"COVID-19" цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Хятад, Монголын хамтын ажиллагааны цахим механизмын хоёрдугаар видео хурал 07-р сарын 03-ны өдөр болов.
Хурлыг Хятад улсын ГХЯ-ны Азийн газар, Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газар ахалсан бөгөөд хоёр улсын зам тээвэр, гадаадын иргэн, харьяат, гааль, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төв байгууллагууд оролцжээ.
Цар тахлын аюул арилаагүй энэ үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохиров. Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.
