solongonews
Монгол эм эмнэлгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ
2019-01-28 20:48
Өвөр Монгол: Монгол эм эмнэлгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Яг одоо хуралдаж буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны "Хоёр чуулган"-аар энэ онд Өвөр Монгол нь эрүүл энх Өвөр Монголыг бүтээн байгуулж, монгол эм эмнэлгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэв. Төрийн өмчийн эмнэлгийн ерөнхий өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хүнд өвчнөөс сэргийлэх ажлыг анхааралдаа авахыг мөн чухалчилж байна.

Ардын төлөөлөгч, Найман хошууны хошуун дарга Бүрэн: - Засгийн газрын ажлын тайланд монгол эм эмнэлгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэсэн энэ оны ажлын төлөвлөгөө нь бидэнд их итгэл зориг өглөө. Найман хошуу нь газар зүйн байршил, байгаль орчны давуу талаа түшин өвсөн эм тарьж ургуулан, өвсөн эмийн орлого бүтээх боломжтой болж байгаа. Энэ онд өмнөх ажлын суурин дээр өвсөн эм боловсруулах үйлдвэрийг оруулж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн харьяат эмнэлгийн хороо, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага нэгжтэй хамтран ажиллана гэв.

Найман хошуу нь Чин гүрний үеийн анагаах ухааны шалгарсан нэртэй эрдэмтэн Жамбалдорж Тойн эмчийн нутаг бөгөөд Тойн эмчийн нөлөөгөөр энэ нутгаас нэртэй сайн эмч олон гарсан байдаг. Ийнхүү тус хошуу нь Тойн эмчийн алдар нэрээр нэрийдсэн монгол эмнэлгийн музей байгуулж, монгол эм эмнэлгийн онцгой сууринг байгуулахаар ажиллаж байгаа юм. Монгол эм эмнэлгийн аж үйлдвэрлэл, шинжилгээ судалгааг уялдуулан хошуу нутгийн ард иргэдээ баяжих замд хөтлөх аж үйлдвэр болгохоор ажиллах урам зоригтой боллоо хэмээн төлөөлөгч Бүрэн ярив.

Сүүлийн үед Өвөр Монголын монгол эм эмнэлгийн судалгааг дэмжиж, 6.2 тэрбум юанийн хөрөнгө оруулан Олон улсын монгол эмнэлгийн хороо /2-р/ зэрэг гол гол эрүүл мэндийн төвийн бүтээн байгуулалтыг дэмжих юм байна.

Ардын төлөөлөгч Ван Бөх: - Өвөр Монголын Засгийн газраас монгол эм эмнэлгийн хөгжлийг маш сайн дэмжиж байгаад хөдөө орон нутгийн эмчийн хувьд үнэхээр их баярлаж байна. Мөн иргэдийн сэтгэлийг дулаацуулах төрийн бодлого хөдөө орон нутагт хэрэгжихийг хүсэж байна. Одоо нийгэм хөгжиж, эмчилгээ үйлчилгээний нөхцөл улам бүр сайн болж байна. Гэвч хүнд өвчний хувьд ойр хавийн эмнэлгийн нөхцөл боломж тааруу, хашир туршлагатай эрдэм мэдлэгтэй эмч нар их дутагдаж байгаа. Хөдөө орон нутгийн хашир эмчийн эмийн жорыг цуглуулах, өвлөн залгамжлах асуудал мөн тулгарч байна. Монгол анагаах ухааныг сурсан оюутан залуус том хотод үлдэж ажиллах нь олон болж, хөдөө нутагт буцах нь цөөрсөн зэрэг асуудал оршиж байгааг холбогдох байгууллага нэгжүүд олж харах хэрэгтэй гэлээ. Мөн монгол эм эмнэлгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус хөдөө орон нутагтаа буцаж, нутгийн ахмад хашир туршлагатай эмч нараас суралцаж, үндэстний өв соёлыг уламжлан залгамжлах нь маш чухал үүрэг болно хэмээн санал хүслээ дэвшүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл