Тус арга хэмжээнд БНХАУ-ын Бээжин жүжгийн театрын нэгдүгээр зэргийн жүжигчин /монголоор Ардын жүжигчин/, Хятадын Соёлын яамны Шилдэг зөвлөх, Бүх улсын анхдугаар телевизийн тэмцээний алтан медальт, MeiLangfang алтан медальт жүжигчин, лектор Жиан Чи Ху болон тус театрын бусад жүжигчид нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь Хятадын соёлыг олон улсад танин мэдүүлэх арга хэмжээнүүдийн нэг юм. Лектор Жиан Чи Ху Хятад жүжгийн үүсэл гарал, тэр дундаа Бээжин жүжгийн онцлог, өөрийн гэсэн дэг жаягийн талаар танилцуулах лекц уншиж, энэхүү Бээжин жүжгийн бүжиглэх, жүжиглэх, дуулах урлагийн хэсэгчилсэн тоглолтуудаас үзүүлж сонирхууллаа.
Жиан Чи Ху Бээжин жүжгийн онцлог, энэхүү урлагийн талаар хэрхэн тайлбарласныг та бүхэнд хүргэе.
Бээжин жүжиг нь 200 гаруй жилийн туршид тоглогдож ирсэн түүхтэй бөгөөд Хятадын Ши дууны 800 гаруй жилийн урлагийн уламжлалт ёс дүрмийг баримталж, гадаад үзэмжиндээ Хятадын түүхэн философийг ашиглаж, нийгмийн ёс зүй, ардын аман зохиол дээр үндэслэдэг байна.
Бээжин жүжиг нь олон төрлийн урлагийн онцлог, давуу талуудыг өөртөө өвлөн авч Хятадын олон төрлийн урлагийг өөртөө нэгтгэсэн байдаг байна. Хятад жүжиг нь 300 гаруй төрөл байдгаас Бээжин жүжиг нь тэдгээрийн нэг хэсэг буюу Хятадын урлаг, соёлын илрэл, томоохон төлөөлөл юм.
Энэхүү Бээжин жүжиг нь Хятадын уламжлалт урлагийг болон Хятадын соёлын үнэ цэнийг тод томруунаар харуулдагаараа их онцлогтой юм.
Бээжин жүжиг нь нийтлэг, хийсвэр, хөтөлбөрт гэсэн гурван үндсэн онцлогтой. Мөн энэхүү жүжиг нь дуулах, унших, хийх, үзүүлэх гэсэн дөрвөн чадвартай байдаг аж. Энэхүү жүжиг нь гар, нүд, бие, алхаа, аргачлалаараа дүрүүдийг бий болгодог таван аргатай.
Бээжин жүжиг нь дуу бүжгээр үлгэр ярьж өгдөг хэмээн хятад хүмүүс тодорхойлсон байдаг байна. Тодруулбал, тайзан дээр авиа гаргавал дуулж, хөдөлгөөн хийвэл бүжиглэдэг хэмээн тодорхойлдог байна. Бээжин жүжигт сайн үйл хийдэг хүнд сайн амьдрал ирдэг, муу үйл хийсэн хүнд шийтгэл ирдэг гэсэн зүйрлэлийг гаргаж өгдөг.
Энэхүү лекц арга хэмжээний үеэр Бээжин жүжгийн хэсгээс, мөн энэхүү жүжгийг бэлтгэхэд хэрхэн их цаг хугацаа зарцуулдаг, ямар их хөдөлмөрлөдөгийг хэсгээс нь үзүүллээ. Мөн Бээжин жүжгийн бүжигт өмсдөг хувцас, хэрэглэлүүдийг яаж өмсөж хэрэглэдэг талаар үзүүлж сонирхууллаа.
