Манай ард түмэн мал сүргээ ямагт эрхэмлэн өсгөж, мах сүү ноос үс, арьс ширийг аж ахуйдаа ашиглаж ирсэн. Таван хушуу малын маань мах, сүү, цагаан идээ нь хоол хүнс, ноос, ноолуур арьс шир нь хувцас хунар мөн бусад хэрэгцээг хангаж ирсэн бөгөөд одоо ч чухал бүтээгдэхүүн болсоор байна.
Хүн ард маань зайлшгүй шаардлагатай үедээ мал гаргаж, идшээ хийх ба шөл гаргадаг юм. Нядалгаа нь тусгай цаг үетэй ёс горимтой. Идэш хийхдээ малын тарга тэвээрэг гүйцсэн, хүйтний улирал буюу 11-р сарын сүүл 12-р сарын эхээр хийнэ. Энэ үе нь мах хөлдөж, удаан хадгалах боломжтой тарга тэвээрэг харихаас өмнө үе билээ. Ингэж арвин бэлтгэсэн махаа борцолж хавар зуныхаа хоолыг бэлтгэдэг. Зун намрын цагт цагаан идэгээр гочлон хооллож хааяа махан хоол хийнэ. Хүмүүс малаа шилж нядлах биш харин аль болох ахиж хөгширсөн, эр сувай, сүү төл муутай үхэр, адуу, тэмээг нядалдаг. Энэ бол малаа өсгөх гол арга юм.
Үүц гэдгийн учир нь өвчүүг цоройтой нь үргэлж авч, сээр нуруу ахар сүүл хавирга, гургалдай хүзүү зэрэг хамгийн нарийн нандин махнаас нэлээд хэсгийг цөөлөн өвчүүн дотроо хийж цоройгоор нь тунтарч хөлдөөнө. Үүнийг хавар цагаан сараар ханзалж иднэ. Энэ үйлдлийг үүцээ задлах гэж нэрэлнэ. Бусад махыг эвдэж жижиглээд хөлдөөх пүнз хэмээх модон байшинд авдар, шуудай ширэнд нь хадаглан иднэ.
Манай монголчууд мал муулахдаа үхэр, адууг нугаслан, хонь ямааг өрцлөж гаргадаг уламжлалтай. Үхрийг цохиж болох боловч дуу чимээ гаргахгүй нугаслан төхөөрөх нь илүү тохиромжтой.
Мал муулахдаа эрчүүд арьс ширийг огтлохгүй нямбайлан хуулж махыг ёс заншлын дагуу эвдэж харин эмэгтэйчүүд нь гэдэс дотрыг цэвэрлэн арилгаж авдаг. Үхэр адууны шингэн цусыг нарийн гэдсэнд нь амтлан цутгаж хэсэг хэсгээр таслан орхих ба гэр махны дотор хийдэг. Гэр маханд нуруу, хүзүү, хавирга сээр гургалдай бөөр зүрх, хужирхай зэрэг махны цуглуулга багтана. Идэш хийж өгсөн хүнд гэр махан дээр төвөнхний /багалзуур/ махыг нэмж өгдөг. Харин аман хүзүүг муулсан хүндээ чанаж өгнө. Аман хүзүүг сайн мөлжиж ханийн толгойд өлгөх буюу эсвэл нугасны нүхэнд өөх тос хийж хананд өлгөнө. Адууны шингэн цусыг цутгаж шавай хэмээх цагаан цус хийдэг.
Үхрийн гол махыг жижиглэн хэрчиж сонгино давс хийж амтлаад олгоод нь хийж чанана. Үүнийг “хиам” гэх ба бүх хүнд хүртээн амсуулдаг уламжлалтай.
Малын гол нарийн махыг үнхэлцэг, сархинагт нь амтлан хийж шорлоод зэмс гэж хүүхдүүддээ өгдөг уламжлалтайг мартах учиргүй.
