solongonews
Тулга
2017-08-31 11:30
Хүн төрөлхтөн галыг эхэлж хэрэглэснээс соёл иргэншлийн цаг үе эхлэв.

Тулгын гурван чулуугаа чандманьлан тавьж, таван хошуу малынхаа аргал хомоолоор гал түлж хоол цайгаа хийж дулаацаж байсан эсгий туургатан хэдэн зуун жилийн турш эрүүл бие саруул ухаантай явж иржээ.

Гал тахилга бол монголчуудын эрт үеэс уламжлагдаж ирсэн зан үйл юм. Жил бүрийн хөхөө сарын хорин гуравны өдөр хөдөө нутгаар гал дахих уламжлалт ёс заншлаараа галаа тахидаг ёс бий. Ажил алба зэрэг шалтгаанаас болж нэг хэсэг хотын монголчууд ар гэртээ харьж галаа тахиж чадахгүй, асар тагтад гал тулга асааж чадахгүй болсноор сүүлийн жилд зохион байгуулагдаж байгаа хамтарсан гал тахилгын ёслолд оролцон, аав ээжийнхээ эрүүл мэнд, нутаг усны өег тансаг, мал сүргийн өнөр өсөлт, ажил үйлсийн амжилтыг галын бурхандаа хүсэн даатгадаг болсон. Одоогийн хамтарсан гал тахилгын ёс үйл өрнөн хөгжиж, хотын монголчуудын гал тахилгын зан үйлээ уламжилж залгамжлах нэг хэлбэр болсноор барахгүй найр цэнгүүний шинжтэй болж, уянгат дуугаа дуулж уран бүжгээ нахилзуулан, хамтдаа найрлаж шинэлэх ёс болж улиран хөгжсөн байна.

Бүх төрлийн найр наадамд ч гал тахилгын ёслолоор хөшгөө нээж, хүн зоны сэтгэлийн түшиг болсон гал голомтоо бадрааж, нутаг усаа дээдэлж, мал сүргийн өнөр өсөхийг бэлэгшээдэг.

Хангинчууд жил бүрийн Ордос тооллын таван сарын арван нэгний өдөр ингэн галын тахилгын үйл ажиллагаа явуулж, ботго тормоо хүнд үзүүлэхгүйгээр элс манх баларт бэлчээрлүүлж байгаад энэ өдрөөс хойш малчиддаа үзүүлдэг заншилтай. Ингэн галын тахилгын хотын зэрэглэлийн бодисын бус соёлын өвийн уламжлагч Мэчигдорж, Чулуу нар өтгөрүүлсэн өвчүүгээ чимэн тулгандаа залж, галаа хөгжөөгөөд буур, ингэ, атаа хөтлөн галаа зөв гурав тойруулан эргүүлэхийн хамт цагаан өвгөн сан уншиж, тэмээдээ ерөөх, буураа зогдорлох, тайлгаа боох зэрэг зан үйлийг явуулдаг билээ.

“Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдгээр эр өсвөл гал голомтоо залгаж бэр буулган гэрийн эзэн тулгуур болж, эмэгтэй хүн үсээ хагалж харьд мордон тулга тогоогоо асаах жамаар монголчуудын ураг хуримын ёс заншилд үлэмж өөрчлөлт гарав.

50-иад оны эмэгтэйчүүд аав ээжийн “толгой дарсан ураг хурим”-ын ёсыг дагаж, өөрийн эрх мэдэлгүйгээр хуримладаг байсан бол, дөчөөд оны эмэгтэйчүүдийн дотор зуучаар дамжин сайн дурын ураг хурим хийсэн байжээ. Ялангуяа 80, 90-ээд он, шинэ зууны үе ирээд өөрийн сонголтоороо ураг хуримаа эзэн мэдэж, сүүлийн жилээс уламжлалт хуримын ёс шинэчлэгдэн хэлбэр маяг, ёс зан нь өөрчлөгдөн, зугаалж аялж хурим хийх, ресторанд хурим хийх зэрэг ч дэлгэрчээ. “Тоонот гэрт толгой холбож, тогоотой шөлөнд хошуу холбодог” галбир залуу ганган бүсгүй хоёр хот газар хуримын ёслолоо хийхдээ ч тулгын галаа хөгжөөж, галын бурхандаа мөргөж, хотын зайд нэгэн монгол гэр бүл мэндэлдэг.

Гал эзэн сахиустай, харанхуйг гэгээрүүлж, хатууг зөөлрүүлэн, ач буян ариун хишиг хүртээдэг гэдэг. Араатан амьтныг өлдөж өл хоол залгуулдаг түүдэг гал, нүүдэл соёлын им тэмдэг болсон тулгын гал нь одоо цагт галт бамбар болон асаж, олимпийн соёлыг хөгжүүлэн дэлгэрүүлж байна.

2008 оны Бээжингийн зуны олимпийн галт бамбар Өвөр Монголын сүүний хот (Хөххот), болдын хот (Бугат), ноолуурын хот (Ордос), аялал жуулчлалын хот (Улаанхад)-оор буухиа дамжигдаж, олимпийн үзэл санааг уламжлан, ард түмний бие махбодыг чийрэгжүүлэн спортын тэмцээн уралдаанд оролцох бэлгэдэл болов. 2015 оны Хятадын үндэстний цөөнхийн Х удаагийн спортын наадмын талбай дахь галт бамбар дамжуулах ёслол Ордос хотод болж, өлзийт амьтан “ажнай” галт бамбараар голомт галыг ноцоож, монгол үндэстний төлөөлөгч Бүрэнжаргал хоёрдугаар галт бамбарыг дамжуулжээ.

Тулгын гал асааж байснаасаа зуух шатаах болж, аргал хомоолоор түлш болгож байснаасаа нүүрс түлэх болсон, одоо харин тэр бүхэн цахилгаан буюу хийгээр орлогдлоо. Хөгжил гэж энэ буюу.

Тулгын галаа манаж амьдралаа тулж буцалгасан Өвөр Монголчуудын ирэх маргааш гал шиг бадран хөгжих болтугай. Хурай, хурай, хурай.

Зохиогч: Соёлт
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл