Тэрээр Хятадын музейд анх орж, анх удаагаа Хятадын хот хөдөөгөөр аялан өдөр тутмын амьдралтай нь биечлэн танилцаж байснаа одоо ч тод санадаг. Үнэндээ Хятадад хөл тавихаасаа өмнө энд байгаа бүх зүйлд татагдаж эхэлсэн байв.
Хүүхэд байхаасаа л Хятадыг сонирхдог байсан
Раусон 1943 онд Англид төрсөн. Найм, есөн настайдаа тэрээр эцэг эхийнхээ хамт Их Британийн музейд очиж, алдарт Розетта чулууг анх удаа харжээ. Энэхүү асар том хар чулуун дээр эртний Египетийн иероглиф, Египетийн демотик, эртний грек бичиг зэрэг 3 төрлийн бичээс сийлсэн байдаг. Раусон энэ тухай ярихдаа:
- Миний сонирхлыг маш их татсан. Тэр үед л дэлхий дээр хэрэглэдэггүй бичиг үсэг байдгийг мэдсэн гэлээ.
Багаасаа л Хятадыг сонирхож, Хятадын тухай мэдэх суралцах хүсэл эрмэлзэлтэй байсан Раусон Кембрижийн Их Сургуульд бакалаврт суралцахдаа түүхийн мэргэжлийг сонгосон байна. Оюутан ахуй цагаасаа материаллаг соёлоор дамжуулан эртний Хятадыг судлахад анхаарч эхэлжээ. Тухайн үед эртний Хятадыг судлах анхны гар материал төдийлөн байгаагүй бол Иорданы нэг удаагийн археологийн малтлага түүнд санамсаргүй их олз болсон байна. Энэхүү археологийн малтлага нь Раусоны сургуульд байхдаа оролцсон дадлага байв. Багийнхан хагас жил гаруй малтлага хийх явцдаа Хятадын Мин гүрний үеийн олон шаазан эдлэлийг олдворлов. Эдгээр шаазангууд яагаад Ойрхи Дорнодод ирсэн бэ? Мөн яаж ирсэн бэ? Эдгээр олон асуултууд Раусоныг дорно ба барууны соёлын холбоонд эрхгүй татагдахад хүргэсэн байна. Өнөөдрийг хүртэл эртний Хятад, Евроази болон бусад соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан үйлчлэлийг тайлбарлах нь Раусоны судалгааны гол сэдэв хэвээр байна.
Барууныханд Хятадыг танилцуулж эхэлсэн
Раусон Кембрижийн Их Сургуулийг төгсөөд 1967 онд Их Британийн музейд ажиллаж эхэлсэн бөгөөд 1987 оноос хойш тус музейн Дорно дахины хэлтсийн даргаар ажиллах болов. Их Британийн музей нь дэлхийн хамгийн том үндэсний музейн нэг бөгөөд Хятадын соёлын баялаг цуглуулгатай юм. Раусоны хэлснээр түүний хувьд Их Британийн музейд ажилласан 27 жил нь “маш чухал бөгөөд үр дүнтэй он жилүүд байсан”.
Их Британид хүмүүс өдөр тутмын амьдралдаа Хятадын соёл, эд зүйлстэй ойртох боломжтой. Жишээ нь дэлгүүрт байгаа хятад шаазан эдлэл хэрэгсэл гэх мэт. Харин Раусоны хувьд Их Британийн музейд ажилласнаар эртний Хятадаас ирсэн хаш чулуу, хүрэл эдлэлтэй ойрхон байж, нарийн ажиглах боломж олдсон юм.
- Их Британийн музей дэх миний анхны ажил бол агуулахад цуглуулсан Хятадын Шан, Жөү, Хань гүрний хаш чулуу, вааран эдлэлийг цэгцлэх явдал байсан. Олонх цуглуулгыг дахин цэгцлэх хэрэгтэй бөгөөд мөн олон хүрэл, хаш эдлэлийн огноог дахин тогтоох шаардлага гардаг. Энд Хятадаас ирсэн соёлын дурсгалуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан цуглуулгатай харьцуулан судлах боломжтой бөгөөд энэ нь миний мэдлэгийн хүрээг тэлсэн гэж Раусон ярилаа.
1970-аад онд Хятадад маш олон шинэ археологийн олдворуудыг илрүүлсэн бол үүнийг барууныхан огт мэдэхгүй байсан.
- Хятадын түүх болон сүүлийн үеийн судалгааны үр дүнгийн талаар илүү олон хүнд ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж л тэд Хятадыг чин сэтгэлээсээ сонирхож чадна гэж Раусон ярьж байлаа.
Хүмүүст бодит зүйлийг харах боломжийг олгох нь хамгийн дээд арга гэж үзсэн Раусон 1977 онд “Уран бүтээл дэх амьтадын дүр төрх”, 1984 онд “Хятадын гоёл чимэглэлийн хээ: Бадамлянхуа ба луу” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж байв. Хоёр үзэсгэлэн нь түүнд үнэтэй туршлага хуримтлуулсан.
Их Британийн музейн 33-р танхим нь Хятадын соёлын дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлдэг байнгын ажиллагаатай үзэсгэлэнгийн танхим бөгөөд тус музей дэх үндэстнээр төрөлжүүлсэн цөөн хэдхэн үзэсгэлэнгийн танхимуудын нэг юм. Хятадын соёлын үзэсгэлэнг зохион байгуулах, төлөвлөх нь Раусоны ажлын нэн тэргүүний зорилт байлаа.
1992 онд Их Британийн музейн Хятадын үзэсгэлэнгийн танхим анхны зочдоо хүлээн авчээ. Раусон тухайн өдөр Хятадын археологийн салбарын нэрт эрдэмтдийг тусгайлан урьж, энэ мөчийг хамтдаа харжээ. 2017 оны 11 дүгээр сарын 08-нд жилийн турш шинэчлэн төлөвлөсний дараа Хятадын үзэсгэлэнгийн танхим дахин олон нийтэд нээгдсэн бол энэ удаад Раусон мөн 20 гаруй жилийн өмнөх шиг Хятадын үзэсгэлэнгийн танхимын бэлтгэл ажилд гар бие оролцсон байна.
Раусон Хятадын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд мөн бусад музейтэй хамтран ажилладаг. 2005 онд тэрээр Их Британийн Хааны угсааны урлагийн академид болсон Хятадын Хааны ордон музейн соёлын дурсгалын үзэсгэлэнг зохион байгуулжээ. Энэхүү үзэсгэлэнд тавигдсан эд зүйлсийн 90 гаруй хувь нь Чин гүрний Энх-Амгалан, Найралт төв, Тэнгэр тэтгэгч хааны үеийн соёл урлагийн дурсгалт зүйлс байв.
- Бээжин дэх Хааны ордон музейн эдгээр үнэт цуглуулгаар ажиллах боломж олдсон нь миний хувьд ид шид аз буян байсан. Тус музейн хамт олонтой харилцахад таатай байсан. Тэд надад маш их дэмжлэг үзүүлж, мөн Хятадын Чин гүрний үеийн материаллаг соёлтой танилцахад маань их тусалсан хэмээн Раусон дурсан ярилаа.
Хоёр орны харилцан ойлголцлыг дэмжсээр ирсэн
Раусон 1970-аад онд Хятадад анх ирснээсээ хойш өнөөдрийг болтол олон арван удаа айлчилсан. Тэрээр Хятадын мэргэжил нэгт нөхдийнхөө хамт Ши-Ань, Ань-Ян зэрэг түүх соёлын дурсгалт газруудаар зочилж, Хөхмөрөний дунд, доод урсгалын сав газруудаас олдсон Шан, Жөү гүрний үеийн болон Өвөр Монголын хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн түүхэн дурсгалт зүйлүүдтэй танилцжээ.
Раусон 40 гаруй жилийн турш Хятадын археологийн чухал дурсгалт газруудаар олон ч удаа зочилсон байлаа. Тэрээр хэлэхдээ:
- Хятадын өөр өөр бүс нутгуудаар явж үзэх нь маш чухал. Учир нь газарзүйн байршил өөр өөр байдаг учраас намайг үргэлж гайхшируулдаг. Энэ бол музейгээс суралцах боломжгүй зүйлс юм. Археологи нь зөвхөн эд зүйлс төдий биш, мөн нутаг ус, хүн зонтой холбогдож байдаг гэлээ.
Раусон Хятадын түүхийг гүнзгий судлах тусам дорно ба барууны соёл хоорондын холбоог судлах, хүмүүсийг харилцан ойлголцуулах маш их хэрэгцээ шаардлага байгааг илүү ихээр ойлгосон. Энэ төрлийн ойлголт нь түүхэн дэх хэн нэгэн эзэн хааны нэр, аль нэгэн алдартай тулааны нэрийг мэдэх төдий биш харин соёлын зарим үндсэн элементүүдийг ойлгох явдал юм. Барууныхан Хятадын өргөн уудам, олон талт байдлын талаар маш бага мэдлэгтэй хэвээр байгаа гэж Раусон үздэг байна.
Раусон Оксфордын Их Сургуульд ажиллах хугацаандаа олон тооны хятад эрдэмтдийг Оксфордын Их Сургуульд эрдэм шинжилгээний солилцоонд оруулахад тус дэм болж байсан төдийгүй олон улсын эрдэмтдийг Хятадын соёлын талаар хамтарсан судалгаа явуулах ажлыг зохион байгуулж, Оксфордын Их Сургуульд орчин үеийн Хятадын судалгааны чиглэлээр ажиллах дөрвөн орон тоо, Хятадын археологийн хичээл заах нэг орон тоо нэмж, Оксфордын Их Сургуулийн Хятад судлалын төвийг байгуулахад дэмжлэг үзүүлжээ.
Тэрээр хэлэхдээ:
- Хятад судлалыг барууны эрдэм шинжилгээний хүрээнд өргөжүүлэхэд маш их цаг хугацаа шаардлагатай байна. Ирээдүйд олон хүн Хятадын урлаг соёлтой танилцан Хятадыг ойлгож, барууны ард түмний Хятадын соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэлээ.
Раусон намтартаа нэг удаа ийнхүү бичсэн байдаг. “Би Хятадын эртний соёл, археологийн судалгаанд энэ насаа зориулсан”.
Энэ үнэн үг байсан. Өдгөө 80 настай Раусон Хятадын соёл урлаг, археологийн салбарт эрч хүчтэй, идэвхтэй хэвээр байна. Саяхан тэрээр Германы Мюнхений Их Сургуульд очиж судалгаа хийжээ. Тус сургуулийн хэсэг багш, оюутнууд Хятад улсын тухай, ялангуяа Хятадын эртний сурвалж бичиг, археологийн судалгаа хийж байгаа юм байна. Түүний бичиж байгаа шинэ чулуун зэвсгийн үеэс Чин гүрний эхэн үе хүртэлх Хятадын тухай олон нийтэд зориулсан ном нь мөн дуусах дөхөж байгаа ба ирэх онд хэвлэгдэх төлөвтэй байна.
- Хятадын тухай сайн мэдэхгүй хүмүүс тус номыг минь уншиж, Хятадын түүхийг ойлгон, Хятадыг сонирхож эхэлнэ гэдэгт итгэж байна” хэмээн Раусон ярилаа.
