
Урлагийн харгуй өргөн чөлөөтэй бөгөөд олон салбартай. Монголчууд маань тэр олон салбарын аль алинд нь өөрийн авьяасаа сойж, амжилтын дөрөөнд дөрөөлж буй жишээ олон. Түүний нэг нь Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Баяннуур сумын уугуул Эрдэнэ. Эрдэнэ өөрийн уран бичлэгийн урлагт суурилан, зургийн урлаг ба утга зохиолын урлагаар чимэн, өөрийн гэсэн нэгэн сонирхолтой урлагийг нээсэн байлаа. Уран бичлэгээр газрын зургийг “зурж”, уран бичлэг, яруу найраг, газар зүйг нэгэн бүтээлд хамарсан нь хүмүүсийн анхаарлыг татсан байна.

Түүний албан ширээн дээр хятад, монгол газар зүйн ном өрөөтэй, ханан дээрээ гурван адил бус газрын зураг өлгөжээ. Тэрээр Хятад улс, Өвөр Монгол орон, Дэлхийн газрын зургийг шүлэг буюу улсын нэр, томьёогоор урлаж гаргасан байлаа.

Эрдэнэ сургуульд байхдаа газар зүйн хичээлд илүү сонирхолтой, 2018 оноос уран бичлэгээр газрын зураг бүтээх болсон байна.
- 2.42 метр уртай, 1.24 метр өргөнтэй дэлхийн газрын зургийг уран бичлэгээр бүтээсэн нь миний хамгийн том бүтээл, дараа нь өөрийн өсөж төрсөн Хянган аймгийн газрын зургаа уран бичлэгээр бүтээнэ гэж Эрдэнэ ярьсан юм.

