solongonews
“Дорнын салхи”-ны аясаар “Улаан туг” намирна
2023-11-30 11:26
1953 онд БНХАУ-ын анхны авто машины үйлдвэр /буюу “FAW” групп/ Гирин мужийн Чанчүнь хотод шаваа тавьжээ.

    Гурван жилийн дараа үйлдвэрийн барилга дуусан ашиглалтад орсон. Тэр цагаас хойш 70 жилийн хугацаанд “FAW” компани нь үйлсийн аяндаа гарч, хүндрэл бэрхийг туулан, хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр зүтгэж, хятадын орчин үеийн “Улаан туг”-ийн гайхамшигт түүхийг бүтээсэн. Энэхүү үндэсний брэнд нь эх орны нэр хүндийг өргөж, ард иргэдийн урам зоригийг хөгжөөсөөр ирсэн. Хятадын автомашины үйлдвэрлэлийн эхлэл, хөгжлийн нотолгоо болсон энэхүү брэндийн нэр нь “Хун Чи /Улаан туг/”.

   “Хятадын ард түмэн босож зогссон”-ы бэлгэ тэмдэг

   - Дүн Фэн /Дорнын салхи/ машинаа жолоодож, Хун Чи /Улаан туг/ машинаа харуулна. Тансаг машин үйлдвэрлээд Мао тэргүүлэгчтэй уулзна”. 1958 оныг эргэн дурсахад FAW-ийн ахмад үеийнхний сэтгэл одоо ч гэсэн догдолдог.

1958 оны 02 сарын 13-нд Мао Зэдүн FAW-д зочилжээ. Тэрээр:

   - Бид хэзээ өөрсдийн үйлдвэрлэсэн авто машиндаа суух бол? гэж хамт яваа хүмүүстээ бодол хүндхэн хүүрнэж байв. Энэ бол мөн тухайн үеийн бүх ард түмний хамтын хүсэл хүлээлт байсан юм.

   Энэ явдлаас өмнө Хятадын авто машин үйлдвэрлэх анхны үйлдвэр 1953 онд Гирин мужийн Чанчүнь хотод шаваа тавьж, 1956 онд барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулсан. 1956 оны 07-р сарын 13-нд Хятадад үйлдвэрлэсэн анхны Же Фан /Чөлөөлөлт/ нэртэй ачааны машин зах зээлд гарч, 1958 оны 05-р сарын 12-нд Хятадад үйлдвэрлэсэн анхны Дүн Фэн /Дорнын салхи/ нэртэй жижиг авто машин ашиглалтад орсон.

   Тансаг зэрэглэлийн авто машины бүтцийг судлахын тулд тухайн үеийн хамгийн дэвшилтэт V8 хөдөлгүүртэй гадаад хийцийн тансаг машиныг зээлээр авчирч загвар болгож байв. Судлан бүтээх цаг хязгаартай, техникийн нөхцөл харьцангуй хоцрогдмол байсан тул FAW компани нь баг хамт олны хүчийг хамгийн дээд хэмжээгээр тодруулахыг хичээж байв. Лавлах загварыг судалгааны цэхэд хүргэмэгц ажилчид тэсэн ядан задалж, судлах ажлаа эхлүүлсэн байдаг.

   Загварын машиныг 2000 гаруй хэсэг болгон задалж, FAW үйлдвэрийн нийт ажилчид хүн бүр өөрийн сайн мэддэг хэсгүүдээ үйлдвэрлэхээр ажлаа хуваарилсан бөгөөд аль араа, аль сэлбэгийг хэн гэгч хүн хэдий хугацаанд хийж бүтээх нь хүртэл бүгд тодорхой бүртгэлтэй байв.

   33 хоногийн дараа “Улаан туг” машин мэндэллээ. “Дорнын салхи”-тай харьцуулахад “Улаан туг” машин нь FAW-ийн бие даан зохион бүтээсэн V8 хөдөлгүүртэй. Хамгийн ихдээ 200 морины хүчтэй, цагт 185 км-ийн дээд хурдтай. Машины хамар дээр намиран гялалзсан улаан тугийн логотой, сүүлний гэрэл нь ордны дэнлүүний хэлбэртэй, дугуйн чимэглэлийн тагийг нь Хятадын уламжлалт барилгын үүлэн хээтэй зохиосон байна.

   1958 оны 08-р сарын 02-нд 20 мянга орчим хүн “Улаан туг” машины нэр өгөх ёслолд оролцжээ. Тухайн үед Гирин мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ү Дэ машины урд талд “Улаан туг” суулгахдаа:

   - Бүгдээрээ энэ машиныг “Улаан туг” гэж нэрлээд, машин дээр улаан тугийг суулган, автомашины үйлдвэрт улаан туг хатгаж, улаан тугтай машиныг Хятад болон дэлхийн өнцөг булан бүрд хүргэе гэж хэлсэн байдаг.

   1959 оны 09-р сард эхний бүлэг 30 гаруй ширхэг “Улаан туг” машин, 2 ширхэг парадад зориулсан машиныг Бээжинд илгээсэн бол мөн оны 10-р сарын 01-ний өдөр “Улаан туг” автомашин нь улс тунхагласны 10 жилийн ойн баярын үеэр анх удаа үндэсний автомашин болж цэргийн парадад ашиглагдсан байна.

   “Улаан туг” машин нь Хятадын ард түмэнд урьд өмнө байгаагүй үндэсний бахархал авчирсан юм. Хятадын ард түмний зүрх сэтгэлд “Улаан туг” нь үндэсний брэндийн авто машин төдийгүй, Хятадын автомашины үйлдвэрлэлийн туг, “Хятадын ард түмэн босож зогссон”-ы бэлгэ тэмдэг юм.

   “Эх орны” төлөө байсан бол “ард түмэнд зориулж” машин хийх болов

   Ядуурлын цаг үеийг туулж, орчин үеийн аж үйлдвэрлэлийн эрин үед орсны дараа FAW нь шинэ түүхэн үүргээ хүлээж, “Улаан туг машин бүтээх”-ээсээ “Улаан туг чанартай машин үйлдвэрлэх” зорилготой болов.

  1992 онд “FAW” үйлдвэр нь нэрээ өөрчилж “FAW Group” корпораци болсон. 2001 онд БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэний дараа гадаад хөрөнгө оруулалттай олон тооны брэндийн машинууд Хятадын зах зээлд орж ирсний улмаас Хятадын үндэсний брэндийн авто компаниуд өөрчлөлтийн асуудалтай нүүр тулах шаардлагатай болжээ.

   FAW группийн R&D институтын захирал Лү Шэнли хар багаасаа л машинд дуртай нэгэн байв. 2002 онд их сургуулиа төгссөн тэрээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө FAW-д ажилд орсон байна. Тухайн үед Лү Шэнли “Ажил хийвэл заавал "Улаан туг"-т ажиллана, эс тэгвэл насны харамсал болно” гэж боддог байв.

   2008 онд “FAW Group” нь улс төрийн зориулалттай машины зах зээлийн хэрэгцээг хангахын тулд “Улаан туг” брэндийн дор цоо шинэ загвар гаргахаар шийдлээ. Тэдний өмнө хоёр сонголт байв. Нэг нь гадаад боловсронгуй загварын тавцанг үргэлжлүүлэн зээлж, судалгаа, хөгжлийн хугацааг богиносгон, шинэ машиныг хурдан бүтээх. Хоёр дахь нь бие даасан шинэ загварыг бүтээх. Гэхдээ энэ нь амжилттай болох эсэх нь тодорхойгүй, хэзээ амжилтад хүрэх нь бүр ч тодорхойгүй байлаа.

  Эцэст нь бие даасан шинэчлэлийг шаардсан дуу хоолой FAW-ийн ажилчдын дунд давамгайлав. Таван жилийн шаргуу хөдөлмөрийн эцэст 2013 оны 05-р сард “Улаан туг” H7 шинэ загвар мэндэллээ. Энэ нь автомашины бүхэл бие, платформ, загварын бие даасан судалгаагаар дамжин бүтээгдсэн хятад үйлдвэрийн анхны машин болсон юм. Тус машины техникийн гол үзүүлэлтүүд Хятадын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд зарим үзүүлэлт нь олон улсын түвшинд хүрсэн байдаг.

   2016 оны 11-р сараас “Улаан туг” брэндийг “FAW Group”-ийн төв компани шууд удирдаж эхэлсэн нь тус брэндэд хөгжлийн илүү их нөөц боломжийг олгожээ. Үүний зэрэгцээ “Улаан туг” нь судалгаа хөгжлийн шинэ системийг байгуулж эхэлсэн ба дэлхийн хэмжээний судалгааны загварыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь технологийг ойлгодог залуусын хувьд “Улаан туг”-т ажилласан технологич ч гэгээн саруул ирээдүйтэй гэдгийг мэдрүүлж, ажлын урам зоригийг нь нэмэгдүүлсэн байна.

   Олон арван жилийн өмнө FAW нь “Эх орныхоо төлөө машин бүтээх” замд гарч, “Улаан туг” машинд оюун санааны өвөрмөц агуулгыг суулгасан бол хэдэн арван жилийн дараа зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй тулгарч, “Ард түмэнд зориулж машин үйлдвэрлэх” нь “Улаан туг” брэндийн хувьд энэхүү оюун санааны өвөрмөц агуулгаа хадгалах цорын ганц арга зам болсон юм.

   2018 оны 01-р сард “FAW Group” нь “Улаан туг” брэндийн цоо шинэ стратегийг гаргасан бөгөөд зорилтот үйлчлүүлэгчид нь ард түмэн болсон байна. Залуу хэрэглэгчдийг татахын тулд “Улаан туг” нь хямд үнэтэй, загварлаг, ухаалаг жолоодлогын систем нэвтрүүлсэн олон төрлийн загваруудыг зах зээлд гаргасан байна.

   2019 онд “Улаан туг”-ийн борлуулалт 100 мянган ширхгийг давсан бөгөөд үүний зэрэгцээ хэрэглэгчдийн дотор 80-аад он, 90-ээд онд төрсөн залуу хэрэглэгчдийн хэмжээ нийт хэрэглэгчдийн 60-аас дээш хувийг эзэлсэн байна. 2022 онд “Улаан туг” брэндийн тээврийн хэрэгслийн борлуулалтын хэмжээ 310 мянган ширхэгт хүрчээ.

    Шинэ эрчим хүчний машин хөгжлийн шинэ хандлага болсон

  Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл нь өнөөдөр дэлхийн автомашины үйлдвэрлэлийн хэв маягийг шинэчлэх чухал хөдөлгөгч хүч болж, мөн Хятад улс автомашины хүчирхэг улс болохын тулд ашиглах ёстой чухал боломж болжээ. Улмаар шинэ эрчим хүчний автомашин нь “Улаан туг” брэндийн сүүлийн жилүүдэд хөгжүүлэхийг зорьж буй гол чиглэл болов.

   - Шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэх техникийн нөөц маань хангалттай байгаа. Судалгааны гол түлхүүр нь хэрхэн том цар хүрээтэй хийх, өртөг зардлыг бууруулахын зэрэгцээ технологийн салбарт шинэчлэл оруулахад оршиж байгаа юм. Жишээ нь, автомашины батарейны бага температурын чип нь бидний одоогоор хөгжүүлэхээр ажиллаж байгаа шинэ технологи юм гэж “FAW group”-ийн Шинэ эрчим хүчний хөгжлийн институтын дарга Жао Хүйчао хэллээ. Тэрээр мөн:

   - Одоогийн байдлаар бидний боловсруулсан бага температурын батарейны чип нь бага температурт тээврийн хэрэгслийн хүчин чадлыг бууруулахгүй байх боломжтой. Цельсийн долоон хэмээс доош байх тохиолдолд машины цахилгаан муудахгүй, цельсийн 20 орчим хэмээс бага тохиолдолд бол машины цахилгааныг 80 хувиас дээш байлгах боломжтой. Энэ жил уг технологийг үйлдвэрлэлд оруулсан гэж нэмж танилцуулсан юм.

   Үүнээс гадна, “Улаан туг” шинэ эрчим хүчний автомашин нь мөн олон олон техникийн шинэчлэл хийжээ. Жишээ нь, тээврийн хэрэгслийн утасгүй цэнэглэлт гэх зэрэг.

   - Тээврийн хэрэгсэлд зориулсан утасгүй цэнэглэх технологи нь индукцийн зуух хэрхэн ажилладагтай адил ёс юм. Машины элгэнд 0.2-0.3 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй жижиг төхөөрөмж угсрахаар дамжуулан цахилгаан соронзон гүйдлээр цэнэглэдэг. Энэ технологийг ашиглах нь мөн “Улаан туг” брэндийн тав тух, тансаг шинж чанартай маш их нийцэж байдаг гэж Жао Хүйчао ярьлаа.

   2023 оны 01-р сард “Улаан туг” шинэ эрчим хүчний автомашины дэлхийн хэмжээний стратегийг нийтлэв. Үүнээс гадна, тус брэнд нь ирээдүйд чиглэсэн орчин үеийн тээврийн хэрэгслийн технологийн системийг байгуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд “Чи Жы” өндөр зэрэглэлийн цахилгаан хөдөлгүүрт ухаалаг архитектур (FMEs) болон цахилгаан платформ HME, ухаалаг платформ HIS, нэгдмэл платформ HMP-ийг судалж байна. “Чи Жы” супер архитектур нь “FAW” группийн техникийн найман томоохон бүлэг, 115 гол техникийн салбарын хамгийн сүүлийн үеийн бүх ололт амжилтуудыг нэгтгэж, судалгааны ажил дууссаны дараа бараг 10 мянган патент, программ хангамжийн зохиогчийн эрх зэрэг оюуны өмчийн эрхтэй болох юм.

  Төлөвлөгөөний дагуу 2028 он гэхэд “Улаан туг” брэндийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт нь нийт борлуулалтын гуравны хоёроос илүү хувийг эзлэх болно. “Улаан туг” автомашины хувьд шинэ эрчим хүч нь аж үйлдвэрийн хөгжлийн гол зам юм. Шинэ эрчим хүчний өөрчлөлтийг сайн хийсний улмаас бизнесийн үзэл баримтлалаас үйл ажиллагаанд хүртэлх бүхэл бүтэн өөрчлөлтийг удирдан дагуулах нь “Улаан туг”-ийн хөгжлийн стратеги болсон байна. “Улаан туг” автомашиныг илүү залуу, илүү загварлаг, илүү технологитой болгох, үнэ өртгийн гинжин хэлхээг бүх чиглэлээр дээшлүүлэх нь “Улаан туг” брэндийн итгэл, мөн үндэсний соёлын итгэл юм.

   Хятадын чанарыг дэлхийд чиглүүлнэ

  Хятадын автомашины аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжлийн зэрэгцээ Хятадын автомашины үйлдвэрлэл нь “зээлэн авчрах” арга барилаасаа “гадагшаа гаргах” замд гарсан. Хятадын автомашины аж үйлдвэрийн нийгэмлэгээс гаргасан тоон үзүүлэлтээс харахад энэ оны эхний хагаст Хятад улс 2.14 сая ширхэг автомашин экспортолж, өнгөрсөн оны мөн үеэс 75.7 хувиар өссөн байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн Автомашины аж үйлдвэрийн салбарын төсөөлснөөр энэ жил Хятадын автомашины экспорт дөрвөн саяас давах бөгөөд дэлхийн хамгийн том автомашин экспортлогч орон болох магадлалтай байна.

   Энэ их үзүүлэлт дунд “Улаан туг” машин байх нь гарцаагүй. “Улаан туг” брэнд нь Европ, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Ази зэрэг улс орны зах зээлд нэвтэрсэн бөгөөд орон нутгийн хэрэглэгчдээс өндөр үнэлгээг хүртсээр байна.

   - “Улаан туг”-ийг гадаадын зах зээлд нэвтрүүлж, илүү олон гадаадын иргэдэд таниулах нь миний мөрөөдөл юм гэж ярих Ван Дань бол “FAW” группийн Импорт, экспортын компаний “Улаан туг” брэндийн гадаад дахь худалдааны хэлтсийн ажилтан. 2021 онд тэрээр Камбожид ирж, орон нутгийн зах зээлийг судлах чиглэлээр ажиллах болсон байна.

   - “Улаан туг” автомашин орон нутагт зам тээврийн үзүүлбэр явуулах бүртээ үргэлж маш өндөр хандлагыг хүлээх болсон. Сонирхох, турших хүмүүс эцэс төгсгөлгүй үргэлжилж байдаг бөгөөд хүүхэд залуусгүй бүгд л “Улаан туг” машинтай зураг авахуулах дуртай. Ялангуяа, гадаадад амьдардаг хятадууд манай машиныг халуун дотноор хүлээн авдаг. Энэ нь бидэнд Хятад үйлдвэрийн машин гадаад зах зээл дэх хүлээлтийг олж мэдэх боломжийг олгодог. Өнөөдөр “Улаан туг” брэнд нь Камбожийн ард түмний зүрх сэтгэл дэх хятадын тансаг зэрэглэлийн машины брэнд болж чадсан гэж Ван Дань хэллээ.

   2021 оны 09-р сард “Улаан туг” цэвэр цахилгаан хөдөлгүүрт ухаалаг SUV E-HS9-ийг Норвеги улсад экспортолжээ. Энэ нь Хятад үйлдвэрийн автомашины өндөр зэрэглэлийн брэндийг Европын зах зээлд бөөнөөр гаргах тэмдэглүүштэй чухал үйл явдал болсон юм. “Улаан туг” брэнд нь бүтээгдэхүүний шилдэг чадавх, гадаад дизайнаараа Европт олон тооны фенүүд болон үнэнч хэрэглэгчидтэй болсон. 2022 онд Норвегийн зах зээлд албан ёсоор гарсны дараа ердөө зургаан сарын дотор 1000 ширхэг борлуулагдаж, Норвегийн дунд болон том оврын цахилгаан хөдөлгүүрт SUV-гийн зах зээлд 3-р байр, Хятадын брэндүүдийн 1-р байранд жагссан байна. Мөн энэ эрчээрээ Швед, Нидерланд, Исланд, Дани зэрэг Европын зах зээл дэх зам сувгийг нээн, Европын өндөр зэрэглэлийн зорчигч тээврийн машины зах зээлд түргэн шуурхай нэгдэж чадсан байна.

   Хилийн чанадад “Улаан туг” автомашин нь мөн олон олон нэр хүндтэй шагнал хүртжээ. 2021 онд “Улаан туг H9” машин Саудын Араб улсад болсон “Шинэлэг тансаг машины шагнал”-ыг хүртсэн. 2022 онд “Улаан туг E-HS9” машин нь Катарт болсон “Цахилгаан хөдөлгүүрт машины оны шилдэг шагнал”-ыг хүртсэн бол “Улаан туг H9” машин мөн Катарт болсон “Хамгийн үнэ цэнтэй тансаг машины шагнал”-ыг хүртсэн байна.

   Борлуулалтын мэдээлэл нь“Улаан туг” брэндийн олон улсын өрсөлдөх чадварыг харуулж чадсан. Энэ оны 01-ээс 10 дугаар саруудад “Улаан туг” брэнд нь 9022 ширхэг авто машин экспортолсон бол энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 133.2 хувиар өссөн байна.

   “Улаан туг” автомашин хилийн дээсийг дамнан, үндэсний брэндийг гадаадад алдаршуулж, хятадын чанарыг дэлхийн өнцөг булан бүрд хүргэж байна.

   Сүүлийн 65 жилийн хугацаанд “Улаан туг"-тай машиныг Хятад, цаашлаад дэлхий даяар түгээх” мөрөөдөл биелсэн. Ирээдүйд Хятадын энэхүү “Улаан туг” бүр ч илүү их амжилт гаргах нь дамжиггүй юм.

Зохиогч: ЛИ ФАН, ЛИ ЖЭНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл