solongonews
Хүний нутгийн эрдмийг өвөрлөн, өөрийн нутагтаа шимийг нь хүртээнэ
2017-03-03 18:01
“Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз”, “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэх мэтээр ард түмэн хол газар явж амьдралтай танилцах, улмаар сурч боловсрохын чухлыг эртнээс сургаж иржээ.

Олны газар хөл тавьж, нүд нээж аливаа зүйлийг таних аваас тэр таны цаашдын амьдралд олон талын эерэг нөлөө үзүүлэх болно. Үүнийг ухамсарлан хүмүүс гадаад явахыг их хүсэх болсон. Харин орчин үед улс орнуудын хоорондын харилцаа илүү сайжирч, нийгмийн хөгжлийг дагаад хүний амьдралын нөхцөл байдал дээшлэн, гадаад явах хүсэл мөрөөдөл нь биеллээ олж, аль ч улс орны хувьд иргэд нь сурах, ажиллах, зугаалах гээд л олон зорилго тавьж, гадагш явах нь жилээс жилд нэмэгдсээр байна. Зам тээвэр ч амар хялбар болж, гадаад явах гэдэг саахалтын айлдаа орж байгаа мэт хэдэн минут, нэг хоёр цагийн дараа л нөгөө улс оронд хүрэх нь зүүд биш болжээ.

Ингэж гадаад гарах асуудал шийдэгдэж, гадагш урсах хүний цуваа нэг мэдэхэд л хэдэн арван жилээр үргэлжлэн, өнөөдөр гадаадад явсан хүмүүс эх орондоо буцаж ирэх үү үгүй юу гэдэг асуудал анхаарал татаад байна. Өмнө нь гадаад явсан хүнээс цөөн хэд нь буцан ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд Хятадын гадаадад суралцаж төгссөн оюутан залуус эх орондоо буцан ирэх нь нэмэгдсээр байгаа бөгөөд Хятад улс нь гадаадаас эх орондоо буцан ирэх орчин үеийн шинэ чиг хандлагыг угтан авч байна.

 Баттай эх сурвалжийн мэдээлснээр 2015 онд Хятад улсаас гадаадад суралцаж байгаа хүний тоо 523.7 мянгад хүрч, нутаг буцсан хүний тоо 409.1 мянгад хүрч буцан ирсэн тоо нь 2014 оныхоос 12.1 хувиар нэмэгдэв.

       Гадаадад суралцсан залуус өндөр зэрэглэлийн, олон улсын хараанаас дэлхийн интернэт сүлжээнд шалгарсан, дэлхийн дэвшсэн шинжлэх ухаан, технологийн мэдлэг, бизнесийн загвар, шинэлэг зүйлийг сурч, ажил үйлс эрхэлж, хийж бүтээе гэсэн оргилом халуун зүрх сэтгэлтэй байдаг нь тэдний давуу талууд.

"Гадаадад суралцаж байгаа Хятад залуусын хөгжлийн тайлан" номд 1978-2015 оны сүүлч болтол олон салбар мэргэжлээр гадаад улсыг зорьсон залуусын тоо 4.421 сая хүнд хүрч, үүнээс 2.2186 сая хүн нь гадаадад төгссөний дараа эх орондоо буцан ирж ажил эрхлэлт хийж, энэ цуваа тасралгүй үргэлжилсээр байна. Хилийн чанадад олон улсын дэвшсэн боловсрол эзэмшсэн оюуны боловсон хүчин нутаг буцсан хойно улсын дотоодын хөдөлмөрийн зах зээлд хэр сонирхолтой байх, улсдаа буцан ирэгсэд үнэхээр сурсан мэргэжил, чадвараа бүрэн харуулж байгаа эсэх, тэдний гавьяа зүтгэл улсын хөгжил цэцэглэл, бие даасан инновацийн чадавхыг сайжруулах талд нөлөөлж байх эсэх зэрэг олон зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.

"2016 оны гадаадад суралцаад Хятад улсдаа буцан ирэгсдийн ажил эрхлэлтийн судалгааны тайлан"-д орчин үед нутаг буцан ирж байгаа хүмүүсийн ажил эрхлэлтийн байдал олон төрөлжсөн, хайр сэтгэл, эх оронч, соёл иргэншил зэрэг шалтгаанаас нутаг буцах замыг сонгох нь олон байгаа бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн цалин хөлс өндөр байдаг болохоор үүнийг сонгож ажиллах нь олон хандлагатай байна. Эх орондоо буцан ирж ажиллагсад гол төлөв хотын эдийн засгийн хөгжил болон олон нийтийн үйлчилгээ, орон нутгийнх нь Засгийн газраас оюуны боловсон хүчиндээ үзүүлж байгаа тэтгэлэг ногоон картын бодлого, капиталын дэмжлэг үзүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулдаг байна. Судалгаагаар Хятад улсад гадаадаас буцан ирэгсдийн ихэнх нь нийслэл Бээжинд ажиллах сонирхолтой байдаг аж. Энэ нь Бээжин хот нь Хятад улсын эдийн засгийн хөгжлийг тулгуурласан олон аж үйлдвэрийн цугларал болсонтой холбоотой. Сүүлийн жилүүдэд энэ байдал бага зэрэг өөрчлөлттэй болж, Далянь, Шанхай, Шэньжэнь, Гуанжөү, Тяньжинь зэрэг хотуудыг сонгож ажиллах болсон байна.

 Хятад улсын хувьд хүн ам олон болохоор гадаадад сурсан хүмүүс нутаг буцаж ажиллахад өрсөлдөөн их. Гэсэн хэдий ч олон улсын гадаад иргэдэд явуулдаг бодлогын хатуурал зэрэг нь гадаадад амьдарч ажиллах боломж багассаар байна. Харин Хятад улсын эдийн засгийн хөгжил, аж ахуйн нэгжийн тэлэлт, гадаадад сурсан хүмүүст зориулсан ажлын байрны хангамж, боловсролын системийн чанар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх бололцоо нэмэгдэж, гадаадад урт хугацаагаар оршин сууж, ажиллаж хөдөлмөрлөх хүний санаа бодол ч даган өөрчлөгдөх болов.

Эх орны хөгжилд тэдний оролцоо үнэхээр хэрэгтэй болохоор төр засгаас ч гадаад улс оронд сурч төгссөн залуучуудаа эх орондоо ирж ажиллахыг уриалж цалин хөлс өндөр өгөх, ажил тушаал өндөр амлах, байр өгөх зэрэг бодлого, чиглэл, арга хэмжээ явуулж байдаг.

1999 онд Нобелийн шагнал хүртсэн Амартья Сэн хэмээх эдийн засагч Зүүн Азийн шинээр хөгжсөн орнуудыг судалж үзээд, тэдгээр улсын хөгжлийг түргэтгэсэн хамгийн гол хүчин зүйл нь “хүний хөгжил” байсан гэж дүгнэсэн байдаг. Хүний хөгжилд боловсрол, эрүүл мэнд гээд олон зүйл хамрагддаг байх. Харин боловсрол гэдэг нь мэдлэг чадвар, ёс суртахууны төлөвшилт, нийгэмд биеэ зөв авч явах чадвар байх ёстой. Өндөр боловсролтой иргэд, залуучуудаа зөв ажиллуулах гэдэг аливаа улсын хөгжилтэй холбоотой асуудал. Өсгөж боловсруулахад хөрөнгө зарцуулаад, үр шимийг нь хүртэж байна гэдэг улс үндэстний хувьд ашигтай. Хүний нутагт эрдэм өвөрлөн, өөрийн нутагтаа шимийг нь хүртээнэ гэдэг хувь хүний хувьд ч бахархмаар зүйл билээ.

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл