
Тодруулбал, тус төрөлд Японы тамирчид болох 19 настай Сакүра Ёсозүми алтан медаль, 12 настай Кокона Хираки мөнгөн медаль хүртсэн юм.
Харин Их Британийн тамирчин С.Брауны хувьд 56.47 онооны үзүүлбэр үзүүлснээр хүрэл медалийн болзол хангаж, улсынхаа хамгийн залуу Олимпын медальтан болжээ.
Тэрээр дөнгөж 13 настай бөгөөд финалын эхний хоёр гараандаа унасныхаа дараа сүүлчийн оролдлогоороо 56.47 оноо авч, үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэснээр ийнхүү гуравдугаар байр эзэллээ.
Үүний зэрэгцээ мөнгөн медалийн эзэн болсон 12 настай К.Хиракигийн хувьд 85 жилийн түүхэн дэх хамгийн залуу Олимпын медальтан болж байна.
С.Браун өнгөрсөн жил бэлтгэл сургуулилтынхаа үеэр хүнд гэмтэн гавлын яс нь цуурч, гараа хугалсан ч өнөөдрийн гаргасан амжилт нь гайхалтай байлаа. Тэрээр тухайн бэлтгэлийн дүрс бичлэгээ өөрийн “Insragram” хуудсандаа "Илүү хүчтэй, илүү хатуужилтай эргэж ирэхдээ баяртай байна” гэсэн тайлбартайгаар нийтэлж байжээ.
Тамирчин охин Японы Миязаки мужид төрсөн. Ээж нь Япон, аав нь Их Британи гаралтай. Найман настайдаа АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцсон С.Браун 2018 онд Их Британийн төлөө өрсөлдөхөөр сонгогдсон байна.
Мөн маш олон төрлийн авьяастай тэрээр 2018 онд бага насныхны ангилалд зохиогдсон “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлж байв. Энэхүү наадамд оролцох үеэрээ скейтбординг, серфинг гэсэн спортын хоёр төрлөөр Олимпод оролцож, амжилтанд хүрэхийг хүсэж байгаагаа ярьж байв.
С.Браун 2019 онд скейтбордингийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж, дараа жил нь Бразилын Сан-Паулу хотод болсон “Park World Championships” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2020 оны Токиогийн Олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.
