
Хятад-АСЕАН-ы Хүнсний салбарын хамтын ажиллагааны(Гүй-Ян)бага хурал энэ сарын 24-ний өдөр болсон байна. Хятад-АСЕАН-ы Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Шю Ниннин:
- "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" (RCEP) нь хүнсний салбарын хамтын ажиллагаа, хөгжилд бизнесийн олон шинэ боломж олгож, Хятад, АСЕАН-ны хүнсний салбарын хамтын ажиллагааг эрчимтэй харилцан нөхөж, салбарын холболтыг хөгжүүлэх шинэ боломжуудыг эрчимжүүлж байна гэж онцоллоо. Тэрээр мөн:
- Хөрш зэргэлдээ АСЕАН-ы орнууд хүнсний салбарыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Хятадын хүнсний компаниудын "Дэлхийн түвшинд гарах"-д тэргүүн сонголтын газар болжээ. Хятад улс "Давхар мөчлөг" хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлж байна. Энэ нь АСЕАН-ы орнуудын хүнсний бүтээгдэхүүн Хятадад нэвтрэх сайн нөхцөлийг бүрдүүлжээ гэж хэллээ.
Малайзын Хятадад суугаа ЭСЯ-ны Эдийн засгийн элчин Ши Жигуан:
- Хүнсний боловсруулах салбар нь Малайзын эдийн засгийн гол тулгуур салбаруудын нэг. Малайзын боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртгийн 10 хувийг эзэлдэг. 2020 онд Малайз, Хятадын Гүйжөү мужийн худалдаа өмнөх жилийнхээс 2.5 дахин өргөжсөн. RCEP-ийн хэлэлцээр удахгүй хүчин төгөлдөр болно. Малайз улс, Хятад улс, цаашлаад Гүйжөү муж, Гүй-Ян хоттой хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүнсний салбар зэрэг олон салбарт бүтээлч хамтын ажиллагааг судлахаар төлөвлөж байна гэж хэллээ.
БНХАУ-д суугаа Тайландын Элчин сайдын яамны зөвлөх Вантана Тадан:
- Тайланд нь 9000 орчим хүнсний бүтээгдэхүүн боловсруулах компанитай бөгөөд лаазалсан туна загас, хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн, сам хорхой, тахиан мах зэрэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч, экспортлогч юм. Тайланд бол Хятад, цаашлаад Гүйжөү мужтай хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.
Хурлаар Гүй-Ян хотын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгээс тус хотын хүнсний үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулав. Гүй-Янгийн орон нутгийн онцлог бүхий хүнсний үйлдвэрийг дэмжих холбоо, Тайландын хүнс боловсруулагчдын холбоо эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
