
Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны өндөр зиндааны VIII зөвшилцөл хоёр хоног үргэлжлээд энэ сарын 29-нд Бээжинд өндөрлөсөн байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээрийн Хятадын төлөөлөгчдийн ахлагч Лю Хэ, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин нар зөвшилцлийг удирдаж, худалдааны хэлэлцээрийн холбогдох бичиг баримтын агуулгаар шинэ дэвшилт гаргасан байна.
Сүүлийн дөрвөн сард Хятад, Америк хоёр тал эдийн засаг, худалдааны өндөр зиндааны дөрвөн ч удаагийн зөвшилцөл хийсэн бол энэ удаад зангилаа үе шатанд орсон гэж хэлж болно. Өнгөрсөн удаагийн зөвшилцлөөр хоёр тал техник шилжүүлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, гаалийн бус харш саад, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, валютын ханш зэрэг бодит асуудлаар чухал алхам хийсэн. Харин энэ удаад үргэлжлүүлэн шинэ дэвшилт гаргаж байгаа нь хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх талаар шинэ алхам хийж буйг харуулж байгаа юм.
