Шинэ Барга баруун хошууны “Аян монгол уламжлалт тоглоомын төв"-ийн эзэн Хандмаатай ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
Эрт үеэс Монголчууд шатар, шагай, оньсон тоглоом зэрэг тоглоомуудаар тоглож ирсэн уламжлалтай. Энэхүү тоглоомууд ч оюун ухааныг хөгжүүлж, тэлж ирсэн гэх судалгааны баримттай билээ. Оюун ухааны тоглоом их бага тархины хөгжлийг нэмэгдүүлж, эргэн бодох, санах чадварыг хөгжүүлдэг өвөрмөц тоглоом юм. Энэ тоглоомыг гадаад дотоодын эрдэмтэд ч судлаад хүүхдийн тархины хөгжлийн дээд цэгт хүргэх тоглоом гэж үнэлсэн билээ. Монгол үндэстнийхээ энэ сайхан эрдэнэт өв соёлыг өвлөн дээдэлж, уламжилж, хөгжүүлэхээр мэрийж яваа хүний нэг бол Хандмаа мөн. Харин үрийнхээ төлөө би энэ бүгдийг хийх ёстой гэж зорьж байгааг сонсоод сониучхан зандаа хөтлөгдөн сурвалжлахаар очлоо.

Шинэ Барга баруун хошууны төвд байрлах "Хятад, Монгол, Орос гурван улсын зах"-ын хоёр давхарт хүүхдийн тоглоомын төв “Аян монгол уламжлалт тоглоомын төв” байрладаг. Хандмаа Шинэ Барга баруун хошууны Далай сумын Хан-Уул гацааны хүн. Тэрээр тоглоомын төвөө хөл дээр нь босгох гэж Монгол Улсын Улаанбаатар хотод гурван удаа очиж, хүүхдүүдийн тоглоомыг судалж, тоглоомуудаас худалдан авч 100 кв.м байр түрээслэн 7 сарын 1-ний өдөр “Аян монгол уламжлалт тоглоомын төв” -ийн үүдийг нээж өрхийг нь сөхсөн тухайгаа сэтгэл хөдлөн ярьж эхэлсэн юм. Би ч сонирхож байгаа зүйлээ асуулаа. Хандмаа: - Би охиноо хөлд орсноос нь эхлээд л хүүхдийн тоглоомын төвүүдээр дагуулан сайн тоглуулдаг байсан. Хүүхэд бүтэн өдөржин тоглоод сэтгэлд нь үлдэхээр тоглоомууд байхгүй байгааг мэдсэн. Охин минь том болж сургуульд орж, эцэг эхчүүдэд зориулсан үйл ажиллагаанд оролцоод л энэ төвийг гаргах ёстой гэсэн шийдвэрээ гаргасан. Багш нь олон шагай гаргаж хүүхдүүд тоглож эхэлсэн. Хүүхдүүд “Ямар олон шагай вэ?” гээд л дээшээ шидэж, машиндаа ачиж “Дүүд, дүүд, дүүд” гээд тоглож гарлаа. Би энэ бүхнийг хараад хүүхдүүд маань монгол үндэстнийхээ тоглоомыг яаж тоглодгийг мэдэхгүй байгааг хараад их санаа зовсон. Энэ л бүхэн намайг өнөөдөр энэ тоглоомын төвийг нээж хүүхдүүдэд монгол уламжлалт наадгай тоглох дүрэм, горим, ёс заншлыг уламжлах хүнд үүргийг тулгасан юм гэлээ.

Би сонирхож асуусан асуултынхаа хариуг сонсчхоод тоглоомын төвийн дотоод тохижилтыг ажиглаж эхэлсэн. Хаалгаар оронгуут хамгийн эхэнд нүдэнд тусахаар байрлуулсан хивс, хивсэн дээр монгол гэрийн хана, ханын толгойд хазаар, ногт өлгөж, хананы наана бүрэн тоноглолтой эмээлийг тавиур дээр тавьж, хажуугаар нь шатар, шагай, болон зарим огт танихгүй, харж байгаагүй тоглоомуудыг өрсөн байлаа. Танихгүй харж байгаагүй тоглоомуудыг би ч гэсэн хараад нүүр минь улайж, энэ бүгдийг чи ч гэсэн мэдэж, таньж авах ёстой шүү гэж намайг зэмлэх шиг боллоо. Ханандаа монгол зураг, зүүн ханандаа шагнал, үнэмлэхээр дүүргэж, хоёр буланд байрлуулсан ширээн дээрээ тоглоом өржээ. Би тоглоомуудаас харж зогстол Хандмаа эгч: “Чи энэ тоглоомуудаар багадаа тоглож байсан уу?” гээд барьж байсан тоглоомыг минь заахад, “Багадаа харж байсан юм байна гэхдээ тоглож мэдэхгүй. Нэрийг нь бүр ч мэдэхгүй юм байна” гэхэд “Тийм үү? Одоо ч мэдэх хүн тун бага болжээ гээд оюун ухааны оньсон тоглоом гэдэг юм. Миний охин одоо энэ тоглоомуудаар бараг бүгдээр нь тоглож чаддаг болсон. Охин минь чөлөө цаг гарвал л ээжээ шатар тоглоё, шагай тоглоё гээд л гуйдаг болсон. Ялангуяа би хожигдвол дахин тоглоё гээд шалчихдаг. Хүүхэд гэдэг чинь магтаал дутаж болохгүй. Би охиндоо урам өгч энэ төвөө охиныхоо нэрээр нэрлэсэн юм. Миний охин их ухаантай. Тэр ханан дээр байгаа шагнал үнэмлэхүүд чинь охины минь шагналууд байгаа юм” гээд ярьж байгааг охин сонсоод гүйж ирээд ээжийгээ тэврэн, “Ээжээ би энэ эгчид бүжиглэж өгье” гээд ээжийгээ шаллаа. Би ч “Тэг тэг эгч нь үзмээр байна” гэхэд, охин намуухан явж байсан “Толин хар” дууг чангалаад бүжиглэж гарлаа. “Яасан гоё бүжиглэж байна вэ” гэхэд Аян: “Баярлалаа” гээд бөхийн ёслов. Та охиноо ёстой л бүх талаар хүмүүжүүлж байгаа юм байна. Том болоод од болно гэхэд Хандмаа эгч: - Би 2007 онд ханьтайгаа суусан. Нөхөр маань хятад хүн. Машин засварт засварчин. Охин маань анх хятад хэлээр хэлд орсон. 3, 4 нас хүртлээ монголоор ярьж чаддаггүй байлаа. Би охиноо монгол цэцэрлэгт өгөх үү, хятад цэцэрлэгт өгөх үү гэж маш их эргэлзсэн. Сүүлд нь яаж ч бодсон монгол цэцэрлэгт өгч монгол сургуульд өгөх ёстой гэсэн бодол дийлсэн юм. Одоо охин минь монголоор сайхан ярьдаг. Монгол нэвтрүүлэгч хөтлөгчийн сургалтанд суудаг. Охиныхоо ирээдүйг буруу сонгочих шахсан шүү!” гэлээ.
Тоглоомуудыг сонирхож явтал нэг ширэн цүнх нүдэнд туслаа. Хандмаа эгч би заримдаа хийх юмгүй суухдаа хийдэг юм. 2003 онд Хөххотод байхдаа мэргэжлийн багшаас арьс ширэн бүтээгдэхүүн хийхийг сурсан. Хүүхэдтэй болоод хийх зав чөлөө гарахгүй саяхнаас хийж эхэлсэн гээд хийсэн цүнхнүүдээ гаргалаа. Хандмаа эгч одоо арьс ширэн бүтээгдэхүүнээ хийж, хагас бүтэн сайнд нь тоглоомын газраа ажиллуулахаар бодож байгаа гэнэ.
- Хэрвээ арьс ширэн бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүс байвал би зааж өгч болно. Өнгөрсөн жил манай хошууны ажил олгох газарт санал гаргаж, Тунляо хотоос мэргэжлийн багш урьж арьс ширэн бүтээгдэхүүн хийх аргыг заалгасан. Олон хүн цугласан. Гэвч залуучууд тун бага байсан. Одоо үеийн залуучууд чинь тэсвэр хатуужилгүй болчихжээ. Дэлгүүрт худалдагч хийж байгаа залуучууд үүнийг сурахад ажилд нь саад болохгүй, орлого нь нэмэгдэнэ. Ганцхан тэсвэр хатуужил л дутаж байна. Энд байгаа зарим тоглоомууд тэсвэр хатуужилтай болгодог. Жишээлбэл: Утсан тоглоом, оюун ухааны тоглоом, шатар, жаран пай, оньсон тоглоом зэрэг тоглоомууд тэсвэр хатуужилтай болгодог гэв.
Хандмаа эгч даруухан хичээнгүй, цайлган сэтгэлтэй, үрийнхээ төлөө зүрхнээс нь хайр нь ундардаг шинэ зууны ээж юм аа. Түүний хийж бүтээж байгаа бүхэн нь үрийнхээ төлөө хийж байгааг мэдэж болно. Хандмаа эгчийн тоглоомын төв нээгдээд арван сар болж байгаа боловч 30-аад хүүхдүүд бүртгүүлээд байгаа гэнэ. Хүүхдүүдэд тоглоомуудыг тоглох арга, дүрэм журмыг Хандмаа эгч уйгагүй заадаг гэнэ.
- Зарим эцэг эхчүүд ирээд энд чинь олон тоглоомгүй шүү дээ гээд гараад явчихдаг гэнэ. Тэр эцэг эхчүүд өөрсдөө монгол уламжлалт тоглоомоо мэдэхгүй байгаа байхаа. Монгол уламжлалт тоглоом нь хүүхдүүдийн оюун ухааныг тэлж, гарын ур чадварыг нэмж, эрүүл мэнд ч тустай байдаг. Хүүхдүүд энд ирэх эхнийхээ өдөр Wifi гэсээр орж ирдэг. Одоогийн интернэтийн хөгжил дэвшлийн цагт мэдээж би зориуд Wifi -г залгуулаагүй. Манай тоглоомын газар гар утсаар тоглож болохгүй гэсэн заавартай. Хүний хүүхдүүдийг сурах ёстой тоглоомоо сураг л гэсэн дээ л энэ. Охиноо ч гэсэн гээд Аяныг хархад: “ Ээж” гэсээр охин нь гүйж ирээд ээждээ эрхэлнэ.
Өрөөлийн хүүхдүүдийг өөрийн хүүхэдтэйгээ адилхан бодож, өөрийнхөө аливаа бүхнээ зориулна гэж хичээж байгаа нь илхэн. Хандмаа эгч тоглоомынхоо газраа томруулж, нум сур харвах, хүүдий цохих зэрэг тоглоомыг нэмж, хүүхдүүдээ хөдөлгөөнтэй тоглоомоор тоглуулна гэх. Хандмаа эгчийн хойч үедээ зориулж байгаа харамгүй хайр, өвөг дээдсээс минь үлдээж өгсөн уламжлалт наадгайг ирээдүйн хүүхэд багачуудад таниулж, мэдүүлж, сургая гэх халуун сэтгэл нь монгол уламжлалт соёлоо хүндэтгэн дээдэлж, монгол соёлоо хөгжүүлэн тэлж яваа нь сайшаалтай, суралцууштай юм аа! Ингээд би үрийнхээ төлөө хийж байгаа үйлс тань өдрөөс өдөр өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн гарч явлаа.
