solongonews
Ван И Афганистаны Талибаны түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Барадартай уулзав
2021-10-26 14:38
Ван И Афганистаны Талибаны түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Барадартай уулзав.

Орон нутгийн цагаар 10-р сарын 25-нд Дохад Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Афганистаны Талибаны түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Барадартай уулзав.

Ван И хэлэхдээ "Хятад улс Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд Афганистаны ард түмэн улс орныхоо хувь заяаг, хөгжлийн замыг бие даасан сонголт хийхийг дэмжсээр ирсэн. Хятад улс Афганистаны дотоод хэрэгт хэзээ ч хөндлөнгөөс оролцдоггүй, хувийн ашиг хонжоо хайдаггүй, хүчээ өргөтгөхийг эрэлхийлдэггүй, Афганистаны бүх ард түмэнд найрсаг бодлого баримталж, Афганистаны тогтвортой сэргээн босголтын хүчин чармайлтыг дэмждэг. Өнөөгийн Афганистанд тулгарч буй хүмүүнлэгийн хүндрэлийг Хятад улс чухалчлан үздэг бөгөөд Америк зэрэг барууны орнууд хориг арга хэмжээгээ эртхэн цуцлахыг шаардаж байна. Мөн Афганистаны Талибантай ажил хэрэгч байдлаар харилцаж, Афганистаныг эерэг зөв замд оруулахад нь туслахыг талуудаас уриалж байна. Хятад улс өөрийн хүчин чадлынхаа хүрээнд хүмүүнлэгийн эд материалын тусламж үзүүлэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар Афганистаны өнөөгийн хүндрэл бэрхшээлийг намжааж, эдийн засгийн сэргээн босголт, бие даасан хөгжлийг биелүүлэхэд туслахад бэлэн байна" гэжээ.

"Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн" нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жагсаалтад орсон олон улсын террорист байгууллага юм. Энэ нь Хятадын үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлэл болж байгаа төдийгүй Афганистаны дотоодын тогтвортой, урт хугацааны амар амгалан байдалд ч аюул заналхийлэл болж байна. Афганистаны Талибанчууд “Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн” зэрэг террорист бүлэглэлээс бүрмөсөн зааг шугамаа тодорхой ялгаж, үр дүнтэй арга хэмжээ авч, хатуу цохилт өгөхийн тулд хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэж Ван И онцоллоо.

Барадар хэлэхдээ, Хятад улс бол Афганистаны чухал хөрш орон, Афганистан хүнд хэцүү үед Хятад улс хүндэтгэл үзүүлж, найрсаг хандсанд талархаж байна. Афганистаны Талибанчууд Хятадын аюулгүй байдалд анхаарал хандуулж, амлалтаа тууштай хэрэгжүүлэх бөгөөд хэн ч, аль нэг хүчин Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан Хятадад заналхийлэл учруулахыг  зөвшөөрөхгүй юм гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН СҮЛЖЭЭ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл