
Хятадын Хань үндэстний хамгийн эртний урлаг гэгддэг цаасан хайчилбарыг цаасан сийлбэр ч гэж нэрлэдэг. Хятадын 2000 гаруй жилийн түүхтэй цаасан хайчилбарын урлаг нь Хятадын ард түмний түгээмэл урладаг гар урлал нь юм. Цаасан хайчилбар нь сийлбэрийн урлаг мөн бөгөөд хүн түүнийг харж урлагийн таашаал хүртдэг. Цаас, алт мөнгөн ялтас, модны холтос, навч, арьс шир гэх мэт дээр урлаж болдог.
Цаасан хайчилбар нь Хятадын хамгийн түгээмэл хэрэглэгддэг уламжлалт урлагийн нэг юм. Энгийн материалаар хийдэг, өртөг бага, үзэмжтэй, авсаархан болохоор хүмүүсийн таашаалыг их хүлээдэг. Хөдөө тосгодын эмэгтэйчүүд чөлөөт цагаараа цаасан хайчилбар хийн цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн зэрэгцээ гэрээ гоёдог байна. Хятад улсын хаа ч явсан цаасан хайчилбар байх бөгөөд нутаг нутаг өөр өөрийн онцлогийг тусгасан хайчилбарыг өлгөсөн байдаг. Хайчилбар нь ард олны гоо сайхны мэдрэмжийг илэрхийлээд зогсохгүй үндэстний онцлогийг илтгэдэг. Хятадын онцлог бүхий ардын урлагийн нэг мөн. Түүний уран нарийн хийц, дорно дахины онцлог чанар нь хүнд амьдралын баяр баясгаланг мэдрүүлдэг.
Ард түмний дундаас үүссэн цаасан хайчилбар нь хийхэд хялбар, загвар үзэмж сайтай, хэрэглэхэд тохиромжтой учраас мянга мянган жил зон ард хийсээр ирсэн юм. Хайчилбар нь ард олон хүрээлэн буй орчин, үлгэр домог, бодит амьдралд байгаа бүхнийг маш уран гоёор дүрслэн амьдралыг энгийн мөртлөө сонирхолтойгоор илэрхийлдэг урлаг юм.
Тухайн үед хайчилбарыг Хятадын хөдөө тосгодын эмэгтэйчүүд ихэвчлэн хийдэг байсан бөгөөд төрөл бүрийн цэцэг навч болон өөрсдийн хамгийн их хайрладаг, санаа тавьж, хүсэн мөрөөддөг зүйлээ хайчилдаг байжээ. Жишээ нь: Цэцэг хуар, хүнсний ногоо жимс жимсгэнэ, ан амьтан, жигүүртэн шувуу загас жараахай, үлгэр домог тууль, аз жаргал буян хишиг, шүтэж биширдэг зүйлс зэрэг байна. Үүний зэрэгцээ зориулалт нь ч мөн янз бүр байдаг. Тухайлбал: Цонхонд зориулсан, гуталны, дэрнийх, хувцасных, хуримынх, хээлэхэд зориулсан, байшингийн хананых, хаалганы, таазны гоёлынх зэрэг байна. Жирийн ард иргэд буян хишигтэй, дүүрэн түвшин байхыг ерөөж ижил дуудлагатай үгээр, бэлэгшээлтэй зүйлээр, тэмдэг тэмдэглэгээгээр, үсгээр гэх мэт урлахын дээр илэрхийллийн хувьд хар цагааныг хослуулах, долгиолсон гоёмсог хайчилбараар эгэл жирийн, ширүүн, бялхам, даруухан, хөгжилтэй уур амьсгалыг оруулдаг. Уран чамин гоёмсог хайчилбар нь эгэл бор хятад айлд баяр баясгалан, аз хийморь авчирдаг.
Одоогийн байдлаар Хятадын ардын урлагийн дундаас хайчилбарыг хамгийн олон хүн сонирхож хамгийн их тархсан нь болоод байна. Өмнөөс умард, тосгоноос хотод эр эм хөгшин залуугүй хаа ч хайчилбар хийж байгаатай та таарна. Олон үндэстний зан заншлын ялгаатай байдлаас шалтгаалан хайчилбарын өнгө аяс өөр өөр байдаг. Хятадад Шаньши мужийн цонхны хээний хайчилбар, Хэбэй мужийн Вэйшяний жүжигчин хайчилбар, өмнөд нутгийн бага ястны хатгамал зэрэг гайхалтай ур ухаанаар гоёмсог хайчилсан алдартай хайчилбарууд нь хэдийн урлагийн бүтээл болжээ.
Гүн утга агуулгатай, үзэмж төгс Хятадын хайчилбар нь үндэстний өнгө аясыг шингээсэн урлагийн бүтээл мөн бөгөөд гадны олон зочдын талархлыг хүлээдэг билээ.
