Өглөө эрт Хятадын Аньхүй мужийн Лю-Ань хотын Жинь-Ань дүүргийн Ма-Төү тосгоны нэгэн харандааны үйлдвэрт үйлдвэрийн машины чимээ хүнгэнэж байлаа. Энэ үйлдвэр бол ядуу буурай амьдралтай иргэдийг дэмжих үйлдвэр юм.
Ажилтнууд ажилдаа ирсэн байдал, харандааны үйлдвэрлэлийн чанарыг баталгаажуулах гэх мэтийн олон ажил хэвийн ёсоороо явагдана. Чэнь Мяо үйлдвэрийн цехэд тун эртлэн ирж, нэг өдрийн ажлаа эхэлжээ. Өдгөө үйлдвэрийнхээ харандааны бүрээсний цехийн дарга болсон Чэнь Мяогийн хувьд хэдэн жилийн өмнө ядуу өрхөөр бүртгэгдэж байжээ.
2014 онд Чэнь Мяогийнх ядуу буурай амьдралтай өрх байсан бол 2015 онд ядуурлаас ангижирсан байна. Ажил хөдөлмөртөө чармайн, сайн үр дүнд хүрсэн тул 2016 оны 05-р сард үйлдвэр нь түүнийг шилдэг ажилтнаар сонгожээ. Тэрбээр энгийн нэгэн ажилтан байснаа 2017 онд харандааны бүрээс үйлдвэрлэх цехийн дарга болсон байна. “Ийм амжилтад хүрнэ гэдэг санаанд ч ороогүй зүйл байлаа. Гэхдээ би ажлаа сайн хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Чэнь ярив.
Амьдралын нөхцөл боломж нь өдрөөс өдөрт сайжирчээ. Машины осолд орж гар нь гэмтсэн нөхөр нь эдгэрч, тээврийн ажлаа дахин сэргээж, энэ айлын жилийн орлого 60 мянга гаруй юаньд хүрэх болсон байна.
Өдгөө тус харандааны үйлдвэр ядуу буурай амьдралтай хүмүүсийг дэмжих 8 цех бүтээн байгуулснаар ядуу буурай амьдралтай 260 гаруй хүн ажил хөдөлмөрт орж, хүн нэг бүрийн жилийн орлого дунджаар 10 мянга гаруй юаниар нэмэгдэж, эдгээрээс нийт 148 хүн ядуу буурай амьдралаа өөрчилж чадсан байна.
Лю-Ань хотын Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын товчооны статистик бүртгэлээс үзэхэд, өдгөө тус хотод ядуу буурай амьдралтай хүмүүсийг дэмжих нийт 156 цех байгаа бөгөөд нийт 5741 хүнийг ажил хөдөлмөрөөр дайчилж, эдгээрээс 1630 нь ядуу буурай амьдралтай хөдөлмөр хүч юм. “Цаашдын алхамд бид хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэн, санхүүгийн дэмжлэгээ чангатгаж, шагнал урамшууллын бодлого хэрэгжүүлж, ядуу амьдралтай хүмүүст туслах, ядуурлыг бууруулахад гүйцэтгэж буй эдгээр цехийн үүргийг тогтвортой дээшлүүлнэ” гэж тус хотын Ядуурлыг бууруулах, хөгжлөөр дэмжих товчооны дарга Чу И-Чуань ярьжээ.
