solongonews
Эмч зөвлөж байна:Хүүхдээ бие зассаны дараа сайтар угааж заншаарай
2015-12-28 18:21
Багачуудыг өмд, памперсандаа баасан тохиолдолд заавал угааж байх нь ариун цэврийн хувьд хамгийн чухал. Тийм ч учраас эмч нар хүүхдийг хүндээр бие зассаных нь дараа хошногыг нь угааж заншихыг зөвлөдөг. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхдүүдэд парапроктит гэх өвчин ихээр тохиолдох болжээ.
 
Энэ өвчний талаар хүмүүс сайн мэддэггүйгээс хүүхдийнхээ өвчнийг улам хүндрүүлэх нь ч байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ариун цэвэр сахиагүйгээс болж үүсэх өвчлөл юм. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслийн ерөнхий эмч Д.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. 


 
-Парапроктит гэх энэ өвчин яаж үүсдэг юм бэ. Энэ талаар ээж, аавуудад мэдээлэл өгөхгүй юу?
-Хошного орчим зөөлөн эдийн булчирхайнууд байдаг. Тэдгээр нь тусгай шүүс ялгаруулах, бактераас хамгаалах үүрэгтэй.
 
Гэтэл булчирхайнуудын үрэвслээс болж хошного орчмын зөөлөн эдэд буглаа үүсэхийг парапроктит буюу хошного орчмын буглаа гэж үздэг. Өвчлөлийн шалтгаан нь их олон янз байдаг.
 
Тухайлбал, том хүмүүсийн хувьд шулуун гэдэсний салстын бүрэн бүтэн байдал алдагдах, янз бүрийн халдвар авах, тухайн хүний биеийн дархлаа муудах гэх мэт олон шалтгаан байдаг. Мөн хувийн ариун цэвэр муу байгаагаас тодорхой хувь нь өвчилж байгаа юм.
 
 
-Гэвч хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож байгаагийн гол шалтгаан юу вэ?
 
-Манай улсад хийсэн тоймтой судалгаа алга. Гэхдээ туршлагаас харахад бага насны арван хүүхэд тутмын 1-2 нь парапроктиттой байна. Хүүхдүүдийн хувьд өвчлөл ихсэж байгаа нь төрөлт их байгаатай холбоотой юм.
 
Нөгөө талаар живхний хэт их хэрэглээнээс үүдэж байгаа гэж зарим эмч нар үзэж байна. Гэхдээ живх их хэрэглэдэг барууны орнуудад энэ өвчин их цөөн байдаг. Тиймээс живхний хэт их хэрэглээнээс бус буруу хэрэглээнээс үүдэж байгаа гэж үзэж байгаа юм. Хүүхдүүдийн хошногоных нь байрлалаас хамаараад дахилт нэлээн өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл дахиад буглаа үүсдэг. Тэр буглаа нь нүх болж үлдээд үе үе сэдрээд идээ гараад, үе үе намждаг өвчин байгаа. 
 
-Энэ өвчнийг хэрхэн оношилж, хаана хандах ёстой вэ?
 
-Үүнийг зөвхөн Улаанбаатар хотод Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасагт оношилж, эмчлэгдэж байгаа юм. Учир нь хүүхдийг ерөнхий унтуулгатайгаар буглааг нь нээж, ерөнхий мэс заслын тасагт 3-4 хоног хэвтүүлж эмчиллэдэг юм. Ихэвчлэн хүүхдийг энэ өвчнийг туссан байхыг эцэг эхчүүд нь анзаардаггүй. Мэдээд хоёр хоноод ирлээ гэдэг боловч тэр нь үнэндээ буглаад, идээлээд 7-8 хоночихсон байдаг. 
 
-Гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 
 
-Нэгдүгээрт, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Чанартай сайн живхийг стандартных нь дагуу хэрэглэх хэрэгтэй. Өвчилж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувь нь 1-6 сартай хүүхдүүд байна. Арван наснаас дээш насны хүүхдүүдэд бага тохиолдож байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд бие зассаных нь дараа сайтар угааж цэвэрлэж, биеийнх нь бүх хэсгийг үе үе шалгаж байх нь зүйтэй юм. Энэ нь халдварлаж дамжихгүй учир хүүхдийнхээ биеийн дархлааг сайжруулж, чийрэгжүүлэх хэрэгтэй. Том хүмүүст ч их тохиолддог учир хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахих хэрэгтэй байдаг юм. 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл