solongonews
” Их аян өргөө ” олон улсын аялал жуулчлалын компанийн захирал Боржигон Наянтай
2016-10-13 17:04
Ажил үйлсийнхээ амжилтын гарааг үргэлжлүүлэн хичээн ажиллаж яваа бизнес эрхлэгч залуу Наянтай. Тэрээр ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин Баруун Гаран Дундад хошууны Баянманх сумын Сувдтай багийн уугуул. Аялал жуулчлалын “Их Аян Өргөө” компанийн захирал Боржигон овогтой Наянтайтай уулзаж ярилцлаа.

-Таны нэрийг Хятад дуудлагаар На Ин Цай гэхээр сонирхолтой санагдлаа. Утгыг нь бидэнд тайлбарлаж болох уу?

-Mиний нэрийг Наянтай гэдэг. Ин Цай гэдэг нь Хятадаар эрэлхэг, баатарлаг, авъяаслаг  гэсэн утгатай. Уг үнэндээ Наянтай гэдэг бол Монгол нэр. Би 1975 онд ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин Баруун Гаран Дундад хошууны Баянманх сумын Сувдтай багт төрсөн. Тухайн жил өвөөгийн минь 80 насны ой тохиосон учир ийм нэр хайрсан гэдэг.

Нутаг усныхаа нэрээр бахархаж яваа хүн л дээ би. Сумын сургуульд явахдаа эрдэнэшишийн боорцгоор өдрийн хоолоо хийж, цүнхлээд л явдаг байсан үе нэг л жаргалтай санагдах юм. Аав ээжээс ах, дүү наймуулаа. Би айлын тав дахь хүүхэд. 1996 онд Бээжингийн Үндэстэний Их сургуулийг монгол хэл, утга зохиолын мэргэжлээр дүүргэсэн.

-Монгол хэл, утга зохиолын мэргэжил аялал жуулчлалын салбартай нэг их холбоогүй байх. Яагаад аялал жуулчлалын компани байгуулах болсон  тухайгаа яриач..?

-Би шүлэг зохиол бичих дуртай. Оюутан байхдаа Өвөр Монголын сонин сэтгүүлүүдэд хориод шүлэг нийтлүүлж байлаа. Аялал жуулчлалын салбарын хувьд нэг их сонирхдоггүй байсан. 2001 онд би Бээжинд Хуа Түн Шинь гээд  зочид буудал ажиллуулдаг байсан юм. Эрээн хотоос Бээжинд ирсэн  Монголчууд байнга манай буудлаар үйлчлүүлж байсан. Яг тэр үеэс би Монголчуудтай харьцах болсон. 2006 онд долоо хоногийн аяллаар Монголд анх удаагаа ирсэн юм.

Тэр үед компани байгуулах санаа байгаагүй. 2009 оны тавдугаар сард “Их Аян Өргөө” аялал жуулчлалын компаниа албан ёсоор  байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн дээ. Компани байгуулж байх үед голдуу монголчуудыг гадагшаа өөр орон руу аялуулах үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байсан бол сүүлийн үед гадны улс орны жуулчдад үйлчилгээ үзүүлэх нь их болсон.

-Монголд компани байгуулахад хүндрэлтэй  асуудлууд тулгарч байв уу?

-Мэдээж хүндрэлтэй асуудал их байсан. Компани байгуулсан эхэн үед бүх зүйлийг ганцаараа зохицуулна. Мөнгө төгрөгийн асуудал гээд олон хүндрэл тохиолдож байсан. “Санаж явбал бүтнэ,сажилж явбал хүрнэ” гэдэг дээ.  Үнэн л юм байна. Одоо тэр цаг үеэ эргэн дурсахад сэтгэл дүүрэн байдаг.

-Таны компани хэдэн ажилтантай вэ? Ажлынхаа талаар арай дэлгэнэгүй хариулж болох уу?

-Манай компани одоогоор арваад ажилтантай. Хөтөчийн хувьд байнга ажилладаг Хятад хэл, Англи хэлний арваад ажилтан бий. Зарим тохиолдолд гадаад хэлтэй оюутанг нэмж ажилд авдаг. Тодорхой хэмжээний сургалтад хамруулаад ажилд авна. ОХУ-ын Эрхүү хот, Улаанбаатар хот болон Бээжинд салбараа байгуулсан. Аялал жуучлалын үйл ажиллагаа жилийн 5-9 сард илүүтэй идэвхиждэг. Чөлөөт аялал, групп аялал гэж хоёр ангилна.

Чөлөөт аялал нь аялалын маршрут,  цаг хугацаа болон  хөтөлбөрт баригдалгүй, чөлөөтэй аялахыг хэлдэг бол групп аялал нь товлосон хугацаа болон боловсруулсан хөтөлбөрийн дагуу захиалга дээр үндэслэж 12-оос дээш хүний бүрэлдэхүүнтэй аяллыг хэлнэ. Манай компани Шанхай, Хай Көү, Саняа, Тянь Жинь, Гуан Жөү, Далянь, Чин Дао зэрэг хотын гэрээт буудлуудтай хамтран ажилладаг.

-Танай компаний лого их анхаарал татлаа. Их өвөрмөц сэтгэсэн байна. Та өөрөө бодож хийсэн үү?

-Урьд нь өөр логотой байсан юм. Энэ логог би өөрөө зурсан. Дээд талд нь хөгжин бадрахыг бэлгэдэж гал, үүрд гэрэлтэж байхаар бэлгэдэж нар, сарыг дүрслэсэн. Монголчууд эрт дэр үеэсээ эх байгалиа шүтэж ирсэн. Гурван ширхэг үнэт чулуу нь буддын шашины гурван хувилгааны нүд, тэр нь өнгөрсөн, одоо, ирээдүйг төлөөлнө. Арга билэг нь эв найрамдалтай оршихыг төлөөлнө. Хоёр талын гурван шулуун зураас нь хурдыг төлөөлнө. Мөн Монгол гэрийн хэлбэр нь Монгол орон болон Монгол хүнийг төлөөлнө. Хамгийн доод талын зураас нь газар дэлхийг төлөөлнө. Бүхэлдээ “Их аян” цаг үетэй алхаа нийлүүлэн, бадран хөгжиж дэлхийн олон орноор тухтай аялах санаа агуулж байгаа. Энэхүү логогоороо би бахархаж явдаг.

-Аялал жуучлалын салбарын гол анхаарах зүйл бол үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ. Аяллын дунд янз бүрийн асуудал гардаг л байх..?

Манай компаниар үйлчлүүлэхээр ирсэн даруйд нь аюулгүй байдлын зааварчилгааг нэг бүрчлэн танилцуулдаг. Тэгсэн хэдий ч аяллын явцад эд зүйлээ алдах, бие нь өвдөх зэрэг янз бүрийн асуудал гардаг. Бидний зүгээс эд зүйлсээ алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандан аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэхийг хичээнэ. Мөн түргэн тусламжийн баг болон эм бэлдмэлүүдийг байнга авч явдаг тул аялагчдын бие өвдөх тохиолдолд хэрэглэдэг.

-Энэ оны байдлаар танай компаниар хэр олон жуулчин үйлчлүүлсэн бэ? Хийхээр төлөвлөсөн өөр ажил бий юү?
-Энэ онд ойролцоогоор 12000 жуулчин үйлчлүүлсэн. Аялал жуулчлалын компаниуд дотроо боломжийн үйлчлүүлэгчидтэйд тооцогдох байх. Энэ оны арваннэгдүгээр сард Шанхайд болох Олон Улсын аялал жуучлалын үзэсгэлэн худалдаанд оролцохоор бэлдэж байгаа. Хятадын Шанхай, Жэ Жянь, Жянь Су зэрэг олон аялал жуучлалын компаниуд оролцдог учраас хамтран ажиллах, цар хүрээгээ тэлэх өргөн боломж олдоно гэдэгт итгэж байна.

-Таныг Монгол бүсгүйтэй гэр бүл болсон гэж сонссон. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Гэргийг маань туул гэдэг, сувилагч мэргэжилтэй. Бид анх 2001 онд Бээжинд танилцсан. Америк явах визээ хүлээн манай буудлаар үйлчлүүлсэн юм. Тэр үед миний бие өвдөөд надад эм тариа хийж өгч их тус болсон. Дөлгөөхөн, даруу, тусархаг зан нь миний сэтгэлийг татсан гэх үү дээ. Бид ингэж л анх танилцсан. Одоо бид хамтдаа компаниа ажлуулж байна. Тэр маань захирлаар ажилладаг. Биэ биендээ урам өгч, дэмжиж явдаг болохоор би ханиараа бахархдаг. Одоо бид хүүгийн хамт жаргалтай амьдарч байна. Өөрийн хувьд зол жаргалт гэр бүл, ая тухтай амьдралын орчин нь ажил үйлс урагшаа ахихад сэтгэлийн тамир болно хэмээн ойлгодог.

-Сургуулиа төгсөөд ямар нэг ажил төрөл эрхлэхийг бодож яваа дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

-Одоогийн залуус өөр өөрийн үзэл бодол, өвөрмөц сэтгэцтэй болсон. Өөрийн гэсэн ажил төрөл эрхлэхийг эрмэлзэх нь зөв. Ямар ч ажлыг хийхэд эхлээд бусдаас туршлага хуримтуулах нь чухал. Янз бүрийн хүндрэл тулгарахад өөртөө итгэх хэрэгтэй.

-Компанийнхаа цар хүрээг цаашдаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?

Олон улсын аялал жуулчлалын стандартыг хангаж, чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Энэ онд Бээжингийн “Хай Тао олон Улсын аялал жуучлалын ХХК” хамтран ажиллах гэрээ хийж ирэх онд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү аялалын маршрут нь БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын хооронд аялна. Энэхүү гэрээг байгуулснаар манай үйл ажиллагааны чиглэл олон төрөлтэй болох юм.

2014 онд нээсэн автогрупп аялал олон аялагчдын сэтгэлд хүрсэн. Аялан жуулчлахыг хүссэн олон хүн бидний энэхүү үйлчилгээнд хамагдах болсон. Одоогийн байдлаар зун намрын улирлын аялагчид дийлэнх хувийг эзэлж байна. Миний бодлоор өвлийн улиралд Монгол орон мөс цасны үзэмжээрээ сэтгэл татам сайхан. Энэ нь дулаан орны аялагчдын сонирхолыг татах бас нэгэн давуу тал учраас энэ тал дээр илүү анхаарал хандуулж үйлчилгээ үзүүлэхийг хичээж байна.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Танд болон танай гэр бүлд ажлын өндөр амжилт, айл гэрийн аз жаргалыг хүсье!

Ярилцсан: Б.ХҮҮДҮҮТ

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл