solongonews
Цагт 4000 км хурдлах галт тэрэг бүтээнэ
2017-09-06 15:09
Саяхан БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо Хятадын сансар судлалын дээд хэмжээний бизнес форум эхэллээ.

Форумд  Хятадын сансрын технологийн корпораци дээд тал нь цагт 4000 км хурдлах “Дуунаас хурдан галт тэрэг”-ний төсөл судалгаа, нотолгооны үе шатандаа орсныг мэдэгдэж, ирээдүйд дуунаас хурдан галт тэрэгний зам тээврийн сүлжээ байгуулснаар хүн төрөлхтний зорчих арга хэлбэрийг өөрчилж болзошгүй гэсэн байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жу Сы-гийн ирүүлсэн мэдээлснийг хүргэе.

       Хятадын сансрын технологийн корпорацийн мэдээлснээр, магадгүй арилжааны, зах зээлийн арга хэлбэрээр дуунаас хурдан нисэх технологи, төмөр замын технологийг уялдуулж, хэт дамжуулагч соронзон дүүжингийн технологи, вакум хоолой ашиглан дуунаас хурдан галт тэргийг “Газрын гадаргууд ойрхон нисгэх” юм байна. Тухайлбал, дуунаас хурдан сансрын нислэгийн технологийг галт тэргэнд ашиглаж, саатуулагчгүй вакум хоолой бүтээн, галт тэргийг  “Пуужин”-гийн хурдаар аялуулах юм.

Хэрэв “пуужин”-гийн хурдыг мэдэрье гэвэл сансрын нисгэгч шиг сайн биетэй байхгүй бол болохгүй. Гэвч, дуунаас хурдан галт  тэрэгний хурдаа нэмэх, хасах үйл явцыг жирийн хүний бие махбод хүлээн авч чадахуйц хурдны хэмжээнд төлөвлөж, аюулгүй байдал, аяллын тав тухай байдлыг юуны өмнө чухалчилна гэж тус төслийн мэргэжилтэн Мо Кай ярьсан юм.

“Энгийн галт тэрэг хурдлах үед хүний биед төдийлөн мэдрэгддэггүй. Учир нь хурдаа аажмаар нэмж байгаа болохоор   анзаарагддаггүй юм. Харин нисэх онгоц хөөрөхөөр хурдаа авах үед хурдаа огцом   нэмдэг тул хүний биед мэдрэгддэг. Харин, нисэх онгоц агаарт нисэж байх үед   нислэгийн хурд мэдрэгддэггүй. Иймээс мэдрэгдэх эсэх нь хурдаас шалтгаалдаггүй, харин хурдаа нэмэх хасах үйл явцаас шалтгаалдаг юм. Иймээс бидний төлөвлөж байгаагаар хурдыг аажмаар, хүний биеийн хүлээн авч, зохицох хэмжээнд нэмэх юм.”

Одоо дэлхий дээр цагт 1000 км-ээс дээш хурдтай галт тэрэг судалж буйгаа зарласан компани гурав байна. Эдгээр нь АНУ-ын   супер хурдны төмөр замын HTT компани, Hyperloop One компани, Хятадын сансрын   технологийн корпораци юм. Хятадын компаний хувьд дуунаас хурдан галт тэргэнд   ашиглах технологийн арга зам нь нөгөө хоёроос ялгаатай. Энэ тухай Мо Кай танилцуулж ярихдаа:

- Гадаадын компаний ашигласан соронзон дүүжингийн хэлбэр нь галт тэрэг эхлээд дугуйгаараа хурдалж, зохих хурд авсны дараа дүүжингээр ажиллах юм. Харин Хятадын компани өндөр дулааны хэт дамжуулагч соронзон дүүжингийн аргыг сонгосон тул дугуйгаар хурдлах шаардлагагүй. Галт тэрэг удаан явж байхдаа ч гэсэн дүүжингээр ажиллах чадвартай. Хятадын сансрын технологийн компани газрын  гадаргад зорчих дуунаас хурдан тээврийн системийг дэлхийд анх санаачилсан компани билээ. Бие даасан судалгааны хувьд өөрийн гэсэн онцлог бүхий өвөрмөц давуу талтай гэсэн байна.

- Манай технологийг гаднаас оруулахын  аргагүй. Бид бүгдийг бие даан шийдэж байна. Бие дааж бүтээхэд заавал системтэй   төслийн онол байх хэрэгтэй. Энэ онол хамгийн чухал юм. Энэ бол бидний давуу тал. Хоёрт, бидэнд дуунаас хурдан нислэгийн дизайн бүтээх чадвар байна. Гуравт,   загварыг барьж байгуулах, томоохон туршилт хийх боломж бүрдүүлсэн. Систем асар   том тул анхан шатанд дижитал, виртуалчлалын зураг дизайн гаргах шаардлагатай. Барилгын загварчлал оновчтой байх тусмаа дизайн, аюулгүй, найдвартай байдал оновчтой байх болно.

        Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд  эхлээд дээд тал нь цагт 1000 км хурдтай, 2000 км хурдтай, дараа нь 4000 км хурдлах чадвартай болгох гурван үе шатаар хэрэгжүүлэх юм. Эхний шатанд цагт 1000   км хурдлах тээврийн чадвар бүрдүүлж, бүс нутгийн чанартай хот хооронд дуунаас  хурдан галт тэрэгний тээврийн сүлжээ байгуулна. Дараагийн шатанд цагт 2000 км   хурдлах чадвартай болох үед Хятад улсын онц том хотуудыг холбосон дуунаас хурдан галт тэрэгний тээврийн сүлжээ байгуулах юм байна. Эцсийн шатанд цагт 4000 км хурдлах  тээврийн чадвар бүрдүүлж, “Нэг бүс нэг зам”-ын орнуудад дуунаас хурдан галт тэрэгний сүлжээ бий болгох зорилт тавьжээ. Тус төсөлд их итгэлтэй байгаагаа төслийн мэргэжилтэн Мо Кай илэрхийлсэн юм. 

“Шинжлэх ухаан технологийн ажилтны хувьд бага багаар урагш тэмүүлэх нь бидний үүрэг зорилт байх ёстой. Бид, эхлэнгүүтээ   шууд цагт 4000 км хурдад хүрнэ гэдэг бүтэшгүй юм. Эхлээд 1000 км, 2000 км, дараа нь 4000 км хурдлах шат дарааллаар байгуулах болно. Соронзон дүүжин, цахилгаан соронзон, сансрын судалгааны зарим технологийн хувьд бид нэлээд сайн технологийн  суурьтай.” 

Өндөр технологийн, дуунаас хурдан галт тэрэгний тээврийн сүлжээ байгуулахад зарцуулах зардал, түүний ашиг тусыг бүх  талаар бодолцож таарна. “Зам тээврийн үйлдвэрлэлийг чанаржуулахын хамгийн чухал үр дүн нь хүмүүсийн амьдралын арга хэлбэрийг өөрчлөн хүн амын шилжилт, ложистик, холбогдох аж үйлдвэрийн хөгжлийг дайчлахад оршино. Иймээс энэ удаад Хятадын сансрын технологийн дээд хэмжээний бизнес форумд дуунаас хурдан галт   тэрэг бүтээх төслөө танилцуулсан нь бизнесийн, зах зээлийн арга хэлбэрээр тухайн аж үйлдвэрийн салбарыг чанаржуулан хөгжүүлэх зорилготой юм. “Дуунаас хурдан галт тэрэг” төсөл одоо гадаад, дотоодын 20 гаруй судалгааны байгууллагатай хамтарч, дуунаас хурдан галт тэрэгний үйлдвэрлэлийн олон улсын чанартай холбоо  байгуулаад байна.

“Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх Хятадын   хэмжээний хүчин чадал, мөн олон улсын хүчин чадлыг төвлөрүүлэх шаардлагатай. Энэ тал дээр бид нээлттэй байх болно. Одоо Хятадын олон байгууллага салбар, компаниуд хамтдаа шинийг бүтээх зорилго тавьж байгаа нь сайн хэрэг юм. Бид хэдэн   арван байгууллагатай холбоо тогтоосон бөгөөд цаашид зарим байгууллагууд нэгдэж, хамтын хүчээр энэ төсөлд оролцоно. Технологийн нийлүүлэлтээс гадна хөрөнгө   нийлүүлэх асуудал ч багтаж байна.” 

Дуунаас хурдан галт тэрэг хот хоорондын орон зайг ойртуулж, цаг хугацаа хэмнэх төдийгүй цаг агаарын нөхцөлөөс хамаарахгүй, чулуужсан түлш шатахуун зарцуулахгүй, хотын метротой холбож болох   зэрэг олон давуу талтай. Ирээдүйд дуунаас хурдан галт тэрэгний тээврийн сүлжээ байгуулснаар хүн төрөлхтний зорчих арга хэлбэрийг өөрчилж, дотоодын нөөц  баялгийн хуваарилалтыг түргэсгэн, том хот хооронд цагийн дотор ирж, очих эдийн   засгийн боломж бүрдүүлж, “Хурд амьдралыг өөрчлөх” явдлыг нийгэм эдийн засаг,   амьдралын бүхий л талд хүргэх болно.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл