solongonews
Хүний сэтгэлийн эмзэг сэдвээр бүү наад
2015-12-28 18:21
Фэйсбүүк хуудсандаа тавьсан зурган дээр нь “Хувцас муутай юм байж найз нөхдөө хүндэлж арай дөнгүүр юм өмсөхгүй. Яах гэж ийм зураг авахуулдаг юм бэ
Өнөөдөр өглөөхөн нэгэн найз минь над руу залгалаа. Фэйсбүүк хуудсандаа тавьсан зурган дээр нь түүний танил “Хувцас муутай юм байж найз нөхдөө хүндэлж арай дөнгүүр юм өмсөхгүй. Яах гэж ийм зураг авахуулдаг юм бэ” гэсэн тайлбар үлдээжээ. Найз маань өнөөх танил шигээ элдэв брэндийн хувцсаар гангарч чаддаггүй нь үнэн л дээ.
 
Гэхдээ л ямар ч гэсэн хувцас хунараа хир буртаггүй, уранхай цоорхойгүй өмсөөд болоод л байдаг юм. Тэр комментийг үзсэн найз охин минь зөндөө уйлсан гэсэн. Хүний эмзэг сэдэв гэдэг саяхан авсан шарх шиг л үргэлж нойтноороо, хэн нэгэн хатуухан хүрвэл эмзэглэж, шархалж, бүр цаашлаад өвчин болон даамжрах ч аюултай тийм л сэдэв байдаг.
 
“Би түүнд ямар гэм хийсэн юм бэ. Зүгээр хэдэн найз нөхөдтэйгөө уулзаж суусан зургаа тавьсныхаа төлөө би ийм тайлбар сонсч байна. Тэгээд ч байгаагаа сайхан арчлаад өмсөөд яваа нь миний буруу юу” гэж тэр хэлсэн юм. Бидний наргиа гэж бодсон ганц үг л хүний зүрхийг нэвт хатгаж чадна гэдгийг эндээс би ойлгосон юм. 
 
Надад ч бас иймэрхүү зүйлс тохиолдож л байсан. Арван жилд байхад аавгүй гэж хэлүүлэх хамгийн муухай санагддаг байж билээ. Ангиас минь ганц ч хүүхэд миний энэ эмзэг сэдвээр намайг доромжилж байгаагүй л дээ. Харин байрны маань хэдэн охид надтай ам зөрөхдөө “Чи дандаа ээжтэйгээ явдаг биз дээ. Аавгүй юм байж” гэж хэлж билээ.
 
Тэр үед би юу ч хэлж чадалгүй усан нүдэлсээр гэр лүүгээ хурд мэдэн гүйн орсон. Ороод ариун цэврийн өрөөндөө зөндөө уйлсан. Би тэдэнд хэчнээн таалагддаггүй байсан ч гэсэн миний энэ эмзэг сэдвээр яагаад намайг буруутгаж байгаа юм бэ гэж. Угаасаа л ухаан орохдоо л хайгаад олоогүй аавын хайрыг мэдрэхийг юу юунаас илүү хүсч, эцэс сүүлдээ тэр аав гээчийг үзэн ядахдаа тулж байсан би тэр охидын үгийг одоо ч мартдаггүй.
 
Түүнээс хойш хүнтэй хэчнээн ам зөрсөн ч эмзэг сэдвийг нь хөндөж болохгүйг ойлгосон. Тэр чинь хүн шүү дээ. Яг л над шиг тэр хүний зүрхэнд миний хэлсэн үг мөнхөд эмзэг шарх үлдээнэ гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд байдаг юм. 
 
Хэн нэгний эмзэг сэдвээр бүү наад. Наргиа шоглоом болгож ч тэр бүү наад. Ярих юм олдохгүй бол бүх хүний хэлдгийг л хэл. Нэг удаа тэвчээд өнгөрсөн тэвчээр маань биднийг ямар ч л гэсэн бусдын хайр, хүндэтгэлээс тусгаарлахгүй. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл