solongonews
Ар бумбын алдарт шүлэгч Батнасан
2017-08-31 11:34
Ар бумбын алдарт шүлэгч Батнасан

     Хятад улсын орчин үеийн монгол яруу найрагчдын эгнээнд өөрийн гэсэн онцлогтой шүлгээр 60-аад оноос эхлэн урлагийн мөрөө үлдээж, хурц хошин, цэцэн цэлмэг хэл хэллэгтэй гүн ухаанлаг содон бүтээлээрээ тодрон гялалзаж яваа төрийн шагналт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн, Жангар судлалын эрдэмтэн Ж.Батнасанг бүх Хятад улсын монгол уран зохиолын уншигчид андахгүй таньдаг.

Амьдралын алтан мөр

Авьяаст билэгт яруу найрагч Ж.Батнасан харагчин хонин жилийн зуны дунд сарын арван тавны өдөр (1943.7.15 — 2017.3.27)-д  Ховогсайр суурингийн малчин Жак, Булган нарын ууган хөвгүүн болон ар их Ховогсайрын их Дансуран зусланд төржээ .

1961 онд Шиньжянгийн Ховогсайр монгол өөртөө засах шяний бүрэн дунд сургуулийг онц дүнтэй төгсөж, 1961 оны 11 сард тус шяний худалдааны товчооноос ажлын гараагаа эхлүүлснээс хойш шяний ханган  борлуулах хоршоо, шяний уран сайхны чуулгын даргаар ажиллаад 1981 оны 08 дугаар сард Хятад улсын ХКН-д элсэв. Бас Өвөр Монголын их сургуулийн “Утга зохиол судлан зохион бүтээх анги”-д хоёр жил суралцаж дүүргээд 1986 оны 06 дугаар сараас 1998 оны 01 дүгээр сар хүртэл тус шяний хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн эрхлэгчээр ажилласан. Дараа нь Ховогсайр шяний УТЗЗ-ийн дэд тэргүүлэгчээр сонгогдож, ХКН-ын Ховогсайр шяний хорооны нэгдмэл фронтын хэлтсийн даргын тушаалыг хавсран  эрхэлж, 2002 оны 10 дугаар сард тэтгэвэртээ гарчээ.

Тэрээр Шиньжянгийн Тарвагатай аймгийн худалдааны байгууллагын тэргүүний ажилтан, Шиньжянгийн Уйгар үндэстний өөртөө  засах орны “Мал аж ахуй, тариалах орны утга урлаг”-ийн тэргүүний нэгжийн төлөөлөгч, Шиньжянгийн Тарвагатай аймгийн нэгдмэл фронтын тэргүүний ажилтан, “Ховогсайр шяний соёлын нэрт зүтгэлтэн”, “Өнөр цэцэг” сэтгүүлийн “Гавьяат зохиолч” зэрэг алдар цол хүртэж байв. Басхүү “Дэлхийн шилдэг эрдэмтэн, чадвартны нэрсийн толь”-д нэрээ тэмдэглүүлж, Хятад улсын Цөөн тоот үндэстний зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Шиньжянгийн Ардын урлагчдын нийгэмлэгийн гишүүн, Шиньжянгийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Хятад улсын Монгол утга зохиолын  нийгэмлэгийн хэрэг эрхлэгч гишүүн Шиньжянгийн Ойрад монголын судлалын нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч гишүүн, Хятад  улсын “Жангар”-ын судлалын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч гишүүн зэрэг нийгмийн албан тушаалтай.

Уран зохиолын  алтан мөр

        Ж.Батнасан XX зууны тавиад оны сүүлчээс эхлэн шүлэг зохиол бичиж оролдоод 1961 оны 08 дугаар сард ууган шүлэг “Улаан шүрийн овоо”-гоо  “Шиньжянгийн өдрийн сонин”-д нийтлүүлснээс хойш одоо хүртэл  “Шиньжянгийн өдрийн сонин”, “Үүрийн цолмон”, “Өнөр цэцэг”, “Ордосын өдрийн сонин”, “Борталын сонин”, “Илигийн сонин” зэрэг сонин сэтгүүлд  “Манлай бөхийн магтаал”, “Цус махны барилдлага”, “Зуслангийн сайхан”, “Цасан лянхуа”, “Отгон шар үрэн минь”, “Инээдэмтгий нарийн бичгийн дарга”, “Ховгийн гол”, “Торгууд их нүүдэл —цусан зам”, “Шаазгайт”, “Ар бумбын нутаг - Ховогсайр” гэсэн шүлэг, найраглал, мэдээллийн уран зохиол зэрэг 400 гаруй бүтээл нийтлүүлсэн. Түүний шүлэг бүтээлийн хэл хэллэг урсам сайхан, өөрийн гэсэн онцлогтой, гүн ухаалаг, хошин мэдрэмжтэй онцлогоороо монгол уран зохиолын тавцанг доргиулж, олон нэртэй тоймч, эрдэмтэн нар тусгай шүүмж тойм бичиж түүний шүлэг зохиолыг олон талаас өндөр үнэлсэн билээ. Ж·Батнасангийн зарим шүлэг “Зүүнгарын зүрх”, “Нандин бэлэг”, “Ойрадын орчин үеийн шүлгийн сонгомол”, “Ойрад монголын орчин үеийн уран зохиолын түүх” зэрэг номд сонгогдон орсон байна. Зарим шүлэг нь хятад, уйгар хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд бага, дунд, их дээд сургуулийн сурах бичигт сонгогдон оржээ. “Тэнгэр уулын магтаал” ба “Он сарын өөдөс” нэртэй өөрийн шүлгийн түүвэр, “Сайрын уянга” нэртэй бусад олон хүний шүлгийн түүвэр хэвлүүлжээ.

Ж.Батнасангийн зохиол бүтээл “Манлай бөхийн магтаал” шүлэг нь 1981 онд Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Орны Цөөн тоот үндэстний  30 жилийн уран зохиолын тэргүүн байрын шагнал хүртэж, тухайн жилийн бүх Хятад улсын цөөн тоот үндэстний зохиол бүтээлийн шагнал (өнөөгийн ажнай хүлэг шагнал) хүртэж, “Торгууд их нүүдэл — цусан зам” найруулал нь “Өнөр цэцэг” сэтгүүлийн X удаагийн “Өнөр цэцэг” шагнал ба Шиньжянгийн Тарвагатай аймгийн анхдугаар удаагийн “Тарвагатайн утга урлаг”-ийн шагналыг тус тус хүртжээ. “Цусан махны барилдлага” шүлэг нь “Үүрийн цолмон” сэтгүүлийн хоёрдугаар байрын шагнал хүртэж, “Ар бумбын нутаг — Ховогсайр” нэртэй мэдээллийн уран зохиол нь 1991 онд “Үүрийн цолмон” сэтгүүлээс зохион байгуулсан “ ХКН байгуулагдсаны 70 жилийн ой”-д зориулсан тэмцээний нэгдүгээр байрын шагнал хүртжээ.   “Шаазгайт” найруулал нь “Үүрийн цолмон” сэтгүүлийн 2009—2010 оны зохион бүтээлийн нэгдүгээр байрын шагнал хүртсэний дээр 2016 оны “Тарвагатайн утга урлаг”-ийн яруу алдрын шагнал хүртэж, 2006 онд Шиньжянгийн анхдугаар удаагийн монгол уран зохиолын “Алтан дөрөө” шагналын “Алдар хүндийн шагнал”-г хүртсэн юм.

Эрдэм шинжилгээний алтан мөр

Ж.Батнасан унаган бага наснаасаа нутаг усныхаа алдартай жангарч, цуут ерөөлч, ардын аман зохиолч Жонголын Пүрвэйн Хөх зэрэг ардын аман зохиолын урлагчдаас удамт монгол соёлын шимийг хүртэж явсны үндсэн дээр Ховогсайрын ардын аман зохиол, ардын дуу, ерөөл магтаал буюу “Жангар” тууль ба тусгаар баатарлаг туульсыг цуглуулах, эмхтгэх, хэвлүүлэх ажлыг гардан хийж, “Ховогсайрын монгол ардын уртын дуу” (бусадтай хамтарсан), “Хээ буурал морьтой хэрээтэй мэргэн” гэдэг тууль болон 50 гаруй ерөөл магтаал буюу “Жангар”-ын олон бүлгийг эмхтгэн цуглуулж нэг хэсгийг нь хэвлэсэн байна. 1990 оны 12 дугаар сард ХКН-ын Шиньжянгийн Уйгарын ӨЗО-ны хорооны ухуулах хэлтэс, Соёлын ордон, Утга урлагийнхны холбооноос “Жангар” туулийг цуглуулж эмхтгэх хэвлэх судлах ажилд гарамгай хувь нэмэр оруулсан хувь хүний шагнал хүртсэн. Мөн  “Жангар” ба “Орон нутгийн түүх”-ийн тухай судалгаа хийсэн ба эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй хэдэн арван өгүүллэг бичиж Хятад улсын гадаад, дотоодын монгол судлалын эрдэмтний анхаарлыг ихэд татаж явсан байна. Тэрээр 1983 онд “Өвөр Монголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл”-д хоёр 20 мянга гаруй үгтэй “Ховогсайр Жангар уламжлагдаж ирсэн тухай” гэдэг өгүүллээ нийтэлснээс хойш Хятад  улсын Ардын аман зохиолын судалгааныхан өндөр үнэлгээ өгч,  “Үндэстний уран зохиолын судлал” сэтгүүлд нийтлэгдсэн. 1983 оны 8 дугаар сард Шинин хотод хуралдсан “Жангарын олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д тус өгүүллээ дэвшүүлэв. “Жангар” тууль нь XVII зуунаас өмнө Шиньжянгийн монголчуудын дотор өргөн дэлгэрэн тархсан гэх үзэл баримтлалаа түүхийн эш баримттайгаар онолжуулан дурдаж гаргасан болохоор өнгөрсөн хугацаанд дэлхий дахины олон эрдэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрч ирсэн  “Жангар” тууль нь Халимагт үүсч халимгаас хөгжиж дэлгэрсэн гэдэг үзэлт баримтлалыг няцааж чадсан байна. Энэхүү өгүүлэл нь Орос, Япон, Герман хэлэнд орчуулагдаж, 1985 онд Германы Бон хотод болсон “Дэлхийн Жангарын эрдэм шинжилгээний хурал”-аас сайн үнэлгээ авч, Шиньжянгийн Уйгарын ӨЗО-ны гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны шилдэг өгүүллийн хоёрдугаар байрын шагнал ба 1990 оны 01 дүгээр сард “Хятад улсын Цөөн тоот үндэстний  уран зохиолын судлал (1979 —1989)-н үр бүтээлийн хамгийн шилдэг өгүүлэл”-ийн шагналыг тус тус хүртсэн аж.

Ж.Батнасангийн нэг сайхан хээрийн шинжилгээний тухай туурвисан өгүүлэл болох “Ховогсайрын засгийн хошууны Робожурийн Мөнхбүрэн” бүтээл нь Мөнхбүрэнгийн гарал буюу амьдрал болон түүнтэй холбоотой үлгэр домгийг уялдуулан тооцсоноор нэгэн түүхийн баримтат материалын чанарлаг, түүхийн ахуй байдлыг тусгасан намтарчилсан бүтээл болсон тул уншигч олон төдийгүй эрдэмтдийн сонирхлыг татсан өгүүлэл болсон юм. 2014 онд Шиньжянгийн сурган хүмүүжлийн хэвлэлээс хэвлэсэн “Ховогсайрын сүм хийдийн түүхэн тойм” ном бол Ховогсайрын эрт эдүгээгийн шашны сүм хийдийн бүрэн түүх гэж хэлж болно. Тэрээр хээрийн шинжилгээ ба түүхийн үнэн бодит шалтгааныг судлан Ховогсайрын шашны сүм хийдийн тухай судлалын эрт эдүгээгийн түүхийн дутагдлыг нөхсөн юм.

Зохиогч: Д.Цэвэгжав
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл