solongonews
Ойжуулалтаар дэлхий нийтэд хувь нэмэр оруулна
2022-05-27 16:47
Ойжуулалтаар дэлхий нийтэд хувь нэмэр оруулна.

 Шаньси мужийн Юйлинь хотын Мижи шяний Иньжөү гудамжны Гао Шигөү тосгон ногоон өнгөөр хучигджээ.

 Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ТАО МИН

    Өвлийн улиралд Бээжингийн Шуаншиү цэцэрлэгт хүрээлэн сэтгэл татам харагдана. Цаг агаар хүйтэрч, цэцэг навчис унасан ч хүмүүс чийгийн хамгаалалтын бүс ашиглан хүйтэнд тэсвэр сул моднуудад өвлийн хувцас өмсгөн, моддыг хүйтнээс хамгаалж байна. Унасан навчийг цуглуулан, буталж, бага температурт бордоо болгохын тулд мочевин, хөрстэй хольж, өвлийн хүйтэнд модыг хамгаалах бордоо болгожээ. Одоо Бээжин "Хавар тарьж, зун нь таньж, намрын улиралд арчилгаа хийн, өвөлдөө хамгаалдаг" гэсэн дөрвөн улирлын турш модыг хамгаалах ногоон хамгаалалтын загварыг бий болгож, нэг улиралд мод тарих ажлыг бүтэн жилийн хариуцлагатай болгон, экологийн соёлын ухамсрыг бий болгожээ.

    Ой бол хүн төрөлхтний хамгийн эртний гэр юм. Хятадын “Шүлэглэлт ном”,“Чүгийн дуулал” дахь ойн тухай нямбай, тод томруун дүрслэлээс эхлээд уул усны тухай яруу найрагт хүртэл хязгааргүй эрч хүчтэй, элбэг баялагтай ой гэдэг цаг хугацааны явцад хүмүүсийн бүтээлд дахин дахин давтагдан дуулагдах зүйлс болжээ. Өнөөгийн Хятадад ойн тухай ногоон домог хэрхэн бичигдэх ёстой вэ?

Дэлхийн ногоон байгууламжийн дөрөвний нэгийг эзэлж байна

    Сүүлийн жилүүдэд үржил шимгүй газар баян бүрд болж, Шар хөрст өндөрлөг ногоон өнгөөр хувцаслаж байгааг хүмүүс харсан. Статистик мэдээгээр "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Хятад улс 545 сая мү /1 га=15 мү/ ойжуулж, ойн бүрхэвч 23.04 хувьд хүрч, ойн хэмжээ 17.5 тэрбум шоо метр давж, үндэсний тариалалтын талбайн хэмжээ 23.5 тэрбум шоо метр болсон байна. 1.19 тэрбум мү/1 га=15 мү/ хүртэл өргөжиж, Хятад улс хамгийн их өсөлттэй, хамгийн том тариалалттай оронтой дэлхийн ойн нөөц болсон байна. 2000-2017 онд дэлхийн шинээр нэмэгдсэн ногоон байгууламжийн дөрөвний нэг орчим нь Хятадаас бүрдэж, дэлхийд нэгдүгээрт ордог. Ой мод нь хуурай газрын экосистем дэх нүүрстөрөгчийн хамгийн том усан сан бөгөөд уур амьсгалыг зохицуулах, дэлхийн дулаарлыг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны эцсийн байдлаар улсын ойн талбай 220 сая га, бэлчээрийн ургамлын бүрхэвч 56.1 хувь, ус намгархаг газрын хамгаалалтын түвшин 50 гаруй хувь, ойн ургамлын нүүрстөрөгчийн хуримтлал 9 тэрбум 186 сая тоннд хүрч “Дэлхийн уушги" чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

    Ой мод, нүүрстөрөгчийн шингээгч болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн холбооны тухай Хятад улсын Ойн Аж Ахуй, Бэлчээрийн Газрын Судалгаа, Төлөвлөлт, Зураг төслийн хүрээлэнгийн дэд захирал Тан Шяопин:

-Олон улсад яригдаж байгаа нүүрстөрөгчийн шингээгч гэдэг нь голчлон ойн нүүрстөрөгчийн шингээгч, өөрөөр хэлбэл модыг хэлж байна. Нүүрстөрөгчийн давхар исэл фотосинтезийн явцад шингэж, агаар мандлын нүүрстөрөгчийн давхар исэл тогтож, ойн ургамал, хөрсөнд хадгалагдана.

    Ой, бэлчээрийг хамгаалах, хөгжүүлэх "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд 2025 он гэхэд ойн бүрхэвч 24.1 хувьд хүрч, ойн нөөцийн хэмжээг 18 тэрбум шоо метрт хүргэж, нүүрстөрөгчийн давхар ислийн оргилд хүрэх бат бөх суурийг тавина. 2030 он гэхэд Хятадын ойн нөөцийн хэмжээ 25 хувьд хүрч, ойн нөөцийн хэмжээ 19 тэрбум шоо метрт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт дээд цэгтээ тус тус хүрч, тогтвортой буурна.

Дэлхийн экологийн засаглалын "Ногоон загвар"

    Жил бүрийн хаврын улиралд мод тарьж, ногооруулахад хамгийн тохиромжтой сайхан цаг байдаг. 2021 онд улс орон даяар сайн дурынхны мод тарьсны 40 жилийн ой тохиож, Хятад улс Хятадын онцлогтой газар нутгийг ногооруулах замыг бий болгов. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд сайн дурын мод тарих ажил нь өөрийн өвөрмөц хууль ёсны байдал, үндэсний шинж чанар, үүрэг хариуцлага, нийтийн сайн сайхны төлөө цэцэглэн хөгжсөн юм. Өнөөг хүртэл улсын хэмжээнд сургуулийн насны нийт 17.5 тэрбум иргэн сайн дурын мод тарих ажилд оролцож, нийт 78.1 тэрбум мод тарьсан. Сайн дураар мод тарих нь дэлхий дээрх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн гайхалтай амжилтыг үзүүлсэн бүх нийтийн ногоон байгууламжийн хамгийн том үйл ажиллагаа болжээ.

Ажилтнууд Сайхандаваагийн механик ойн фермд мэдээлэл цуглуулж байгаа нь

 Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ВАН ШЯО

    1981 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БХАТИХ-ын IV чуулганаар "Үндэсний сайн дурын мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоол"-ыг баталж, мод тарих, эх орноо ногоон байгууламжтай болгохыг насанд хүрсэн иргэн бүрийн хууль ёсны үүрэг болгосон. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд бүх ард түмний сайн дурын мод тарих нь улс ард, нийгмээрээ оролцох зарчмыг баримталж, сэтгэл нэгдэн ажил хийхийн давуу талыг бүрэн дүүрэн харуулж байна. Дэлхий нийтэд хүчтэй зохион байгуулалт, гүйцэтгэлийг харуулж, дэлхийн экологийн засаглалын бат бөх суурийг бий болгож, эерэг, өргөн хүрээтэй нөлөө үзүүлсэн байна.

    Өнгөрсөн 40 гаруй жилд нам, төрийн удирдлагууд манлайлан, үлгэр дуурайлал үзүүлж, томоохон агентлаг, газрууд “тарих” үүргээ манлайлан биелүүлсэн. Үржил шимгүй дов толгод, эзгүй газар нутагт ой, зүлэг экологийн гол төслүүдийг барьж байгуулах, газар нутгийг ногооруулах томоохон ажлуудыг хэрэгжүүлэх зэрэг олон нийтийг хамарсан сайн дурын мод тарих арга хэмжээг зохион байгуулсан нь газар нутгийг ногооруулах, бүтээн байгуулалтыг үр дүнтэй сайжруулж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 1980-аад оны эхэн үеийн 10.1 хувиас 41.11 хувьд хүрч, нэг хүнд ногдох цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн хэмжээ 3.45 м.кв-аас 14.8 ам.метр болж нэмэгдээд байна. Хятад улсын ойн нөөц өсөн нэмэгдэж, хот хөдөөгийн амьдрах орчин сайжирч, шараас ногоон, ногооноос гоо сайханд шилжих үйл явц бодитой болсон. Сайн дурын мод тарих хөдөлгөөнийг гүнзгийрүүлэн хөгжүүлснээр "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах" үзэл санаа ард түмний сэтгэл зүрхэнд гүн гүнзгий нэвтэрч, экологийн соёлын үзэл баримтлалыг өргөнөөр хүлээн зөвшөөрчээ.

    40 гаруй жилийн хөгжлийн явцад сайн дурын мод тарих хэлбэрүүд тасралтгүй баяжиж, ойжуулалт, арчилгаа, менежмент, мод тарих, үрчлүүлэх, хандивлах, сайн дурын үйлчилгээ зэрэг найман төрлийн 50 гаруй төрлөөр өргөжин тэлсээр байна. Тодруулбал, "Интернэт+Үндэсний сайн дурын мод тарих" туршилтын хөтөлбөрийг 15 аймагт хэрэгжүүлснээр "Интернэт+Үндэсний сайн дурын мод тарих" баазыг байгуулж, үндэсний сайн дурын мод тарих ажил онлайн болон оффлайн хэлбэрээр нэгдэх хөгжлийн шинэ шатандаа орлоо.

    Сайн дурын мод тарих нь зөвхөн "хөрсийг ногооруулах" зорилготой биш, харин "хүний зүрхэнд ногооруулах" явдал юм. Ногоон байгууламжийг хайрлах, тарих, хамгаалах нь ард түмний соёлт моод, ухамсартай үйл ажиллагаа болжээ.

- Миний хүүгийн төрсөн өдөр 03-р сарын 12 буюу мод тарих өдөр. 1999 онд анхны мод тарьснаас хойш жил бүр төрсөн өдрөөр нь нэг ширхэг мод тарих нь зайлшгүй зан үйл болж, мөн миний хүүдээ өгөх төрсөн өдрийн бэлэг болсон юм гэж ярих Хүбэй мужийн Үхань хотын Жянхань дүүргийн иргэн Вэй Вэнфан болон түүний хүү Ү Жяхао 20 гаруй жилийн турш мод тарьж байгаа бөгөөд тэд энэ онцгой өдрийг тэмдэглэхийн тулд ийнхүү мод тарьсан байна. Бүх ард түмэн мод тарьж, бүх ард түмэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтад асар их хүчээ дайчилсан юм.

    1998 оноос хойш Хятад улс ойн аж ахуйн экологийн зургаан том төслийг дараалан эхлүүлсэн. Энэ нь үзэсгэлэнт уул ус, гол мөрнийг сэргээн босгох стратегийн төсөл юм. Үүнд: Байгалийн ойн нөөцийг хамгаалах төсөл, тариалангийн газрыг ой болгох төсөл, Бээжин-Тяньжины элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төсөл, "Гурван умард" болон Хөх мөрний дунд, доод урсгал дахь ой хамгаалах төслүүд, зэрлэг ан амьтдыг хамгаалах, байгаль хамгаалалтын бүс байгуулах барилгын төсөл, хурдтай хөгжиж буй гол бүсүүд өндөр ашиг шимтэй модон ойн бааз барих төсөл нь Хятад улсын бүх мужуудын 97 гаруй хувийг хамарч байгаа юм. Түүнчлэн ойжуулалтын төлөвлөгөөт ажил 1.1 тэрбум мү-гаас давсан байна.

    Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Дин Жүнли эдгээр зургаан том төслийн тухайд:

- Хятадын хуурай газрын нүүрстөрөгчийн шингээгчийн 56 орчим хувь нь экологийн зургаан том төслийн бүтээн байгуулалттай холбоотой бүс нутгаас бүрддэг. Олон жил хуримтлуулсны эцэст тэд улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэж ярилаа.

Хэбэй мужийн Сайхандаваагийн "Ногоон газрын зураг"

    2021 оны 09-р сарын 28-нд Хэбэй Сайхандаваа ойн механик ферм нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр НҮБ-ын дээд шагнал болох "Газрын амь нас шагнал"-ыг хүртлээ.

    2017 онд НҮБ-ын байгаль орчныг хамгаалах дээд шагнал болох "Дэлхийн хамгаалагчийн шагнал"-ыг хүртсэнээс хойш 2021 онд ойн механик ферм нь “Ядуурлыг бууруулах үндэсний загвар” цолыг хүртэж, улмаар "Газрын амь нас шагнал"-ыг дахин хүртэж байсан. Сайхандаваагийн “Эзгүй нутгийг ойн далай болгосон” гайхамшиг нь Хятадын экологийн орчныг сайжруулж, чанартай бүтээн байгуулалтын тод илэрхийлэл бөгөөд дэлхийн экологийн соёлын бүтээн байгуулалтын тод жишээ юм. Сайхандаваа нь Хэбэй мужийн Чэндэ хотын хойд хэсэгт оршиж, энэхүү "ногоон сувд" нь хагас зуун жилийн өмнө "Шар элс тэнгэрийг бүрхэж, шувууд суусан модгүй" элсэрхэг эзгүй нутаг байв.

    Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Сайхандаваагийн гурван үеийн ойн тариаланчид мод тарьж, дэлхийн хамгийн том хиймэл ойг бүтээж, "Эрхэм зорилго, хөдөлмөр, ногоон хөгжил" гэсэн Сайхандаваагийн үзэл санааг бий болгосон.

Шаньси мужийн Юү Юй шяний Цан Төүхэ намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн

 Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЦАО ЯН

    1950-иад онд Сайхандаваа хөрсний эвдрэлд нэрвэгдэж, элсэн шуурганд сүйдсэн элсний эх үүсвэр болжээ. Нийслэлээс хамгийн ойрын энэхүү элсний эх үүсвэрийг хаахгүй бол нийслэлийн экологийн орчин тогтворгүй болно.

    1962 онд хуучин Ойн яамнаас ургамлыг сэргээх, элсэн шуургыг хориглох зорилгоор Сайхандаваад ойн механик ферм байгуулах шийдвэр гаргасан байдаг.

    Мөн оны 02-р сард 19 аймаг, Өөртөө Засах Орон, хотын 127 коллеж, техникум төгсөгч, ойн аж ахуйн 242 ажилтан машинаар, морьтой, явганаар, Сайхандаваа гэдэг энэхүү далайн төвшнөөс дээш 1500 метр өндөртэй эзгүй элстэй газар иржээ. Тэр жил ирсэн хүмүүсийн дундаж нас 24-өөс доош байсан.

    “Жилд нэг удаа салхилна, оны эхнээс эцэс хүртэл." Сайхандаваагийн ойжуулалтын эхэн үед цөлжилт хүндэрч, хоол хүнс, орон сууц хомсдож, амьдрах, үйлдвэрлэлийн нөхцөл маш хүнд байв.

    Туршлага дутмаг учраас эхний жил ойжуулалтын ердөө таван хувь нь л амьдардаг байлаа. Хоёр дахь жилдээ ойжуулалтын найман хувьд ч хүрэхгүй байсан.

    Хоёр удаа бүтэлгүйтсэн боловч Сайхандаваагийн ойн тариаланч бууж өгсөнгүй. 1964 оны хавар Ойн аж ахуйн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ван Шанхай хамт олноо удирдан ойжуулалтын ажилөрнүүлэв. Тэд саравчинд амьдарч, цасны ус ууж, хуурай боов идэж, салхи, жавартай тэмцэн, өдөр шөнөгүй ажиллаж техникээ туршиж, сайжруулан, нийт 516 мү талбайд шинэс тарьж, амьд үлдэх хувь нь 96-д хүрсэн байна. Эдгээрийг харсан Ван Шанхай маш их догдолж, уулын энгэрт өвдөг сөгдөн нулимс дуслуулав.

    Гэвч Сайхандаваагийн өмнө тулгарсан шалгалт хараахан дуусаагүй. 1977 онд хүйтэн шүүдрийн гамшигт 200 мянган мү ой мод сүйдсэн. 1980 онд зуун жилд ховор тохиолдсон хүчтэй ган гачигт 120 мянган гаруй мү ой мод сүйрсэн байдаг.

    Ар араасаа нүүрлэж байсан гай гамшгийн өмнө Сайхандаваачууд "Хүнд хэцүү тусмаа урагшаа" гэсэн итгэл үнэмшилтэй байв. Хэчнээн хүнд хэцүү байсан ч ногоон гайхамшгийг алхам алхмаар бүтээж болно гэдгийг үйлдлээрээ нотолж байна.

    Өнөөдөр Сайхандаваагийн ойн талбай 240 мянгаас 1,151 сая мү болж, ойн бүрхэвч 11,4 хувиас 82 хувь болж нэмэгдэн, дэлхийн хамгийн том хиймэл ой болжээ. Сайхандаваагийн ойг хэрэв нэг метрийн зайд нэг мод байрлуулбал дэлхийн экваторыг 12 удаа тойруулан эргэлдэж чадна гэж дүрсэлсэн байдаг.

    Нэг модноос ойн далай хүртэл Сайхандаваагийн ойжуулалтын үлгэр үргэлжилсээр. Экологийн ололт амжилт нь дэлхийн хэмжээнд улам их алдар нэрийг авч, дэлхийн экологийн соёлыг бий болгоход ашигтай хайгуул болж байна.

Шаньси Юү Юйгийн "Ногоон буухиа"

    Намрын улирлын Юү Юй, ой мод, өвс ургамал нь алтан хүрэн, хар ногоон, гал улаан өнгөөр будагдаж, тосон будгийн зураг шиг сайхан харагддаг.

    Шаньси мужийн Юү Юй шянь нь Муу ус элсэн цөлийн захад оршдог бөгөөд салхины аманд байдаг бүс юм. Одоогоос 70 гаруй жилийн өмнө энэ газар "нүцгэн толгод үргэлжилж, салхинд чулуу хийсдэг" нүцгэн нутаг байсан.

     Энэ нутагт хамгийн ховор өнгө байсан ногоон өнгө нь одоо энд хамгийн түгээмэл өнгө болжээ.

    70 гаруй жилийн хугацаанд тус нутгийн хүмүүс 140 сая орчим мод тарьсан байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний жилүүдэд энэ нутгийн ойн бүрхэвч 0.3 хувиас 56 хувь болон нэмэгдэж, бараг 2000 хавтгай дөрвөлжин километр үржил шимгүй газар нутгийг ой болгон өөрчлөв. Улмаар"Хүндрэл бэрхшээлийг даван туулж, шаргуу хөдөлмөрлөж, урт удаан хугацаанд амжилт гарган, урт хугацаанд үр шимийг нь хүртэх" гэсэн энэ нутгийн үзэл баримтлалыг бүтээсэн байна.

    “Хавраас өвөл хүртэл жилийн турш салхилдаг, өдрөөр гэрэл асааж, шөнө нь үүд хаалгыг нь хөрсөөр хаадаг. Салхи, элс ширүүсч, шар элс нарыг бүрхэн, ногоон байгууламж гэж нэг ч байхгүй”. Энэ бол 1949 онд Юү Юйгийн анхны Намын нарийн бичгийн дарга Жан Рүнхуайн нүдээр харсан нутаг юм.

- Хэрвээ Юү Юй нутгийг баян болгохыг хүсвэл элсийг засах ёстой, хэрэв элсийг засахыг хүсвэл илүү олон мод тарих хэрэгтэй, хэрэв өрх бүрийг баяжуулъя гэвэл хүн бүр нэг мод тарих хэрэгтэй гэж Жан Рүнхуай намын ажлын хурал дээр чангаар хэлж иргэдийг уриаллаа.

    1950 оны хавар Жан Рүнхуай уг шяний боловсон хүчнийг удирдан голын эрэг дагуу анхны улиасны суулгац суулгахаар ажлаа эхлүүлсэн байна.

    Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Юү Юй шяний Намын нарийн бичгийн дарга 21 удаа солигдсон ч удирдагч сольсон ч төлөвлөгөөг өөрчлөхгүй, багийг өөрчилсөн нь ажлын төлөвлөгөөг өөрчлөхгүй зарчмаар эрчимтэй ажиллаж иржээ. Үе үеийн Намын нарийн бичгийн дарга нарын удирдлага дор Юү Юй шяний боловсон хүчин, олон түмэн хүрз атган "ногоон буухиа" эхлүүлэв.

    "Мод ургуулах гэдэг хүүхэд асрахаас ч хэцүү." Энэ бол Юү Юй шяны өнгөрсөн үед мод тарихдаа тулгарсан хүндрэл байсан юм.

    Энэ үржил шимгүй газарт эхний жил тарьсан мод шууд л салхинд хийсч, элсэнд цохиулж магадгүй. Гэхдээ Юү Юй шяний хүмүүс хэзээ ч бууж өгөөгүй, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж л байдаг.

   Төмөр хүрз, өдрийн хоолны аяга, соронзон хэмжүүр нь тэр үеийн нутгийн хүмүүсийн стандарт хэрэгсэл болсон. Мод тарих гэхээр боловсон хүчнүүд, түмэн олноороо, бүх насныхан нийлж, ажил хийх гэж улайрч,  хоорондоо өрсөлдөн ажилладаг.

   Өмнө нь төрийн байгууллага бүрийн ажлын байрны гадна төмөр хүрзүүд харагддаг байсан. Нэг байгууллага нэг ой, нэг систем нэг уул журмыг барьж ажиллаж байжээ. Энэ нутгийн эргэн тойрон дахь задгай талбай нь ойжуулалтын бааз байсан юм. Статистик мэдээгээр зөвхөн төрийн байгууллагын боловсон хүчин, албан хаагчид 300 гаруй мянган мү ой мод тарьж, соёл боловсролын ой, улс төр, хууль эрх зүйн ой, суртал ухуулгын ой зэрэг арав гаруй ойжуулалтын баазыг бий болгожээ.

   Одоо ойжуулалтын буухиа нь Юү Юй шяний 21 дэх Намын нарийн бичгийн дарга Жан Жэнхайд шилжсэн. Тэрээр:

- Бидний мөрөн дээрх ачаа өмнөхөөсөө хөнгөн болсонгүй, бид Юүюй шяний үзэл санааг өвлөн авч, урагшлуулах хэрэгтэй гэж хэлж байлаа.

   Шаньси мужийн Юү Ююй шяний ой мод бүр үзэсгэлэнт Хятадын ногоон өнгө аясыг дүрслэн харуулсан. Энэ нь мөн Хятад улсын дэлхий дахинд оруулж буй ногоон хувь нэмэр болж байна.

Шар хөрст өндөрлөг дээрх "Шаньси Ногоон"

  Өнгөрсөн үеийн элсэн шуурганаас эхлээд өнөөгийн үзэсгэлэнт байгаль хүртэл номин ногоон Шаньси бол Хятад улсын экологийн хөгжлийн амьд жишээ юм.

  БНХАУ байгуулагдсанаас хойш Шаньси мужийн бүх бүс нутаг ногоон өнгөөр хучигдаж, хойд гурван халхавч бүсийг байгуулах зэрэг экологийн төсөл, тариалангийн талбайг ой мод, бэлчээрт эргүүлэн өгөх, Бээжин, Тяньжин дахь элсэн шуурганы эх үүсвэрийг зохицуулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар Шаньси мужийн ойн талбай 100 сая гаруй мү нэмэгдэж, ойн бүрхэвч 47.73 хувьд хүрчээ.

  1999 онд Шаньси мужийн Ян Ань хотод тариалангийн талбайг ойд эргүүлэн оруулах төслийг хэрэгжүүлж, Янь Ань хот анхны туршилтын цэг болов.

  2019 оны байдлаар Ян Ань хотын нийт10.7746 сая мү тариалангийн талбайг ойд эргүүлэн авч, ургамлаар бүрхэгдсэн байдал нь 2000 онд 46 хувь байсан бол 80 гаруй хувь болж нэмэгдсэн. Хиймэл дагуулын зайнаас авсан зурагт "ногоон Янь Ань" тодоос тод харагдаж байна.

   Ван Шяохүны удирдсан Ичуань шяний эгц хад ойжуулах баг нь 20 гаруй жилийн хугацаанд Янь Ань хотын тариалангийн талбайг ой болгох ажлын бодитой биелэл хэсэг юм.

    Ван Шяохүн бол Янь Ань хотын Ичуань шяний Лихүн ойжуулалтын мэргэжлийн багийн ахлагч бөгөөд 2004 оноос хойш орон нутгийн ойжуулалтын ажилчдыг удирдан Хатан голын баруун эрэг, Хүкөү хүрхрээний дээд, доод урсгалд мод тарьж байна.

   Ичуань шяний хадан цохионы доор Хатан гол байдаг. Мод тарьснаар хөрсний элэгдэл, хог хаягдлын урсгал зэрэг байгалийн гамшгаас сэргийлж, Хатан голын дагуух хөрс, усны менежментийг сайжруулах боломжтой.

    Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Ван Шяохүн болон түүний багийн гишүүд бэрхшээл, аюулаас айсангүй эгц хадны хажуугаар хад чулуу, шороо ухаж, мод тарьж, ойжуулж, Хатан голын хоёр эрэгт ногоон хувцас өмсгөжээ.

- Би ийм ажлын баг байгуулсан. Юу ч байсан би уулын бэлд ойжуулалтын ажлыг нухацтай хийж, төрөлх нутгаа ногоон болгож, хойч үедээ сайхан экологи үлдээх болно гэж Ван Шяохүн хэлэв.

    Нимгэн хөрстэй, эгц хадан хясааны ирмэг дээр мод тарих ямар хэцүү байдгийг төсөөлж болно.

   Зарим эгц хад нь гурав, дөрвөн зуун метр өндөртэй, багийн гишүүдэд сэтгэл зүйн айдсаас гадна шийдвэрлэх шаардлагатай техникийн олон бэрхшээл бий.

  Хадны ихэнх хэсэг нь хад чулуу, мод тарихад тохиромжтой хөрсгүй, ойжуулалтын багийнхан байнгын хайгуул хийхийн зэрэгцээ өөр газар очиж туршлага, технологи эзэмшүүлэхээр боловсон хүчнийг зохион байгуулав. Тэд сүүлд нь хадыг нүхлэн мод тарих аргыг сурлаа. Эхлээд хадыг нүхлэн цоолж, дараа нь нүхэнд нь шороо авчран дүүргэж модоо тарина.

    Ерийн газарт нэг хүн өдөрт 60 мод тарьдаг байсан бол эгц хадан дээр долоо, найман ширхэг л мод тарьдаг.

Ван Шяохүн:

- Би хадан хясааны ирмэг дээр мод тарьж байсан үедээ өдөр бүр санаа зовдог байлаа. Одоо бол хаданд гарч мод тарих нь энгийн ажил шиг санагдах болсон. Би айх шаардлагагүй болсон. Модыг хаана нь тарьж болох, хаана нь тарьж болохгүй гэдгийг хараад л мэднэ.

    Анх 2004 онд ойжуулалтын баг байгуулагдахад дөрөв, тавхан хүнтэй байсан бол одоо 30 гаруй гишүүнтэй болжээ.

    Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Ван Шяохүн багаа удирдан Хатан голын хоёр эргийн нүцгэн хадан цохионуудад дөрвөн сая гаруй мод тарьж, нэгэн цагт үржил шимгүй байсан уулсыг ногоон өнгөтэй болгон хувиргасан.

    Ичуань шяний ойжуулалтын ажилчдын хамтын хүчин чармайлтаар 30 мянга гаруй мү чулуун хадыг ойжуулж, 400 мянга гаруй нүцгэн гүвээг ойжуулав.

     Ван Шяохүн сэтгэл хангалуун инээмсэглэн:

 - Өмнө нь Хатан голоос хутган авсан аяга усанд хагас аяга нь элс байсан бол одоо нэг аяга усанд арваад ширхэг элс л орж байна.

     Одоогийн байдлаар Шаньси муж "цайвар ногоон"-оос "хар ногоон" руу шилжих түүхэн чухал үе шатандаа байна. Ирээдүйд "гүн ногоон" руу дэвшиж, өндөр чанартай "Шаньси ногоон"-ыг хэрэгжүүлэх нь энэ газар нутгийн шинэ хүлээлт бөгөөд Хятад улсын дэлхийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.

     Өнөөдөр Хятадын газар нутагт ойн тухай ногоон домог бичигдсээр л байна.

Зохиогч: ЯНЬ БИН, ЖАН ИРАНЬ, РЭНЬ ТҮНТҮН
Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл