
Монгол морины удам, угшлыг улам сайжруулах тухайд адуучид, уяачид, морины хорхойтон, монгол малчид илүү олон сайхан ажил хэрэгч санал, санаачилга гаргаж, онцгой бүтээлч ажил үйлсийг газар сайгүй өрнүүлсээр байна. Түүний нэг нь Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Ядуу иргэдэд тусламж үзүүлэх албан байгууллагын ажилтан Гэрэлт юм. Тэрээр нутгийн монгол морины хольцгүй шижир шиг удмыг булингартуулалгүй, харин ч ямагт ариун дагшин байлгаж, удмын санг нь сайжруулах замаар баяжуулах арга ухаан, эрдэм, эв дүйн тухайд эрдэм шинжилгээний хуралд оролцон лекц уншиж, олон нутгийн адуучин, эрдэмтэн, адуу судлаач, биологич нартай уулзан судалж сэтгэл зүтгэлээ зориулж явна.
Түүнийг Хөххотод эмчилгээ хийлгэхээр ирэх үед нь уулзаж ярилцлаа.
Гэрэлт арван гурван настайгаасаа адуунд явсан, дөч гаруй жил адуунаасаа холдож үзээгүй гарамгай "Адуучин" хүн. Түүнийг адуучин гэхэд үнэндээ ажил албатай удирдах ажилтан. Адуунд маш хайртай. Aжлын чөлөө зав, амралт тохиовол хэзээний л адууныхаа дэргэд хүрчихсэн адуучин болж исгэрч явна. Түүний адуун соёлд улам илүү сэтгэл шулуудаж орсон нь бас нэгэн түүхтэй. Арваад жилийн өмнө Гэрэлтийг Солонгос улсад мэргэжил дээшлүүлэхээр очиход нь Солонгосчууд харин яс сийрэгжилтийг эмчилдэг морины ясан нунтаг гаргаж, 500 граммыг нь 1800 юаниар худалдаж байхыг хараад гайхсан гэдэг. Тэд бас морины өөхөөр хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж байв. Үүний учрыг ухан асуухад тэд хариуд нь:
- Энэ манай солонгосчууд бүтээсэн юм биш, аль эрт үед танай монголчууд дайлж ирээд буцахдаа жороо орхисон буюу мартсан байх даа гэж ярьжээ. Үүнийг сонссон Гэрэлт гуайд нэгийг бодогдуулж, нутаг буцаж ирээд монгол адуугаа судалж эхэлсэн байна.
Үүнээс л эхэлж Үзэмчин нутаг бас нэгэн морь судалдаг гарамгай судлаачтай болсон юм. Нутаг билчээрийг төмөр тороор битүүмжлэх болж адууны хөл тушигдан, адууны тоо толгой ч цөөрсөн. Зарим нутаг оронд бүр монгол адууны угшил тасарсан. Эдгээр олон хүнд бэрхшээлийн өмнө Гэрэлт өөрийн хэдэн адуугаа бэлчээр сэлбэн айл дамжуулан хариулж мунгинана.
- Энэ хэдэн адуугаа ёстой зүрх сэтгэлээ зориулж байгаад үлдээж авсан. Монгол адууныхаа уг угсааг таслахгүйн төлөө ёстой л арга бүхнийг хайж байна гэж Гэрэлт ярьж байлаа. Одоо тэрээр адуугаа дүү хүргэнийдээ байлгаж байна. Хоёр айлын адуу нийлээд гурван зуу орчим гэнэ. Адуугаа цагаан, хул, цоохор, алаг гэж өнгө зүсээр нь есөн азарга адуу болгон, сүрэглэн бэлчээрлүүлж байгалиар нь маллаж байна. Түүний үзэж буйгаар сүрэглэн маллавал адгуус амьтан өөрийн төрөлх араншин, байгалийн зуршил ёсоор аливаа бүгдээ өөртөө тохируулж, эх байгалиас авах ёстойгоо авч чаддаг. Харин хашаанд хорьж бордон тэжээх нь үүнийг эсрэг бөгөөд аливаа зүйлийг нь хүн өгдөг. Тиймээс бордон тэжээсэн амьтан болж хувирна.
"Тэжээвэр амьтан"-ы хэлбэрт орсноор өөрийн төрөлх мэдрэмж сэрлээ алдаж, зарим нь толгойгоо бөхийлгөж өвс ч идэж чадахаа больдог. Азарга нь гүүгээ гишгэж дийлэхээ больж, хүний хүчээр гишгүүлэх тохиолдол ч гарч байжээ. Харин байгальлаг аргаар маллаж байгаа адуунд хүний сэтгэж олшгүй маш олон төрөлх мэдрэмж нуугдаж байдаг. Үүнд, монгол адууны сонор соргог, үнэрийн сэрэл нь маш сайн хөгжсөн байдаг. Бүхий л зүйлийг үнэрлэж мэддэг. Азаргаар жишээлэхэд, гүүний ороо орсон, өвсний соргог, халуун хүйтэн зэргийг бүгдийг үнэрлэж мэддэг. Хамгийн чухал нь өөрийн төрлөө үнэрлэж таньдаг. Үүнээс гадна, монгол адуунд бас нэгэн гайхамшиг бий. Даруй монгол адууны гүү гурван минутанд унагалж, унага нь таван минутад босож зогсоод, арван таван минутын дотор эхээ хөхөж дагаж явж чаддаг. Гүү гэж тэр чигээрээ эх баригч гэлтэй. Өөрөө эргэж урван хэвлийдэх үрийнхээ байрлалаа тохируулж чадна. Иймээс монгол адууны унага гурван есийн хүйтэнд ч хөлддөггүйн нууц нь энд бий. Эрлийз адуунд ийм чадвар байдаггүй. Ямар ч сайн адуучин гүү унагалахыг олж үздэггүй гэж ярьдаг. Анх унагалж байгаа гүү буюу хөгшин гүүний унагалахыг нь олж харах боломж бий. Яг унагалах насны гүү унагалахыг олж хардаггүй. Гүү гэж их цэвэрхэн амьтан. Хүн амьтнаас ихэвчлэн нууж унагалдаг. Монгол гүүний үрээ хайрлах сэтгэл маш нандин, хэмхэхээр ирсэн азаргатай ч зоригтой тэмцдэг. Тиймээс одоогоор дэлхийн адууны дотор хагас зэрлэг амьдралаа хадгалж байгаа ганц адуу бол монгол адуу гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр нь Гэрэлтийн олон жилийн турш монгол адуутай ойртон байж олж мэдсэн нандин туршлага, үнэн бодит гэрч юм.
Гэрэлт зав л гарвал зургийн аппаратаа авч адууныхаа дэргэд очоод адууныхаа бүхий л байдлыг зургийн хальсандаа буулгаж авдаг. Түүний бусадтай хамтран бүтээсэн "Тэнгэрийн унага-Үзэмчин цагаан адуу" нэртэй баримтат кино Үзэмчин цагаан адууны тухай хамгийн анхны баримтат кино бөгөөд ӨМӨЗО-ны “Тав нэгийн төсөл”-ийн шагналын эзэн болж байлаа. Басхүү Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль, Хөлөнбуйр хот, Ордос хот, Алшаа аймаг зэрэг олон газар нутагт сургалт хийж, адууны чиглэлээр хэрхэн аж үйлдвэржүүлэх, монгол адуугаа хэрхэн хамгаалах тухай илтгэлээ олон удаа нийтийн хүртээл болгосон. Гэрэлт ард олныхоо дунд адуугаа ярих дуртай. Түүний хувьд адуун соёл хувь хүний юм биш, агаар орчинтой адил хамтынх болохоор бусадтай хуваалцах хэрэгтэй гэж үздэг.
Тэрээр бидний насны хүмүүс одоо ажил хийх хэрэггүй, харин залуучууддаа өв соёлоо ойлгуулж, бизнес хийхэд нь дэмжиж санал зөвлөгөө өгч байх хэрэгтэй гэж ярьдаг. Гэрэлт гуайн тусаар ажилд орсон, бизнес хийсэн залуучууд олон бий. Түүний нэг нь Баянжаргал. 2015 онд тэрээр гацаандаа ”Үндэстэний өв соёлын суурин”-г байгуулсан. Баянжаргал:
- Гэрэлт багш надад олон удаа сургалт зааж, энэ сууринг байгуулж өгсөн. Одоо манай энэ сууринд зуу гаруй адуу маллан, гүү сааж тараг борлуулж, жуулчдад зураг авахуулах, монгол үндэстний өв соёлтой танилцуулах үйлчилгээ үзүүлж байна. Адуунд хайртай хорь гаруй залуучууд ажиллаж байгаа. Сурагчид ч мөн амралтаараа ирж морь унаж хөдөө нутагтай ойрхон байдаг гэж Баянжаргал суурингаа танилцуулсан юм. Үүнээс гадна, Гэрэлт таргаа эмнэлэгт борлуулж эмчилгээнд тусалдаг. Гэрэлт “Хүнд хичнээн юм өглөө гээд буяны ажил болж чадахгүй, харин ухааруулж, өөрөө хийж чаддаг болгох хэрэгтэй” гэж дандаа ярьдаг. Энэ жилийн 11-р сард нутгийн бизнес эрхлэгч залуу Насанбуяныг өөрөө дагуулан Япон гүрнээр аялж, тэндхийн аж ахуйн нэгжүүдэд очиж амьд туршлагаас нь хуваалцсан байна.
Монгол нутагт морины уралдаан олон болдог. Олонх уяачид уралдаан тэмцээнд зориулж үүлдрийн адуу маллах болсон нь монгол адууны удам угсаанд маш их хохирол учруулсан юм. Жинхэнэ цэвэр цусан удмын монгол адуу одоо манай орны хоёр Үзэмчин, Авга зэрэг газар орноор нэлээд олон бөгөөд цахрын гурван хошуу, Хөлөнбуйрын Хуучин Барга, Улаанхадын Хишигтэн хошуугаар цөөн тоогоор байдаг. Тиймээс монгол адууг хамгаалах ажил маш тулгам шаардагдаж байгаа юм. Иймээс Гэрэлт Үзэмчин, Авга хошуугаар гол болгосон монгол адууны цэвэр цусан угшлыг хамгаалах бүс нутгийг байгуулж, монгол адууны гений агуулах байгуулах, монгол адуунд зориулан нөхвөр олгох зэрэг санал бодлоо олонтойгоо зөвшилцөж Засгийн газартаа дэвшүүлсэн байна. Баярлууштай нь улс орноос ч монгол адууг хамгаалах арга хэмжээ авч, олон хүний санал авсны дүнд бүс нутгийн монгол адууны үүлдрийг хамгаалах, бүс нутаг байгуулах, гений агуулах байгуулахыг орноос санаачилсан арга хэмжээнд оруулсан байна. Энэ нь адуунд хайртай, монгол адуу маллаж байгаа хүмүүст эрч хүч урам хайрласан юм. Монгол адууг хамгаалахад түүний оршин амьдарч байгаа байгаль орчныг хамгаалах хэрэгтэй. Байгальлаг амьдралтайгаа байхад тэрхүү соёл аяндаа хөгжиж, уламжлагдан түгэж чадна гэж Гэрэлт үздэг.
Тэтгэвэрт гарсныхаа дараа өөрийнхөө олон жилийн туршид цуглуулсан монгол адууны унагалахаас хөгшрөх хүртлэх бүхий л амьдралыг мөнхөлсөн 100 мянган зургаа эмхэтгэж монгол адууны араншныг танилцуулсан фото зургийн үзэсгэлэн зохион байгуулна гэж Гэрэлт гуай ярьж сууна. Нэгэн эгэл жирийн албан хаагч, нарны бор малчны монгол адууны тухай судалгаа үргэлжилсээр...
