Эх дэлхий, байгаль ахуй, орчин тойрноо хайрлан хамгаалж явах нь хүн бүхний үүрэг хариуцлага байж таарна. Хэрвээ бид ажиллаж амьдарч байгаа орчин тойрноо цэвэр сайхан байлгахыг ямагт хамгийн үндсэн шаардлага болгож, хүн бүхэн өөрийн биеэсээ эхлэн хийж, нийтээрээ хөдөлж орчин тойрноо цэвэрлэж байвал цэвэр цэмцгэр, боловсон сайхан хамтын гэр орон босно.
Бидний дэргэд орчноо цэвэрлэн хамгаалах үйл ажиллагаа маш ихээр явагдаж байна. Даруй байгууллага нэгжээс эхэлж малчин түмэн хүртэл санаачилгатайгаар зохион байгуулж, гудамж талбай, замын хажуу, ус голын хөвөөн дэх хог хаягдлыг цэвэрлэж буй олон нийтийн үйл ажиллагаа, найрын талбайд ная гарсан буурал ээж хог хаягдлыг түүсэн үлгэр дуурайлтай үйл ажиллагаа, эх байгалиа хайрлан орчин тойрноо хамгаалах зорилго бүхий сайн дурын нийгэмлэгийн үйл ажиллагаа зэрэг олон олон арга хэмжээ зохион байгуулагдаж эх байгаль, орчин тойрноо цэвэр сайхан байлгахад хамтдаа оролцож байгаа нь үнэхээр магтууштай юм.
Эдгээрийн дунд “А-Э-И” нийтийн асрамжийн орчин тойрны сайн дурын нийгэмлэгийн үйл ажиллагаа олон жил үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн хэдэн өдрүүдэд тэд аймгийн шилдэг сайн дурын үйлчилгээний зохион байгуулалтаар сонгогдлоо гэсэн сайхан мэдээ чихний чимэг болж байлаа.
“А-Э-И” нийтийн асрамжийн орчин тойрны сайн дурын нийгэмлэг нь Бай Жинь, Хөхдалай, Цолмон, Амингол зэрэг залуусын удирдлагаар 2014 оны 04 дүгээр сард байгуулагдаж, 2015 оны 06 дүгээр сард аймгийн Ардын явдлын товчоонд бүртгүүлсэн нийтийн асрамжийн чанартай, тусгай мэргэжлийн чанартай, ашгийн бус чанартай 3A зэрэглэлийн нийгмийн зохион байгуулалтын байгууламж юм.
Анх дөрвөн хүнээс бүрдсэн тус нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэл нийгмийн бүхий этгээдийн 200 мянган хүнийг нэгтгэн, 1000 гаруй удаагийн орчноо хамгаалах үйл ажиллагааг өрнүүлж, нийгэмлэгт бүртгүүлсэн гишүүн нь ч 3125 болж өргөжин, Юүнь Нань мужийн Күнь Мин хот, Шиньжяны Баянгол жөү, Гань Сү мужийн Сү Бэй шянь болон Хөххот, Алшаа аймгийн Баянхот, Эзэнэ хошуу, Хөлөбуйр хотын Хайлар дүүрэг, Хянган аймгийн Улаанхот, Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль, Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошуу, Шулуун хөх хошуу, Сөнид зүүн хошуу, Сөнид баруун хошуу, Тайфус хошуу, Улгай удирдлагын орон, Эрээн хот зэрэг газарт 19 салбар нийгэмлэгтэй болжээ. Анх ойр хавийнхаа орчин тойрноо цэвэрлэхээр гол болгож байгаад одоо Жян Сү мужийн Фү Нин, Юүнь Нань мужийн Күнь Мин, Гань Сү мужийн Сү Бэй зэрэг газар, бүх өөртөө засах орон, бүх аймгийн хошуу шяньтай хамтран тал нутгийн хог хаягдлыг цэвэрлэх, найр наадам, том хэлбэрийн уралдаанд сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Мөн ядуу буурай амьдралтай сурагчдад туслах, байгаль орчны хүмүүжил, сургуулийн хүрээ, дүүргийн орчин тойрныг хамгаалах ухуулга хүмүүжил, Шилийнголыг хамгаалах, голын урсгалыг хянан хэмжих, нүүдлийн шувуу оршин амьдрах газрыг хамгаалах ухуулга хүмүүжил, албан журмын мод тарих, том хэлбэрийн орчин тойрны хамгаалалтын нийтийн асрамжийн үдэшлэг, нийтийн асрамжийн тал нутгийн аялал зэрэг агуулгыг багтаасан нийтийн асрамжийн орчин тойрноо хамгаалах үйл ажиллагаа зэргийг зохион байгуулахаар барахгүй үйлчилгээний цар хүрээ нь ч өргөжиж эхэлсэн байна.
Энэ жилийн 05 дугаар сарын 17-ны өдөр тус сайн дурын нийгэмлэгийн Зүүн Үзэмчин хошуун дахь “А-Э-И” холбооны сайн дурын ажилтан нь Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур суурингийн Харговь багийн амьдралын боломж тааруу Сарнайгийнд хүрч амьдрал ахуйтай нь танилцаж, холбооноосоо 2300 юань гарган хана таазыг нь угааж цэвэрлэн, нөхөж сэлбэх ажлыг хийсэн бөгөөд өрөөний гадна доторх хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Энэ жилийн тахлаас сэргийлэх хугацаанд тус нийгэмлэг 20-иод гишүүнээ зохион байгуулалттайгаар ард иргэдийн дүүрэг, сум багт нэвтрэх замын уулзварт харуул манаанд зогсох зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэжээ. Тус нийгэмлэгийн олон жилийн хийсэн ажлыг яриад тоочоод хэрхэн дуусах билээ.
“А-Э-И” нийтийн асрамжийн орчин тойрны сайн дурын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Цолмон: - Анх орчныхоо цагаан бохирдлыг арилгах гэсэн өчүүхэн бодлоор ажлаа эхлүүлсэн. Одоо манай нийгэмлэг бүх газар оронд салбар байгуулсан бөгөөд үйлчилгээний цар хүрээ ч өргөжиж байна. Бид олон олон хүнийг ухуулж тус үйл ажиллагаанд оролцуулна гэж бодож байна. Нийгэмлэг анх байгуулагдаад хамтын ажиллагаа өрнүүлэхэд машин унаа байхгүй их хүнд байсан. Одоо нийгэмлэгийн гишүүд олон болсноор машин унаа хэрэглэхэд зовох зүйлгүй болсон гэж байлаа.
Харамж урамшуулал гэж хөлс хөдөлмөрийн хариуд ирдэг шагнал болохоор эдгээр жилүүдэд тус нийгэмлэг нь шаргуу ажилласныхаа сайнаар улсын зэрэглэлийн яруу алдрыг дөрвөн удаа, өөртөө засах орны зэрэглэлийн яруу алдрыг таван удаа, аймгийн зэрэглэлийн яруу алдрыг хоёр удаа хүртсэн бөгөөд хотын зэрэглэлийн сайшаал урамшууллыг хоёр удаа хүртжээ.
Мөн саяхан болсон “Орь залуу насаа намдаа зориулж, шинэ цаг үед гавьяа зүтгэл гаргасугай” гэх аймгийн залуучуудын сайн дурын нийгэмлэгийн гишүүдийн төлөөлөгчдийн их хурал дээр “А-Э-И” сайн дурын нийгэмлэг нь аймгийн шилдэг сайн дурын үйлчилгээний зохион байгуулалтаар сонгогдож, нийгэм нийтдээ дахин танигдаж билээ.
Бид эх байгалийнхаа атга шороо, ширхэг өвсийг хүртэл хайрлаж хямгадаж явбал эх байгаль минь илүү сайхан болж, бидний оршин амьдрах орчин тойрон улам бүр гоо үзэсгэлэн болно. Эх байгаль гэдэг хүн төрөлхтний үеийн үед эдэлж явах буян хишиг. Ийнхүү өөрийн бие, үр хойчдоо аз жаргалтай амьдрах сайхан орчныг бий болгохын тулд нийтээрээ байгаль орчноо хайрлан хамгаалах хариуцлагыг цаг ямагт дээдлэн хүндэлж явъя. Учир нь нуур амгалан бол сая нугас амгалан байж чадна.
