Хятад болон бусад орнуудын соёлын солилцоо гүнзгийрэхийн зэрэгцээ гадаад найзууд Хятадын түүх соёлын тухай илүү үнэн бодитой ойлголттой болсон төдийгүй, иргэд хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлсэн юм.
Хятадын соёлын багтаамжтай, нээлттэй, бүтээлч байдлыг олж харлаа
Барселона хот энэ жил долоо дахь удаагийн Хятадын уламжлалт цагаан сарыг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Хятадад ажиллаж байсан сурвалжлагч асан, өдгөө Испаний Барселона телевизийн захирал Серж Винсент гэр бүл, найз нөхдийнхөө хамт онлайн арга хэмжээнд оролцсон юм.
- Эдийн засаг, улс төрийн харилцаанаас гадна, Испани болон Хятад хоорондын соёлын солилцоо улам бүр нэмэгдсээр. Сүүлийн жилүүдэд олон испаничууд хятад соёлтой ойртож эхэлсэн.
Винсент 20 жилийн өмнө Хятадад ажиллах шаардлагаар Барселона хотод хятад хэл сурч байсан билээ.
- Тэр үед хятад хэлний сургалтын төв тун цөөн байсан. Манай анги дөрөвхөн л сурагчтай байлаа. Өнөөдөр Испани улсад олон хятад хэлний сургалтын төв байгуулагдсан байна. Маш олон эцэг эхүүд хүүхдүүдээ хятад хэлтэй болгох гэж сургаж байна Винсент танилцууллаа.
- Хятад улс олон орнуудад нээлттэй болсноор хүмүүс Хятадын соёлын багтаамжтай, нээлттэй, бүтээлч байдлыг олж харах болсон. Соёлын солилцооны үйл ажиллагаа нэмэгдэж, хүмүүс харилцан ойлголцож, бие биенээ улам илүү хүндэтгэх боллоо. Үүний хамгийн сайн гэрч бол “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж байгаа юм гэж хэлмээр байна. Зам дагуух бүс нутгуудын соёлын солилцоо бэхжин сайжирснаар соёлын хөгжил, иргэдийн найрсаг харилцааг хөгжүүлэн бэхжүүлсэн гэж Винсент өөрийн бодол саналаа хуваалцсан юм.
Барселона хотын иргэдэд Хятадын тухай болон хятад соёлын тухай ойлголт өгөх зорилгоор Барселона болон Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж, “Тhis is China”, “Oriental Splendor” зэрэг Хятадын аялал жуучлал, уламжлалт соёлын тухай агуулга бүхий программыг Барселона хотын иргэдэд танилцуулсан байна. Винсент:
- Би Хятадын олон бүс нутгаар аялж явсан. Удаа болгон Хятадын хөгжлийн хурд, өөрчлөлт хувиралтыг гайхан биширдэг. Үүний дунд Хятадын иргэд, ялангуяа залуучууд өөрийн уламжлалт соёлоороо омогшиж явдаг бөгөөд соёлоо өвлөн уламжлахыг хүндэтгэж байгааг хараад улам бүр биширдэг гэж ярьсан юм.
Манай сурагчид хятад хэл сурах маш дуртай
Сүүлийн жилүүдэд Хятадын кино, телевизийн бүтээл, дуу бүжгийн тоглолт, үдшлэг зэргийг Египет болон Арабын бусад орнуудад үргэлж олж харах болсон. Зарим зөвлөх вэбсайтууд хятад хөтөлбөрүүдийг санал болгох үүднээс кино үзэх гарын авлага, драмын түүхийн тойм зэргийг хүмүүст сурталчлах болсон байна.
- Арабын бүс нутгуудад байгаа улс орнууд Хятадын тухай ойлгохыг хүсдэг. Эдгээр Хятадын шуо буюу кино, телевизийн бүтээлүүд бидний Хятадын тухай ойлголт авах гол арга зам болсон. Хятад дууны тэмцээн, хятад хоол хийх тэмцээн, хятад тулааны урлагийн тэмцээн гэх зэрэг нь Египетэд өргөн нөлөөтэй байгааг хэлэх ёстой. Манай сурагчид ч үүний нөлөөг хүртэж хятад хэл сурах маш дуртай. Мөн Египетийн таяган бүжиг энэ жил Хятадын төв радио телевизийн цагаан сарын үдшлэгт тоглосныг би анзаарсан. Иймэрхүү соёлын солилцоо маш гайхамшигтай гэж хятад соёлд хорхойтой сурагч Лахда хэлж байлаа.
Египетийн үндэсний телевизийн хоёр дахь суваг нь хятадын олон ангит маш олон киног араб хэлээр цацсан. Рейтинг нь тухайн сувгийн үндсэн цагийн дундаж түвшингээс хавьгүй өндөр гарчээ.
- Өндөр түвшний бүтээл нь Египетийн мэргэжлийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, амьдралд ойрхон хүүрнэл нь Египетийн үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан байна гэж Египетийн кино, телевизийн продюсер, олон жилийн турш Хятадын телевизийн жүжиг, нэвтрүүлгийн орчуулга, сурталчилгааны ажлыг эрхэлж ирсэн Ашраф танилцуулсан юм. Мөн тэрээр тус компаний Египетийн үзэгчдэд хийсэн статистик мэдээллээс үзэхэд Хятадын орчин үеийн нийгмийн амьдралыг тусгасан гэр бүлийн нийгмийн ёс суртахуунтай жүжиг нь орон нутгийн иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа юм. Египет болон Хятад улсын гэр бүлээ хүндэтгэх, уламжлалт соёлоо эрхэмлэх ойролцоо соёл уламжлалтай холбоотой нь үүний нэг шалтгаан. Үүнээс гадна, Хятадын өөрчлөлт нээлтээс хойш дэлхийд нэр хүндтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтад хүрсэн. Эгипетийн ард түмэн мөн телевиз буюу жүжгээс Хятадын хөгжлийг мэдэж, Хятадын хөгжлийн туршлагыг судлах болсонтой нягт холбоотой гэж ярьлаа.
Тунисын Үндэсний телевизийн захирал Дахш:
- “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах нь бүс дагуух улс орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжид эерэгээр нөлөөлсөн төдийгүй, соёлын солилцоог бэхжүүлэн хөгжүүлсэн байна. Арабын радио телевизийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сулейман:
- Хятад улс сүүлийн жилүүдэд Арабын орнуудын хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах чухал түнш болжээ гэж хэллээ.
Хятадын уламжлалт соёл урлагийн баялгийг төсөөлөхийн аргагүй
2020 онд Мальта дахь Гэгээн Маргаретийн дунд сургууль "China corner" байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэсэн байна. Тус сургууль нь цайны урлаг, шаазан эдлэл, лакан эдлэл, Юньжинь зэрэг Хятадын төрөл бүрийн соёл урлагийн үзэсгэлэн болон судалгааны арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар сурагчдын анхаарлыг татсан юм.
- Цаасан шүхэр, шаазан эдлэл, модон сийлбэр гээд Хятадын уламжлалт соёл урлагийн баялгийг төсөөлөхийн аргагүй. Эдгээр арга хэмжээнүүдээс би газар зүйн байрлалаар хол байгаа Хятадын тухай, Хятадын уламжлалт соёлын тухай сайн ойлголт авсан. Иймэрхүү арга хэмжээг илүү зохион байгуулахыг хүсэж байна гэж сурагч Каролин Томас өөрийн санал бодлоо хуваалцлаа.
Мартин Азупади бол Гэгээн Маргаретийн дунд сургуулийн багш. Тэрээр:
- Мальта дахь Хятадын Соёлын төвийн дэмжлэгээр би энэ удаагийн гол сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан. Манай сурагчид ч маш сонирхолтой байгаа. Хятадын соёл хүмүүст таалагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн. Сурагчид маань хятад соёлыг сурч судлах маш дуртай гэж сонирхууллаа.
Хятадын Соёлын төвийн дарга Ян Шаолүн:
- Бидний зохион байгуулсан цуврал соёлын үйл ажиллагаанд Мальта улсын олон мэргэжилтэн судлаачид болон уран бүтээлчид оролцох болсон. Тэд дахин Хятадын тухай түүх, соёлын тухай агуулгыг бусдад танилцуулдаг гэж хэллээ.
Мальтагийн урлагийн зөвлөлийн гүйцэтгэх дарга, нэрт яруу найрагч Альберт Маршалл бол тус улсын соёл, урлагийн салбарын төлөөлөгч юм. Сүүлийн жилүүдэд тэрээр хятад соёлд маш их хорхойтой болсон төдийгүй, өнгөрсөн жил “Six Chinese Lanterns” нэртэй яруу найргийн түүвэр хэвлүүлж, Хятад, Европын утга зохиолын наадамд оролцсон байна. Альберт Маршалл:
- Мальта болон Хятад улс бол уламжлалт гүнзгий найрамдал, соёлын нягт солилцоотой. Мальтагийн иргэд хятад уламжлалт анагаах ухаан, хятад хоол, тулааны урлаг зэрэг хятад соёлыг маш их таалдаг. Мальта дахь Хятадын Соёлын төвийн зохион байгуулдаг бүх арга хэмжээнүүдэд Мальтагийн иргэд ч идэвхтэй оролцоотой. Хятадын соёлын үзэл баримтлал, агуулга нь Мальта дахь орон нутгийн олон соёлт солилцоог баяжуулахаас гадна, Мальтагийн олон улсын соёлын уур амьсгалыг бий болгоход ч хувь нэмэр оруулсан байна гэж ярьсан юм.
