solongonews
Жуулчны бааз ажиллуулж малынхаа ашиг шимийг хэд дахин нэмэгдүүлэв
2026-08-07 17:34
Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Дөл жуулчны бааз

Долоон сарын Шилийнголд баяр наадам үргэлжилж, айргийн амт чимчигнэнэ. Үнэхээр л уртын сайхан дуу шиг зуун бээрээс дуниартсан зуны сайхан талын гүнд таван хошуу мал бэлчих нь хязгааргүй амгалан. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хөгжихийг дагаад энэ нутгийн зарим малчид жил бүрийн зургаа, долоон сараас эхлэн богино хугацааны аялал жуулчлалын ажилд яарч, үүнээс олсон орлогоороо ажил амьдралдаа нэмэр болгоно.

Шилийнголд аялал жуулчлалын салбарын гол өнгө төрх бол малчин айл, хөдөө нутаг юм. Жирийн нэгэн малчин айлын өдөр тутмын аж амьдрал нь өөрөө аялал жуулчлалын салбарын сонирхолтой бүтээгдэхүүн болж байна. Түүний тод жишээ нь Шилийнхотын баруун урьд 16 км зайд байрлах Дөл жуулчны бааз билээ.

Шилийнхотын Булган сумын Шартал багийн малчин Х.Цэцэнгоо хотоос ойр, зам тээврийн нөхцөл сайн, үзэсгэлэнт байгальтай нутгийнхаа давуу талыг ашиглан зуслангийн нутаг дээрээ 2023 оноос дэд бүтэц болох хоёр давхар байшин, хоногийн, хоолны монгол гэрүүд, гар урлалын үзэсгэлэн зэргийг байгуулан 2025 оны 7-р сард жуулчны газраа ажиллуулж эхэлсэн байна.

- Өмнө нь 200 гаруй үхэртэй байсан, бэлчээр усаа тордох, хөдөлмөр хүч хүрэлцэхгүй зэрэг талаасаа ах эгч бид гурав ярьж байгаад малынхаа тоо толгойг цөөлж, 100 гаруй хонь л үлдээгээд бусдыг нь бүрийг худалдаж, Дөл жуулчны баазыг байгуулсан гэж маргаашийн хуримын захиалгын бэлтгэл ажилд яарах Х.Цэцэнгоо бидэнд ярив.

Тийм олон малаа цөөлчихөөд зуны нэг хоёр сарын богино хугацааны жуулчны баазаас яаж өндөр ашиг орлого олдог бол оо гэж бодож суутал, Х.Цэцэнгоо бидэнд цай нэмж өгөөд:

- Манайх үндэсний сууц арваад монгол гэрээрээ гадны зочдод үйлчилгээ үзүүлдэг. Ше Чэн зэрэг нийгмийн сүлжээ дээр захиалга авна. Зуны цагтаа хол ойрын олон газрын жуулчдыг хүлээн авч цэвэрхэн, тохь тухтай монгол гэртээ амраагаад, нутгийн брэнд хоол, бүтээгдэхүүн борлуулан, морь унах болон байгалийн аяллын үйлчилгээ үзүүлж, хурим найрын захиалга их. Бусад цагаар ч Шилийнхотын сургууль, байгууллага нэгжтэй хамтран олон төрлийн арга хэмжээ зохион байгуулаад жилийн дөрвөн улиралд маш завгүй өнгөрдөг гэж инээмсэглэн ярилаа.

 

 

Хурим найр хийхэд зориулагдсан хоёр давхрын төв байшингаас нь гараад, хажууд нь зэрэгцүүлэн байгуулсан хадны зурагтай байшин болох Дөл гар урлалын газар руу нь ороход зүүн талаараа эртний эдлэл, хуучны эд зүйлс дэлгээстэй, баруун талаасаа жуулчдад монгол дээл хувцас өмсүүлэх үйлчилгээгээ үзүүлэхэд зориулсан дээл хувцаснуудыг өлгөсөн харагдана. Дунд хэсэгт эсгий урлал, сувдан чимэглэл хийх эд материал болох хонины ноос, сувдыг олон өнгөөр оруулсан байна. Эднийх сургалтаар эсгий урлал хийх, зүүлт бугуйвч хэлхэх гээд хүүхэд томчууд өөрөө бие даан хийж бүтээх, нүүдэлчин амьдралыг сонирхох, үндэсний зан үйлтэй танилцах гээд олон төрлийн хөтөлбөртэй нүүдэл соёлын онцлог бүхий жуулчны бааз билээ. Энэ байшин нь Х.Цэцэнгоогийн малын хашаа байшин байжээ. Жуулчны баазаа анх тохижуулж эхлэх үед малын хашаа байшингаа өөрчлөн гар урлалын газар гэсэн чиглэлийг оруулсан байдаг нь их учиртай.

Х.Цэцэнгоо үдээс хойш бас нэг хонь гаргажээ. Маргааш хуримын захиалгатай болохоор хашаанд байгаа хониноосоо нэгийг татав. Зуу гаруй хониноосоо жилд бараг 20-30-аад хонь, 2-3 үхэр жуулчны бааздаа зарцуулна. Хаяа хавь ойрын айлаас хонь авдаг гэж байлаа.

- Бид өөрийн мал аж ахуйн бүтээгдэхүүнээ жуулчны бааздаа шууд өндөр үнээр нийлүүлэх нь нэгд хоолны цэсийг эрүүл, органик мал аж ахуйн бүтээгдэхүүнээр дагнан хангачихна. Нөгөө талдаа мэдээж малаа зах зээлд шууд нийлүүлснээс хэдэн дахин үнэ хүргэж чадна. Жишээ нь гэхэд хонио сайхан гаргавал нэг хонь 2000-3000 юань хүрнэ.

- Нэг хонио яаж 2000-3000 юань хүргэх вэ?

Х.Цэцэнгоо бидний асуултад хоолныхоо цэсийг барьж ирээд нарийн тооцоо хийж өглөө.

- Манайх чинь нэг ээлжиндээ монгол гэр болон байшиндаа нийт 100 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай. Нэг хониноос бид мах, толгой шийр, ноос, арьс нэхий гэсэн үндсэн ашиг шимийг хүртдэг. Дунджаар нэг хонины амьд жин 50 кг орчим байж, нядалгахад 20–23 кг мах, өөх гардаг. Хонины  толгой шийр өнгөрсөнд  зах зээлд 10-15 юань л хүрдэг, гэтэл  жуулчны бааздаа бид хонины шарсан толгой 108 юань, шийрийг олон төрөл, адил бус хэмжээгээр нь 78 юань, 88 юаниар, гүзээний салат 48 юань, хонины гэдэс цутгамал 108 юаниар гаргаж байна. Нэг хонины гэдэс багадаа 3-4 хэсэг гарах боломжтой гэж бод доо. Манай үнэ ханш нь хотын хоолны газрынхтай адил.

Жуулчны бааз болон мал аж ахуйг хослуулах нь малын ашиг шимийг шууд зах зээлд өндөр үнээр борлуулах, малчны орлогыг нэмэгдүүлэх гол гарц юм. Жуулчдад мах, цагаан идээг шууд нийлүүлж, гар урлал болон нүүдлийн соёлын үйлчилгээ үзүүлснээр нэмүү өртөг шингэсэн орлого олох бүрэн боломжтой.

Энэ нь Х.Цэцэнгоогийн малын тоогоор биш, ашиг шим, бүтээмжээр өрсөлдөх бизнесийн ухаан. Тэрээр зах зээлийн ухааныг олох гэж малчин ухаанаа шавхана.

Хонь гаргах, ширээ бэлтгэх, хоног тохируулах гээд Х.Цэцэнгоод ажил мундахгүй. Энэ бүх зүйлийг Х.Цэцэнгоо эгч, хавь ойрын саахалтынхан болон садан төрөл нь ирж эвлүүлдэг болохоор зуны долоон сард завгүй байдаг нь аргагүй. Жуулчин олон үед  туслах цагийн ажилтан авна.

Хонио нядалж дуусаад Х.Цэцэнгоо ус унд ойртуулан унасан малгай авах завгүй. Гэрийнхэн нь гэдэс цутгах, гурил нухах, мах чанах гээд бас л хэдэн зүгт бужигнана.

Дөл жуулчны бааз үүдээ нээж, өрхөө сөхсөн нэг жилийн хугацаанд 1000 гаруй зочныг хүлээн авч, 200 гаруй мянган юаний орлого олсон. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бизнест хүч сорих хүн олширч эхэлсэн ч Х.Цэцэнгоо өөрийн гэсэн бодолтой. Уламжлалт аж амьдрал нийгмийн өөрчлөлтийг дагаад явах тусам мартагдаж, нүүдлийн соёл иргэншил ч өөрчлөгдсөөр байгаа энэ үед тэднийд ирсэн хүн болгонд хөдөө нутгийн уугуул соёлын үнэр амтыг мэдрүүлэх, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх нь Х.Цэцэнгоогийн зорилго. Ирэх жилээс дижитал захиалга, маркетингийг эрчимжүүлж, илүү олон хүмүүст хүргэнэ гэж байлаа.

Хотоос жуулчид иржээ. Х.Цэцэнгоо шалавхан монгол гэрийнхээ хаяаг шууж, ирсэн зочдын гэрийг нь хуваарилан завгүй ажиллаж эхэллээ.

Дэргэд Шилийн гол нь Шар талаа ундлан урсана. Холын зүгт хүдэн манан хөнгөн цайвалзаж, Шилийнхот нарны доор сүндэрлэн харагдах нь жавхлантай. Энэ сүрлэг үзэмжийн дунд Дөл гэх жуулчны бааз хол ойрын зочноо угтаж үлдсээр завгүй.

Зохиогч: Нийтлэл: Хишигбаяр, Ц.Урантунгалаг, С.Урьхан, Н.Цовоо
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл