“Би цаг зав, мөнгө төгрөгөө хөгжиж боловсрохдоо харамгүй зориулж байна!” гэж өрөөнийхөө хананд бичин нааж, энэ үгний утга учрыг ойлгон цаг зав хором бүрийг дэмий өнгөрөөх дургүй, хөдөлмөрч, өсөж дэвжих, сурч мэдэх, хөгжиж боловсрох хүсэл тэмүүлэлтэй өмнөө том зорилго өвөртлөн өөрийн мөрөөдлийнхөө төлөө зорьж яваа оюутан охин, нэгэн бүсгүй, хүний гэргий, хоёр хүүхдийн эх...

Хүүхэд байхын ээжийнхээ хувцасыг эвдэж хайчлаад өөрийн хүүхэлдэйндээ хувцас хийж, ээжийн нэг хоёр л удаа өмсөж байсан хайртай хэчнээн хувцасыг нь үгүй хийн ээжээрээ зэмлүүлэн уур уцаарыг нь хүргэж явсан бяцхан охин. Хүний эх л болсон хойно хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй юм хийж байснаас хичээл номоо хий, зүгээр байсан хувцас хунарыг эвдэж сүйтгээд өмсөж зүйх юмгүй болгочихлоо гэж нэг аашлан, нэг аргадан байсан үе олонтаа. Ингээд зурж, хайчлах дуртай тэрээр Эрдэнэт хотын арван жилийн сургуулиас амьдрал хүслийнхээ эх суурийг тавьж, ахлах ангиа төгсөөд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Хувцасны ангийн зураач дизайнерын ангид элсэн орлоо. Анх оюутан болж хүсэл мөрөөдөл эрч хүчээр дүүрэн сургуулийн босгыг алхан орж барын аманд гараа хийгээд авахаас буцахааргүй тийм л хүсэл эрмэлзэлтэй байсан цаг. Үүнийхээ төлөө цуцалтгүй урагш тэмүүлэн явж, ээждээ зориулан өөрийн гараар илүү сайхан хувцас хийж, бага байхдаа уцаарлуулж хөмсгийг нь зангидуулж байсан бол “Нөгөө хайчилж эвддэг байсан бяцхан охин минь том болж дээ” гэж ээжийнхээ охиноороо бахархах сэтгэлээр солих гэсэн жаахан хүслээс их үйлсийн зүг тэмүүлж явсан. Харин энэ мөчид их хүсэл тэмүүлэл, эрч хүчийг нь даван дийлсэн бас нэгэн зүйлтэй учрах нь тэр.
Оюутны ширээнээ амьдралынхаа ханьтайгаа учирч нэгэн уран бүтээлч айл гэр нэгээр нэмэгдэж хоёр хөөрхөн охины эцэг эх боллоо. Ингээд амьдрал хэмээх их далайд өөрийн мэдэлгүй алхан орж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх эх хүн, гэрийн эзэгтэйн үүрэг хариуцлагын улмаас тэр их хүсэл мөрөөдлөөс хэсэгтээ хөндийрөх болж хүчтэй оргилон байсан гал түр зуур бөхийсэн ч үртэй хүний жаргал үр хүүхдээ газар гишгүүлээд учир мэдэхтэй болгочихвол ч гэж бодож байлаа.

Хүний хүсэл мөрөөдөл, зорьсон зүйл гэдэг үнэхээр хүчтэй зүйл байдаг хойно түүний сэтгэлийн гүнд хүсэл мөрөөдлийн гал бадмалсаар, хадгалгадсаар... Санаж явахад бүтнэ гэгчээр нэг л өдөр сэтгэлийн гал дахин гэрэлтэх боломж гарч гадагшаа явж мэргэжил дээшлүүлэхээр суралцах боломж гарлаа. Нэг талаар эх хүн, айлын гэргийн хувьд бүх зүйлээ орхиод явахад хэцүү байсан ч бодож мөрөөдөж явсан зүйлс нь биелэлээ олоход тус болохуйц утасны үзүүрээс бариад авах шиг санагдаж, хоёр охиноо аавтай нь үлдээгээд хүсэл зорилгодоо хүрч ихийг хийж бүтээхээр алсын замд гарлаа. Хүсэл мөрөөдлөө даган ирсэн шинэ газар эхэндээ дасахгүй таагүй санагдах үе зөндөөн. Наад захын хэлний бэрхшээл маш их байж, энэ газар Өвөр Монголын Өөртөө Засах орон гэсэн яагаад Монгол хэлээр яридаггүй юм бол, Монгол хүн огт таарахгүй, харагдахгүй юм гэж бодож явтал сургуульдаа орсон цагаасаа олон сайхан найз нөхөдтэй болж, тэднээс суралцаж, туслалцаа дэмжлэг авч түүний бодол өөр болсон байна. Манжуур хотноо зохион явагдсан гурван улсын Монгол туургатны үндэсний хувцасны наадамд нөхөртэйгөө Өвөр Монголын нэгэн компанитай хамтран оролцож, Өвөр Монгол ахан дүүстэй хамтран ажиллаж, тэдний дотоод хүсэл тэмүүлэл хөдөлмөрч, найрсаг зан чанарыг мэдэрч гар нийлэн ажиллаж уг тэмцээнд 3-р байранд шалгарч шагнал хүртэж улам их эрч хүчийг олж авчээ. Энэ наадмын үеэр олон зүйлийг ойлгож авсаны нэг нь Өвөр Монголчууд өв соёлоо хадгалан цаашид ч өртөөлөн уламжлан дамжуулж, өнгөлөн гялалзуулахыг хичээж байдгийг нь харан бахархах сэтгэл төрж, түүний бодож байсан бүх эргэлзээ ээдрээг тайлаад өглөө. Загварын ертөнц гэдэг сурах судлах тусам цар хүрээ нь улам өргөн болж түүнтэй холбоотой бүхнийг сурч судлах хэрэгтэй гэдгийг ойлгон, оюутны ширээний ард номын дуу сонсохын хажуугаар мэргэжлийн гоо сайхны сургалтанд хичээлийнхээ хажуугаар суралцан өөрийн мэргэжилтэйгээ холбон цаашдын их үйлсдээ хөрөнгө оруулат хийж алтан цаг хугацаа алдалгүй нийгэмтэйгээ хөл нийлүүлэн шинэ зүйлийг эрэлхийлэн явна.


Шинийг санаачлан үргэж эрж хайж, сэтгэж боловсруулж, ихийг хийж бүтээх их хүсэл, мөрөөдлийн эзэн ярихдаа: – Миний энд суралцаж байгаа гол шалтгаан минь өөрийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, газар үзэж өв соёлтой нь танилцаж, туршлага цуглуулах, хэл сурах, цаашлаад Монгол соёл уламжлал, ёс заншлыг харуулсан загвар зохион бүтээж Монгол Улсдаа төдийгүй дэлхий дахинд нэртэй загвар зохион бүтээгч болохоор тэмүүлж явнаа. Хүний нутагт сурч боловсорч байх хугацаандаа миний Монголын түүх соёл ямар арвин баялаг, төгс төгөлдөр гэдгийг мэдэрч байна. Найз нөхөд болон энэ нийтлэлийг уншиж байгаа хүн бүхэнд цагийг зөв зохистой бүрэн дүүрэн өнгөрүүлж байгаарай, эх орныхоо төлөө өөрийн салбартаа хийж чадахаар зүйлийг бага гэж голохгүй хийж байхыг уриалж байна. Далайд дусал нэмэр гэдэг Монгол хүн бүр Монголын баялаг байдаг учир өөрсдийгөө өнгөлөн гялалзуулаарай. Хүн бүр өөр өөрийн салбартаа ажиллаж амьдарч, ямар нэг зүйлийг санаж сэтгэж түүнийхээ төлөө урагш тэмүүлж явахад эх орны минь хөгжил тэндээс эхлэх байх. Энэ их аугаа их соёлоо дээдлэн хүндэтгэх, эдлэж хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлан хүргэх нь миний өчүүхэн хувь нэмэр, бас бид бүхний зорилго хариуцлага юм гэж байлаа.

Хувцасны дизайнер гэдэг зөвхөн загвар гаргахаас гадна уран зургийг ойлгодог зурж чаддаг байх ёстой гэдэг шалгуур өөртөө тавьж өөрийн хэмжээндээ уран зураг ойлгож зурж оролдож суугаа тэрээр нөхрөөсөө бас олон зүйлийг сурч байна.
Түүний их хүслийн нэгээхэн хэсэг нь үндэсний хувцасаа найр хурим, баяр наадам, цагаан сар гэх мэтийн тодорхой тоотой хэдхэн цаг мөчид өмсөж хэрэглэх бус өдөр тутамдаа хэрэглээ болгож өмсөж эдлэхэд тохиромжтой загвар гаргаж гадаад үзэмж хийгээд дотоод сэтгэлдээ эх орон өв соёлоо дэлгэрүүлж, газар нутгаа хайрлах өр нимгэн сэтгэлийг төрүүлэх үндэс суурь нь болно гэж ойлгодог тэрээр их хүсэл зориг, эрч хүчтэй залуу сайхан насандаа сурч мэдэхийн тод жишээ болсон Гомбодоржийн Батчимэг нь ӨМӨЗО-ны Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн мастерын 3-р ангийн оюутан билээ. Монгол Улсын минь залуу боловсон хүчин, эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө сэрж яваа түүний өндийж босох эрдмийг нь өөд нь татдаг, ихийг зааж сургаж байгаа багш нарт нь миний зүгээс баярлаж байна. Мөн энэ бүхний ард хайртай аав ээж, хань нөхрийнх нь тус дэм нуугдаж байгаа нь лавтай.

