solongonews
Үзэмчинчүүд сар шинийн уламжлалт ёсоо хадгалсаар байна
2017-02-09 09:32
Нутгаа санасан хүлэг шиг ес эхэлсэн дүн өвлийн хүйтнээр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Үзэмчин баруун хошууг зорилоо.

Энэ өвөл ихэнх нутгаар дулаахан, цас багатай гэж дуулсан юм. Ажилдаа уягдаж, хотын утаа мананд төөрөлдсөн би талын сувд хэмээгдсэн Шилийнхотод буухад, хүйтэн жавар хацар чимчгэнүүлэн, хөдөө нутгийн өвөл жинтэй хэвээр байлаа. Гэсэн ч морины цулбуур, эмээлийн ганзага горзойтол хөлддөг байсан дээхэн үеийг бодвол урин дулаан байна. Би суудлын тэрэг авч, Үзэмчин баруун хошууны төв Балгар голыг чиглэлээ. Машины цонхоор уул толгод ханаран үргэлжилж, армаг тармаг цас орсон байв. Бас энд тэнд буусан хэд гурван айл хот харагдаж, таван хошуу мал бэлчиж харагдана. Нутагтаа хөл тавьсан болохоор сэтгэл тэнийж, цэвэр агаар сэтгэл уужруулж байлаа.

- Цас зудгүй сайхан өвөл боллоо. Маргаашийн шинийн нэгэн ч сайхан өдөр болно гэж аав ээж минь сэтгэл тайван баяртай байлаа.

Ээж минь жил цагаан сарын буузаа өнгөрсөн жилүүдийн адил маш олныг чимхэж бэлдсэн байв. Шинэ жилийн боов боорцог, золголтын хадаг, дээл хувцас зэргээ ч бэлэн болгосон байлаа.

2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр. Цагаан сарын шинийн нэгэн. Шинийн нэгэн үүдэнд саатаж, үүрийн харуй бүрийгээр аав ээж минь босож тэнгэрт мөргөн зүгт гарлаа. Бид ч нар мандахад аав ээжтэйгээ “Сайхан шинэлсэн үү?” хэмээн амар мэндийг нь асуун хадаг барин мөргөн золгож, аав ээжийн амттай гарын боорцгийг бэлгэнд авсан юм.

Золголт хийхэд ч маш олон ёс горимтой байдаг. Ахмад настнуудаас эхлэн золгодог. Золголтын хадаг барихдаа ахмад настнуудын хадагны доогуур, үе тэнгийн хүмүүс бол зэрэгцүүлэн барьж, хүүхэд дүү нарын хадагны дээгүүр хадгаа барьдаг.

Нийгмийн хөгжлийг дагаад хүн бүр гар утастай болж, ялангуяа сүүлийн жилүүдэд вичат хэрэглэдэг болсноор аав ээжийн утас ч завгүй дуугарч сар шинийн мэндчилгээ хүргэж байлаа.

- Сайхан цаг үе, гар утас их мундаг юм. Холыг ойртуулж, хар өглөө эрт хүмүүс гар утсаар мэндчилгээ явуулаад гэж аав маань олзуурхан ярина.

Хөдөө нутгийн дүн өвлийн хүйтэнд хацар улайж, хурууны өндөг чимчгэнэн өвдөж байлаа. Гэсэн хэдий ч Үзэмчинчүүд хүйтнийг ажрах ч үгүй Үзэмчин өнгө дээл, булган малгайгаа өмсөөд өрх дараалан шинийн мэнд хүргэж, ахмад настнуудынхаа амар мэндийг асуун явна. Айл бүрийн зочны ширээн дээр үзэмчин бүсгүйчүүдийн гараа гаргаж хийсэн хурууд, бяслаг, өрөм, шар тос, цөцгий тэргүүтнээр зассан цагаан идээний том таваг байх ба үзэм жимс чихэр, боов боорцог зэрэг амттаныг өрсөн байв.

Энэ нутгийнхан бас хамгийн түрүүнд ирэх гийчнээ энэ жилийн хамгийн түрүүний төлтэй холбон боддог. Хамгийн түрүүнд эрэгтэй хүн ирэх юм бол хамгийн түрүүнд эр төл тосно, эмэгтэй хүн ирвэл эм төл тосно гэдэг.

Өнгөтэй жил болж байна гэж хүн ард нүүр дүүрэн баяртай. Сайхан хавар болоосой хэмээн хүн бүр сэтгэлдээ залбирч явна. Тийм ээ малчин хүн гэж малтайгаа сэтгэл холбоотой. Мал сүрэг нь тайван сайхан байж л байвал малчин түмэн сэтгэл тэнүүн. Монголчууд бид ийм л агуу соёл түүх, нүүдэл амьдрал, газар устай билээ.

 

Зохиогч: Арвинтал
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл