Өвөр Монголын Багшийн их сургуулийн доктор, профессор, докторантын жолоодогч багш Жагарын зохион бүтээсэн “Монголчуудын нүүдэл мал аж ахуйн ухааны судлал” ном 2019 онд Ляо Нингийн үндэстэний хэвлэлийн хорооноос хэвлэгдэснээс хойш уншигч олны оюуны хүртээл болсоор ирлээ.
Энэхүү шинжилгээний бүтээл бол зохиогчийн олон жилийн туулсан амьдрал, хээрийн шинжилгээний материалын хуримтлал болон судлал шинжлэлийн уялдлынхан үр бүтээл болно. Мөн мэдлэгт шинж, уншилгат шинж, судалгааны шинжийг бүрдүүлсэн сайхан бүтээл болсон байна. Тус ном удиртгал, дүгнэлт, ном зүй, гаргалгаас гадна, таван хошуу малыг нэрлэх ухаан, таван хошуу малыг арчилж маллах ухаан, дөрвөн улирлын онцлогт зохицуулан нүүдэллэн маллах ухаан, таван хошуу малын ашиг шимийг боловсруулах ухаан, таван хошуу малын эдлэл хэрэгслийг урлах ухаан, нүүдэл амьдралын хэрэгцээт зүйлсийг бүтээх ухаан, таван хошуу малыг онголж дархалж дээдлэх ухаан, тансаг жаргалант амьдралыг зөгнөн ерөөж бэлгэдэх ухаан, монгол урлаг дахь таван хошуу малыг дүрслэх ухаан зэрэг есөн бүлэгт хуваагдан, гучин таван хэсгээр агуулгаа өргөжүүлж, монголчуудын нүүдэл мал аж ахуйн өнөр баялаг туршлага, өргөн дэлгэр мэдлэгийг нарийн бодитой танилцуулсны хамт нүүдэл, мал аж ахуйн соёлын агуулагдахууныг задлан шинжилж, гүнзгийрүүлэн судалснаараа онцлогдоно.
Зохиогчийн судалсан цар хүрээ өргөжин тэлж, нүүдэл соёлын харьяан дахь бодисын соёл ба оюуны соёлын бүрдлийг хамарсан нь судалгаа өсөн тэлснийг харуулсны зэрэгцээ ашигласан материалын хувьд үнэн бодитой, өнөр баялаг болсон байна. Өнгөрсөн түүхийн үлэмж материаллыг ашигласнаас гадна, өнөө болтол уламжлагдаж байх шинэ байдлыг тусгаасан нь тус номын мэдлэгт шинжийг нэмэгдүүлжээ.
Тус номын хэл хэллэг уран тод, уянгалаг сайхан болсон нь зохиогчийн эх хэлний боловсрол, эв зохистой хэрэглэх ур дэмийг гүйцэд харуулсан гэж хэлж болно. Тус номоос өв ихтэй монгол хэлний өнөр баялаг үгсийн санг ойлгож болох бөгөөд яруу сонсголонтой, ялгуун тод илтгэх ур чадварыг ч харуулснаараа уншууртай шинжээрээ гайхагддаг.
Нэн ялангуяа, тус ном нь эрдэм шинжилгээний бүтээл болсны хувьд баттай баримт материалд суурилан, нарийн хянамгай шинжилгээ судалгаагаар задлан шинжилж, онол судлалын тал дээр шинэ үзэл, шинэлэг санаа дэвшүүлжээ. Тухайлбал, монголчуудын нүүдэл, мал аж ахуйн ухаан нь таван хошуу малыг туйлд нь тултал ойлгож, туйлбартай үнэнчээр үнэлэн; байгаль орчноо танин ойлгож, тайлбарлаж ухааран, дээдлэн хүндэтгэснээрээ хүн ба байгаль ахуйн харьцааг эесэг зохицуулсан; нүүдэл мал, аж ахуйн ухааны гол цөм болсон олон нийтэч бүхнийг ухаалгаар таниж, авьяаслагаар ойлгон, оюунлагаар дүгнэж, самбаатайгаар идэвхжүүлсэн гэж задлан шинжилж, хураангуйлан дүгнэсэн нь тус бүтээлийн үзэлт дурдалтын шинэ сэвүүн онцлогийн төвлөрөнгүй тусгал болсон байна.
