solongonews
“Нутгийн цэнхэр уянга” монгол яруу найргийн үдэшлэг
2016-07-03 17:02
XIII удаагийн Тал нутгийн соёлын найр “Нутгийн цэнхэр уянга” монгол яруу найргийн үдэшлэгээр үргэлжилж байна.

  Үзэгч олныг найргийн охь шимээр дайлдаг энэхүү монгол яруу найргийн үдэшлэг долоодугаар сарын 2-нд Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн Урлагийн танхимд боллоо. Дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа  “Нутгийн цэнхэр уянга” монгол яруу найргийн үдэшлэгийг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын Хорооны Ухуулах хэлтсээс хариуцан эрхэлж, ӨМӨЗО-ны Утга урлагийн холбоо, Өвөр Монголын Радио Телевиз хорооноос хамтран зохион байгууллаа. Жил бүр Өвөр Монголын утга зохиол судлаач, шүмжлэгчид хамтран үе үеийн яруу найрагчдын шүр сувд болсон шилдэг бүтээлүүдийг сорчлон сонгодог. Энэ жил нийт 24 шүлэг сонгогдсон байна. Монгол яруу найргийн үдэшлэг өмнөх жилүүдээс улам өргөжин тэлэхийн хэрээр бүх орны өнцөг булан бүрээс нэрт яруу найрагчид, эрдэмтэн зохиолчид, мөн яруу найрагт хайртай үзэгч олон хуран цугларлаа. Түүнчлэн Өвөр Монголын мэргэжлийн жүжигчид, радио телевизийн нэр хүндтэй хөтлөгчдөөс гадна Монгол Улсаас СТА, жүжигчин Ө.Мөнгөнтулга урилгаар, мөн Монгол Улсаас Хөххотноо суралцагч авьяаслаг оюутан залуусын төлөөллөөс бүрдсэн ахмад, идэр, залуу үеийн нийт 60 гаруй уран уншигчид шилдэг шүлгүүдийг тайзнаа амилуулсан юм. Үдэшлэгийг өвөрмөц өнгө төрхтэй найруулан амьд хөгжимтэй хослуулж, шүлгийн хөг айзамд нь бүжиг дэглэж, аялгуу сайхан дуу хуураар эгшиглүүлэн баяжуулснаар ийнхүү монгол яруу найргаараа бахархсан утга уянгын нэгэн содон үдэш болж өндөрлөлөө. 

                                                     Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД, Т.БУЯНХИШИГ

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл