалдааны хэмжээ 10 их наяд 430 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.5 хувиар өссөн үзүүлэлт болно.
