Тэрбээр Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Димитрий Медмедевтэй хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшний 21 дэх уулзалтыг зохион байгууллаа.

Ли Кэчяны хувьд Еврази дахь айлчлалын 4 дэх зогсоол, найм дахь өдөр болж байгаа бөгөөд Киргизстан, Казакстан, Латвиар дайран Санкт-Петербургт ирсэн нь энэ юм. Түүнийг Димитрий Медведев тосон авч, айлчлалын эхний өдөр Эрмитажийн музейг үзэж танилцуулжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Димитрий Медведев өмнө нь Ли Кэчяны урилгаар түүний төрсөн нутаг Анхуй мужийн Хэфэй хотод айлчилж байсан бол энэ удаад Димитрий Медведевийн урилгаар түүний төрөлх хот Санкт-Петербургт Ли Кэчян айлчилж байгаа нь энэ юм. Үүнийг "Hometown diplomacy" хэмээн нэрлэдэг.
Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа зөвхөн гадаад худалдаа төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбоо зэрэг олон салбарт шинэ шатанд гаргахаар гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн байна. Түүнчлэн, ОХУ-ын зүүн язгаар нутагт соёлын хамтын ажилагааг өргөжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа зэрэгт анхаарал хандуулахаар хоёр тал харилцан тохирчээ.

Айлчлалын дүнд хоёр хөрш энэ онд хийгдэх худалдаагаа 40 тэрбум ам.долларт хүргэх, ирэх 3-7 жилд худалдааны хэмжээг 200 тэрбум долларт хүргэхээр тохиролцсон байна.
Мөн айлчлалаар цөмийн технологи, эрчим хүчний салбарт ажиллах хэд хэдэн гэрээг үзэглэснээс гадна Москва-Бээжинг холбосон хурдны галт тэрэгний төмөр зам барих гэрээнд гарын үсэг зурсан нь анхаарал татаж байна. Уг хурдны төмөр замыг байгуулах эхний алхамыг өнгөрсөн жил хийж байсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин, Ли Кэчян нар санамж бичиг байгуулж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн Ерөнхий сайд нарын уулзалтаар хурдны галт тэрэгний төмөр зам барих гэрээг албан ёсоор үзэглэжээ. Уг төсөлд хурдны төмөр замыг Монголыг тойруулан барихаар зураг төсөл гарсан байгаа юм.

Ерөнхий сайд нарын уулзалтын дараа хэвлэлд хамтарсан мэдээлэл хийсэн бөгөөд Медведев "Хятад-Оросын харилцаа өргөн хүрээнд хөгжих хэтийн төлөв харагдаж байна. Хоёр тал, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах, хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх зорилгоор, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, ЖДҮ, санхүү, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг дэмжих шинэ хүчин чармайлт гаргах болно" хэмээн хэлжээ.
