Төрийн зөвлөлийн 2021 оны байгаль орчны байдал, байгаль орчныг хамгаалах зорилтыг биелүүлэх тухай тайланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны хурлаар хэлэлцэв. 2021 онд үндэсний экологийн орчны чанар эрс сайжирсан тухай тайланд дурджээ.
Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю Төрийн Зөвлөлийн итгэмжлэгдсэн тайлангийн үеэр хэлэхдээ "2021 онд мужийн түвшин ба түүнээс дээш хотуудын агаарын чанар сайтай өдрүүдийн харьцаа 87.5 хувь болж, мөн үеийнхтэй харьцуулахад 0.5 пунктээр нэмэгдэв. PM2.5-ийн дундаж агууламж нэг шоо метрт 30 микрограмм байсан нь өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурсан байна. Агаарын чанарын стандарт хангасан 218 хот байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хотоор нэмэгдсэн. Үүнд: Гол бүс нутгийн агаарын чанар мэдэгдэхүйц сайжирч, Бээжин-Тяньжинь-Хэбэй болон ойрын нутаг дэвсгэр, Хөх мөрний бэлчир бүс, Фэнвэй тэгш тал ерөнхийдөө улсын дунджаас ахиу байв".
2021 онд улсын хэмжээнд гадаргын усны байгаль орчны чанар тогтвортой сайжрав. Гадаргын усны чанарын I-III зэрэглэлийн хэсгийн эзлэх хувь 84.9 хувь байгаа нь 2020 онтой харьцуулахад 1.5 пунктээр нэмэгдэж, V зэрэглэлийн усны чанар муутай хэсгийн эзлэх хувь 1.2 хувьд хүрэв. Гол голуудын сав газрын усны чанар сайжирсаар байна. Хөх мөрний болон Сувдан мөрний сав газрын усны чанар үргэлжлэн сайн байдлаа хадгалж, Хатан голын сав газрын усны чанар мэдэгдэхүйц сайжран, Хуай Хэ мөрөн, Ляохэ мөрний сав газрын усны чанар бага зэргийн бохирдлоос сайн болж сайжрав. Газар доорх усны чанар ерөнхийдөө сайн байх мөртөө Хятадын харьяанд байдаг далайн бүсийн далайн усны нийт чанар ч сайжирсаар байна.
Хуан Рүньчю хэлэхдээ "2021 оны улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний экологийн орчны салбарын заавал биелүүлэх 8 үзүүлэлтийг амжилттай биелүүллээ. Үүнд: Мужийн түвшин ба түүнээс дээш хотуудын агаарын чанар сайн өдрийн харьцаа жилийн зорилтоос 2.3 пунктээр, РМ2.5-ын агууламжийн бууралт жилийн төлөвлөгөөнөөс 13.6 пунктээр, гадаргын усны I-III зэрэглэлийн усны чанарын хэсгүүдийн эзлэх хувь жилийн зорилтоос 1.4 пунктээр илүү байна" гэв.
Тогтвортой, эрүүл экологийн үндэс суурь хараахан батлагдаагүй байгааг тайланд бас онцолжээ. Одоогийн байдлаар хотуудын 29.8 хувьд PM2.5-ын дундаж агууламж стандартаас давж, бүс нутгийн хүчтэй бохирдлын цаг агаарын үйл явц үе үе үргэлжилсээр байна. Усны экологийн орчны сайжруулалт тогтвортой биш, зарим газар V дэд ангиллыг арилгахад хүндрэлтэй, зарим гол нууруудад цианобактерийн цэцэглэлт өндөр хэвээр, бохирдлын эх үүсвэр, гүний усны төрлийн ундны усыг бохирдуулах эрсдэлтэй байна.
2022 онд цэлмэг тэнгэр, тунгалаг усаа хамгаалах зорилгоор цаг агаарын хэт бохирдолтыг арилгах, озоны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах, дизель түлшний автомашины бохирдлыг бууруулах зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Хотын хар, үнэртэй усыг цэвэршүүлэх, Хөх мөрнийг хамгаалах, сэргээх, Хатан голын экологийн хамгаалалт, менежмент, далайн гол бүс нутгийг цогцоор нь зохицуулах зэрэг чухал үйл ажиллагааг зохион байгуулж, бохир усны урсцыг судлан, арилгах ажлыг үргэлжлүүлнэ.
