
Энэ сарын 24-ны өдөр Шиньжяны Хорио цээрийн газраас мэдээлснээр, Монгол Улсаас импортолсон 16 тонн хонины хөлдүү ястай мах Шиньжяны Хами бүс нутгийн Лао Е Мяо боомтод тээвэрлэгдэн иржээ. Энэ нь 20 гаруй жилийн хугацаанд анх удаагаа Шиньжяны боомтоор мах импортоор орж ирж байгаа бөгөөд Хятад улс нь анх удаагаа Монгол Улсаас хөлдүү түүхий хонины мах импортолж байгаа аж.
Одоогийн байдлаар импортолж буй аж ахуйн нэгж гаалиар нэвтрүүлэх бичиг баримтаа бүрдүүлж байгаа аж. Тогтоолоор бол импортолж буй аж ахуйн нэгж холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, боомтын Хорио цээрийн газарт шалгуулснаар Гаалийн газарт бүртгүүлж, гаалиар нэвтрэх зөвшөөрлийн бичгийг авснаар хуулиар зөвшөөрөгдөнө.
2015 оны 10 дугаар сард БНХАУ-ын Хорио цээр, хяналт шалгалтын ерөнхий газраас Монгол Улсын үхэр хонины махны бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын системд үнэлгээ судалгаа хийсэн. Мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг баруун бүсийн 5 аймгийн үхэр хонины махыг Хятад улс импортлохоор болсон. Хөршилж буй Монгол Улсын аймгуудын үхэр хонины махны хоригийг цуцалснаар Хятад улсын Хорио цээр, хяналт шалгалтын ерөнхий газраас түр хугацаанд Шиньжяны Лао Е Мяо боомтоор Монгол Улсын дээрх аймгуудын хонь, үхрийн махыг импортлохыг хүлээн зөвшөөрсөн байна. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хятад улсын Хорио цээр, хяналт шалгалтын ерөнхий газар болон Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хооронд Монголын хонь үхрийн махыг Хятад руу импортлох протоколд гарын үсэг зурсан байна.
Энэ удаагийн хонины мах импортолсон аж ахуйн нэгж нь Далянь Люжөү олон улсын худалдааны ХК болно. Тус компанийн ажилтан Сүн Гүйжүнь хэлэхдээ: - Энэ хэсэг хонины махыг дотоодын дунд хойд болон зүүн хойд бүс нутгаар борлуулна. Монгол Улсын хонины махны чанар сайн, улсын дотоодод борлуулахад чанар болон үнээрээ давуу талтай байдаг гэжээ.
Импортлох махны стандартчилагдсан хяналт шалгалтыг үр дүнтэй болгохын тулд Шиньжяны боомтын Хорио цээрийн газар нь 2015 онд далайн эрэг дагуух боомт руу хүн томилон, махны импортын хяналтын туршлага судлуулсан байна. Тодорхой зохицуулалтын ажлыг сайн хийхийн тулд Хами боомт нь Монголын махны хяналт шалгалтын туршилтын журам болон холбогдох системийг боловсруулсан байна.
Хятадын Шиньжян нь Монгол Улсын баруун бүс нутагтай 1000 гаруй км хилийн шугамаар хиллэж, газарзүйн байршлын давуу тал, байгалийн нөөц баялаг ихтэй байдлыг түшиглэх боломжтой боловч Монгол Улсын баруун бүс нутгийн дэд бүтэц хоцрогдмол, зам тээврийн нөхцөл муу зэрэг байдал нь хоёр орны хоорондын худалдааг хязгаарласаар байв.
Лао Е Мяо боомт нь Монгол Улсын баруун бүс нутгийн төв хэсэгт байрлах Монгол Улсын Говь-Алтай аймгийн Бургастай боомттой 68 км-ийн зайд байрладаг бөгөөд уг боомт нь Монгол Улсын байгалийн нөөц, эрчим хүчний хангамжийн чухал логистик платформ болон гол суваг болж байдаг. Махны импорт нь олон жилийн турш ашигт малтмалын бүтээгдэхүүний импортоор голлож байсан Laoyemiao боомтод шинэ төрлийн худалдааны төрлийг нээж, Хятад, Монгол хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг түлхүү ахиулж, Хятад, Монгол хоёр орон хамтран “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг бүтээн байгуулахад шинэ агуулгыг нэмсэн байна.
