solongonews
Саальчин бүсгүй Оюутай нутагтаа уламжлалт цагаан идээний соёлын үйл ажиллагаа зохион байгуулав
2019-07-22 16:15
Саальчин бүсгүй Оюутай нутагтаа уламжлалт цагаан идээний соёлын үйл ажиллагаа зохион байгууллаа.

    Нар хур тэнцэж нутаг байгаль сэргэсэн зуны сайхан цагт Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Сайхан-Өлзий сумын Ногоонтал багийн ажилсаг малчин Оюутай амьдралынхаа цаг заваар хөдөө нутагтаа “Сөнид саальчин” уламжлалт цагаан идээний соёлын үйл ажиллагаа зохион байгуулж хол ойрынхноо баясган, удамт сүргийн дэргэдээсээ уламжлалт монгол амьдралын дууллаа хангинуулна.

“Сөнид саальчин” цагаан идээний соёлын үйл ажиллагаанд хол ойрын малчин түмэн, саальчин, сурагч, хошуу сумын холбогдох хүмүүс оролцлоо. Оноонтал баг тус үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, сүү саалийн үйлсийг хөгжүүлэн малчдын орлогоо нэмэгдүүлэх шинэ загварыг туршсан юм. Энэ нь хошууны зан үйлийн нийгэмлэгийн уламжлалт соёлоо хөгжүүлэн цэцэглүүлэх ажилд эрч хүч нэмлээ.

Тус удаагийн үйл ажиллагаанд олон төрлийн уралдаан тэмцээнийг тохируулсан ба хүүхдүүдэд хөдөө орон нутгийн амьдралд биечлэн оролцох боломж хангалаа. Үнээ саах тэмцээн нь тал нутгийн хөдөлмөрч малчин бүсгүйчүүдийн ур авьяасыг сорьсон сайхан тэмцээн болж, Сөнид зүүн хошуу, Авага хошуу ба ойр зэргэлдээх сум багийн 12 малчин бүсгүйчүүд нэрээ бүртгүүлэн оролцож тогтсон цаг хугацаанд үнээ сааж, саасан сүүний их багаар нь шалгаруулсан байна. Тэмцээний эцэст Мөнгөнхуар, Оюунгоо, Нар, Наранхуар, Соёл, Сонинцэцэг нар “Содон саалчин”-аар шалгарав. Хүүхдүүдийн тугал татах тэмцээнд Асбар, Асна, Санаа нар шалгаран, “Сүүн цацал” холбооны шалгаруулалтын шилдэг саальчнаар Алтанхуар, Бөмбөг, Цэцэнтуяа, Цэцэн нар шалгарч, уламжлалт сүү сааль, цагаан идээ, зан үйлээ өвлөн уламжилсан Сүрэн, Эрдэнцэцэг, Сарангэрэл гурван малчин ээжид “Саальчин ээж” өргөмжлөл гардуулсан байна. Мөн сүү саальтай холбоотой мэдлэгийн тэмцээн зохиогдлоо.

Бага наснаасаа тугал бяруутай тоглож өссөн Оюутай хөдөө нутгийн ажил хөдөлмөрт маш сайн хүмүүжсэн. Өглөөний нарыг үнээн зэл дээр тосож, үдшийн сарыг сүүлдэж хонодог Сөнид нутгийн содон бүсгүй. Хулан шарга дааганы элсэнд байдаг тэднийхэн орон нутгийн онцлогтоо тохируулан эрт дээдсээсээ үхэр маллахаар голлож, одоо таван хошуу малаа тэгш маллаж яваа цөөн хэдэн өрхийн нэг нь юм.

Саальчин Оюутай бол уламжлалт сааль сүү боловсруулах ажилд хошуу нутагтаа үлгэр дуурайл болж яваа содон малчин. Тэрээр одоо Сөнид баруун хошууны монгол бага сургуульд зан үйлийн хичээлийн багшаар онц уригдан ажиллаж, хүүхдүүдэд сүү сааль боловсруулах талаар сургалт явуулж байгаа юм. Оюутай энэ удаагийн “Сөнид саальчин” үйл ажиллагааны үеэр хэсэг хүүхдүүдийг гэртээ авчран уламжлалт аргаар саалийн архи нэрэх хичээл зохиосон байна. Оюутай одоогоор “Саальчин” вичат холбоо байгуулж нутаг нутгийн малчидтай холбогдож сааль сүүний борлуулалтын гүүрийг бүрдүүлж, “Сүүн цацал” холбоогоор дамжин хөдөө аж ахуй сүү сааль боловсруулах талаар малчдад зөвлөлгөө хангадаг бөгөөд харилцан суралцах тавцан байгуулан ажиллуулж байна.

Оюутай цагаа идээний олон тэмцээн уралдаанд оролцон шилдэг амжилт гаргаж байсан. Сөнид баруун хошууны 2 дахь удаагийн уламжлалт таваг идээний шалгаруулалтын шүүс идээний таваг засах багийн алтан медаль, 2017 оны Шилийнгол аймгийн цагаан идээ адилтган шалгаруулах тэмцээний хоёрдугаар нэр, “Уламжлалт таваг идээ засах уралдаан”, “Содон монгол идээ” уралдааны шилдэг шагнал зэрэг 30 гаруй удаагийн шагнал хүртэж, хөдөлмөрийн үнэ цэнтэй нэр алдраар үйлсийн замаа мялааж яваа Сөнид нутгийн саальчин бүсгүй юм.

Зохиогч: Тамч
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл