solongonews
Олон улсын буддын шашны хурал болов
2018-05-03 19:56
Олон улсын буддын шашны хурал болов.

Балбын Лумбинид 2018 оны олон улсын буддын шашны чуулган 04-р сарын 28-нд нээлтээ хийж, Балба, Энэтхэг, Япон, Хятад, Шириланка зэрэг улс орон, бүс нутгийн буддын шашны нийгэмлэгийн төлөөлөгч, сүсэгтэн олон, мөргөлчид зэрэг 1000 гаруй хүн оролцжээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жан Юе Балбаас мэдээлж байна.

Олон улсын буддын шашны 2018 оны чуулган “Балбын Лумбини: Бурхан багшийн мэндэлсэн нутаг, буддын шашин ба дэхийн энх тайвны эх үүсвэр” уриан дор болсон юм. Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн яамны мэргэжилтэн Кришна Прасаб Девкота нээлтийн ёслолд оролцон, ингэж хэлсэн байна:
 
“Энэ оны чуулганаар дамжин Бурхан багшийн мэндэлсэн газар болох Балбын Лумбинийг сурталчилж, олон улсын буддын шашны солилцоог нэмэгдүүлэн, Лумбинийг буддын шашин, дэлхийн энх тайвны төв болгон, Балбыг дэлхийн мөргөлчдийн зорьж очих газар болгох зорилготой юм.”


Лумбини бол ЮНЕСКО-д бүртгүүлсэн дэлхийн соёлын өвийн нэг, Балбын бахархал болсон ариун газар билээ. Балбын археологич Басанта Битари Лумбинигийн Буддын шашны дээд сургуульд сурдаг. Энэ удаагийн хурал Лумбини төдийгүй Балбын хувьд маш чухал ач холбогдолтой хэмээн тэр ярьж байлаа:

“Энэ удаагийн хурал Лумбиниг хүмүүст таниулсан. Дэлхийн олон газраас Лумбинид хуран цугларсан хүмүүс энэ газартай танилцаж, зөвхөн шашны салбарынхан төдийгүй аялал жуулчлалын хувьд ч Лумбинид үр шимээ өгөх юм. Мөргөлчид наашаа зорьж ирвэл түүнийг дагаад аялал жуулчлал хөгжинө. Энэ бол манай улсын хувьд маш сайхан боломж юм.”

Балбын засгийн газар Лумбиниг дэлхий дахинд сурталчлахыг чухалчилсаар ирсэн байна. Энэ удаагийн олон улсын буддын шашны хурлыг зохион байгуулсан нь үүний нэг жишээ юм. Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн сайд Равиндра Адхикар нээлтийн ёслолд тавьсан илтгэлдээ:
“Балбад ийм ариун дагшин газар байдаг. Бид Бурхан багшийн мэндэлсэн энэ газар хуран цугларч, 2600 гаруй жилийн өмнө номлосон энх тайван, хайрын тухай нууцыг нь хуваалцан авч хэлэлцэж байна. Лумбини бол сүсэгтэн олны зорьж ирдэг газар, дэлхий дахины буддын шашинтнууд, энгийн жуулчид энэ дагшин нутагтай танилцан, мэдлэгээ нэмэгдүүлж, сэтгэлээ ариусгадаг. Лумбинийг дэлхийн мөргөлчдийн зорьж ирэх сонголт болгохын тулд энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж, байгууллагын нэрийн өмнөөс зориуд сурталчилж байгаа нь энэ юм.”

2018 оны Олон улсын буддын шашны хурал Лумбини дэх Хятадын сүмд болсон юм. Тус сүмийг Хятадын Буддын шашны нийгэмлэг байгуулсан бөгөөд Хятадаас гадаадад байгуулсан үндэсний зэрэглэлийн анхны сүм хийд юм. Хятад улсын Буддын шашны нийгэмлэгийн дэд тэргүүн, Хайнань мужийн Буддын шашны нийгэмлэгийн тэргүүн, Балба дахь Хятад сүмийн хамба лам Инь Шүнь нээлтийн ёслолд илтгэл тавьсан байна:
 
“Дэлхийн соёл иргэншлийн олон талт чанарыг хамгаалж, ойлголцлыг соёл иргэншлийн солилцоогоор нэмэгдүүлэн, харилцан суралцаж, зөрчил мөргөлдөөнийг багасгаж, зэрэгцэн оршиж, гадуурхлыг үгүйсгэн, дэлхий дахины энх тайван, бүс нутгийн хөгжил дэвшил, хүн төрөлхтний буяныг дэлгэрүүлэхийн төлөө уйгагүй зүтгэцгээе ”
 
Хамба Ин Шүнь: “Буддын шашин бусад шашинтай харилцан ойлголцож, уужуу багтаамжтай байж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, буяны үйл ажиллагааны хамтын механизм байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хичээн зүтгэнэ” гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл