solongonews
Залуу хосын хэл соёлоо гэсэн сэтгэл зүтгэл
2019-06-17 16:23
Шонхор бол Бээжинд төрж өссөн монгол залуу. Эх хэлээрээ сурч чадаагүй нь түүний нэгэн харамсал, аавынхаа амьд сэрүүн байхдаа бичиж орчуулсан ном зохиолыг нь уншиж чадахгүй нь түүний бас нэгэн харамсал болсоор иржээ.

Сайхан монгол бүсгүйтэй уулзан ханилж, үрийн зулай үнэрлэхдээ өөрийн хүүхдэдээ харамсал бүү үлдээе хэмээн тэд Японоос Хөххот буцаж, Хөххотоос Шилийнхотыг зорилоо ...
                 Эх хэлээ гэсэн сэтгэл
    Шонхорын аав Чимэд гуай бол Түнляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны хүн. 1964 онд Өвөр Монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас төгсөж, Төвийн үндэстний хэвлэлийн хорооны монгол найруулах тасагт хуваагдан ажилласнаар тэднийх Бээжинд амьдрах болсон байна. Тухайн үед Бээжинд монгол сургуулийг бүү хэл, монгол хүн ч өдрийн од шиг байсан болохоор Шонхор арга буюу хятад сургуульд орж  эрдэм номын их аянд гарсан байна.
Шонхор хэдий эх хэлээрээ урсам сайхан ярьж чадахгүй ч түүний сэтгэлд монголоо гэсэн сэтгэл дандаа дүрэлзэж байдаг. Монголчуудтайгаа танилцаж найзалж, монгол охинтой гэр бүл байгуулна гэж бодож явдаг тэрээр 2002 онд Япон улсад магистрт суралцаж байхдаа заяаны хань болох  Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошуу нутагтай ухаалаг сайхан монгол бүсгүй  Цэцэнхуартайгаа уулзан учирч, танилцан үерхэж 2010 онд хуримаа хийж, 2012 онд үрийн зулай үнэрлэсэн юм.


    Ингээд Япон улсад ажиллаж амьдарч байсан хосууд хүү Энхмэндээ ямар хэлээр хэлд оруулах, ямар боловсрол хүртээх нь тэргүүнд бодолхийлох асуудал болсон бөгөөд том сонголт болов. Өндөр зэрэглэлийн боловсрол хүртсэн, Японд 12 жил ажиллаж суралцсан, Японд нутагших эрх олсон хосууд Японд амьдрах буюу Бээжиндээ буцах, эсвэл аль нэгэн том хотод өндөр цалинтай ажлыг сонгон хийх зэрэг сонголтууд байсан боловч хүүгээ эх хэлээр нь хэлд оруулах, хүүдээ эх хэлний орчин бүрдүүлж өгөхийн төлөө 2014 онд өчүүхэн  ч эргэлзэлгүйгээр Япон дахь ажил амьдралаа орхиод Хөххотыг зорив. Хөххотод хоёр жил амьдарсны дараа Шилийнхот бол хүүхдийн монгол хэл соёлоо сурахад илүү ашигтай орчин гэдгийг ойлгосон тэд 2015 онд  Хөххотоос Шилийнхотыг зорьжээ. Ингээд хүүгээ Шилийнхотын Монгол хүүхдийн цэцэрлэгт оруулж, монгол найз нартай нь тоглуулаад дөрвөн жилийн нүүр үзэхэд хүү нь төрөлх монгол хэлээрээ урсам сайхан ярьж чаддаг монгол хүү болсон байлаа. Энэ бүхнийг харж суухдаа Шонхор Цэцэнхуар хоёул зөв сонголт хийсэн гэдгээ эрхгүй баяртай ярьж байсан юм.


Ажил амьдралаа гэсэн зүтгэл


    Хүүгээ авч Шилийнхотод очсоны дараа ямар ажил үйлс хийж эхлүүлэх тухай   Шонхор  Цэцэнхуар хоёрын бас нэгэн сонголт болсон аж.
Шонхор үндэстний соёл урлагийн бүтээлийг нийгэм нийтэд таниулж  сурталчлах ажилд зүтгэж,  Өвөр Монголын Дохиур долоон од  компаний хэрэг мэдэгчийн орлогч дарга, Өвөр Монголын олон улсын бөхийн нийгэмлэгийн дэд нарийн бичгийн дарга, Шанхайн монголын Сүлд нийтийн асрамжийн сурлагыг тэтгэх суурь нийгэмлэгийн байнгийн хэрэг эрхлэгч, Бээжингийн монгол хэл соёлын ангийн “Хайрын элч” зэрэг үүрэг тушаалыг гүйцэтгэж, нэрт жүжигчин Баасан, хөгжмийн зохиолч Хишигбат нарт зуучаар (Брокер) ажиллаж, үндэстний соёл урлагийн бүтээлийг нийгэм нийтэд таниулж танилцуулахад  үнэтэй хувь нэмрээ үзүүлж явна.


Харин гэргий Цэцэнхуар нь“Буман саргай шүр сувд”-ын дэлгүүр ажиллуулж, уран нарийн хийцтэй, шинэ содон загвартай үндэстний онцлогтой бугуйвч, бөгж, ээмэг, зүүлт, толгойн гоёл, мөнгөн аяга, мөнгөн гоёлтой эмээл зэргийг хийж, хоёрхон лангуутай эхлүүлж байсан дэлгүүрээ дөрвөн жилийн хугацаанд олон нийтэд танигдсан, хүмүүсийн зорьж ирдэг содон дэлгүүр болгон тэлсэн байна.


   Үндэстний онцлогтой засал гоёлын гоо сайхныг мэдэрч өссөн, шүрэнд онцгой сонирхолтой Цэцэнхуарт хувийн дэлгүүрээ ажиллуулахад өөрийн гэсэн "Стандарт"-тай.

Нэг. Чанарыг тэргүүнд тавьж, Японоос сайн чанарын шүрийг сонгон оруулж авчирна.

Хоёр.Уламжлал ба орчин үеийн загвар хийцийг уялдуулсан, цагийн өнгийг дагасан өвөрмөц содон загвартай засал гоёлыг Цэцэнхуар өөрөө зуран төлөвлөж, загвар давтагдахаас хичээнэ.

Гурав. Шүр ба алтны зохицлыг олж, монгол үндэстний хээ угалз ба орчин үеийн гоо сайхныг амьд  бодитоор уялдуулж, 18 кг-ын алттай шүрэн гоёлыг анх хийж эхлүүлж хийв. Алт нь мөнгийг бодвол шүрний өнгийг тодруулж, шүрэндээ өнгө нэмдэг.

Дөрөв. Уран нарийн хийцтэй, цэвэрхэн харагдах өндөр түвшний гоёлыг хийнэ. Биет бус соёлын өвийн залгамжлагч, өндөр мэргэжилтэй захар заслын уран дархныг урьж, хуриманд хэрэглэх толгойн гоёл, хэт хутга зэргээ урлуулж байгаа аж. Ингэснээр “Буман саргай шүр сувд”-ын дэлгүүрийн эрхэмсэг бөгөөд энгийн, цэвэрхэн бөгөөд уран нарийн хийцтэй гоёл зүүлт нь хүмүүсээс өндөр үнэлгээ авч Гуанжөү, Төвд, Шиньжян зэрэг муж орон болон  Өвөр Монголын аймаг хотын хэрэглэгчид  захиалж авдаг бүтээгдэхүүн болсон байна.

Зохиогч: Нийтлэл: Өнөр
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл