- Юун тэргүүнд таны эрдэмтэн судлаач болсон түүхээс, тэр дундаа хятад хэл, хятад судлалыг сонгосон тухай сонирхмоор байна?
Хятад судлалын чиглэлээр анх суралцаж эхлээгүй юм. 1992 онд 10-р ангиа төгсөөд Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Тухайн үед манай сургуулийг Улсын Багшийн Дээд Сургууль гэдэг байсан/-д Монгол хэл уран зохиолын ангид элсэн суралцсан. Гурав дахь жилдээ БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт уралдаанд оролцон тэнцэж Хятад улсад сурах боломж нээгдэн МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд нэг жил хэлний бэлтгэлд суралцаад 1994-1999 онд Хятад улсын Шаньдүний Багшийн Их Сургуульд Сургуулийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр бакалавраа дүүргэсэн. 1999 оноос сургуульдаа эргэж ирээд Гадаад хэлний сургуулийн хятад хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс хятад хэл судалж шинжлэх анхны гараа маань эхэлсэн гэж хэлж болно.
- Тухайн үед хятад хэл сурах эрэлт хэрэгцээ их байв уу?
Тэр үед эрэлт хэрэгцээ харьцангуй бага байсан гэж болно. Бидний өмнө Хятад улсад 1990 оноос эхлээд жил бүр 25 хүүхэд уралдаанд шалгараад мэргэжил мэргэжлээрээ гурван ээлж явсан. Бид дөрөв дэх үе нь. Тэдгээрийн нэг нь болж явсан түүхтэй.
- Таны судалгааны гол чиглэл юу вэ?
Багш хүн янз бүрийн чиглэл уруу хувирдаг. Миний судалгааны чиглэлийн гол үндсэн суурь бол Монгол Улсын Багшийн Дээд, МУБИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгссөн. Тухайн үед Монголын нэрт хэл шинжээчид бидний багш байсан. Нэрийг нь дурдахад, Монгол хэлний авиа зүйн багш Ж.Санжаа багш, үгсийн сангийн багш Ц.Өнөрбаян багш, түүхийн хэл шинжлэлийн багш Д.Төмөртогоо багш, ардын багш Өнөрбуян багш гэж Монголын хэл шинжлэлийн оргил нь болсон эрдэмтэн бидний хэл шинжлэлийн, монгол хэл, уран зохиолын онолын мэдлэгийг их сайн тавьж өгсөн. Тиймээс миний судалгааны чиглэлийн хэл шинжлэлийн онолын чиглэл, харьцуулсан хэл зүй, зэрэгцүүлсэн хэл зүйн чиглэл, багш хүн болохоор суган заах, соёл судлалын, орчуулгын гэж нэлээд хэдэн салбарт юм хийдэг. Их дээд сургуулийн багш нар сургалт, арга зүй, эрдэм шинжилгээ гэж гурван цагийг гүйцэтгэдэг. Эрдэм шинжилгээний чиглэлээрээ эрдэмтэн хүн олон зүйл хийдэг.
- Хятад хэлний багш хүний хувьд сурагчдын сурах бичгийг гаргахад их анхаардаг байх. Энэ тал дээр яаж шийддэг вэ?
Анх дагалдан багш байхдаа бид сургалтын чанар дээр их анхаардаг байсан. Багш болоод цаашлан Хуадүний Багшийн Их Сургуульд хэрэглээний хэл шинжээч мэргэжлээр доктор хамгаалсан. Тэр цагаас хойш монгол хүүхдэд тохирсон монгол хүний нас сэтгэхүй онцлогт нь тохирсон хятад хэлний сурах бичгийг гаргахыг зорьж, хамтарсан багаар болон ганцаарчилсан байдлаар нэлээд хэдэн сурах бичгийг зохиосон байгаа. Жишээлэхэд, "Хэрэглээний Хятад хэл", "Монгол ардын уламжлалт соёл", "Монгол ардын хөгжмийн зэвсгийн үүсэл хөгжил" зэрэг орчуулга уншлагын сурах бичиг гээд нэлээд хэдэн сурах бичгийг гаргасан. Хятад улсад үйлдвэрлэсэн янз бүрийн сурах бичиг нь мэдээж он цагийг туулаад ирсэн сурах бичиг. Нөгөө талаас монгол хүний онцлогт тохирсон, монгол хэлний үгийн санд байдаг үгээр монгол соёл ахуйгаа эргүүлээд гаднын хүмүүст хятад хэлээр танилцуулах боломжийг гаргах үүднээс, цаг хугацааны явцад нийгмийн эрэлт хэрэгцээ, оюутнуудын эрэлт хэрэгцээнд зориулж эдгээр сурах бичгүүдийг гаргасан.
- Хятад хэл сурах их хэцүү гэж хүмүүс ярьдаг. Танд өөрийн гэсэн сурах, хурдан тогтоох арга барил байгаа юу?
Миний хувьд дэлхийн хэл зүйн системд хамгийн ойлгомжтой, амархан санагддаг хэл гэж боддог. Дэлхийн хүн төрөлхтөн зурган бичиг, утгын бичиг, авиан бичиг, үеийн бичиг гэж дөрвөн төрлийн бичиг үсэг хэрэглэж байдаг. Хятад хэл утгын бичиг болохоор утга логикийг сайн эзэмшсэн тохиолдолд амархан байдаг. Хятад хэл нь хэлбэргүй хэл гэдэг утгаараа өгүүлбэр дэх үгсийн дараалалд онцгой үүрэгтэй. Энэ нь физикийн томьёонд орлуулж байгаа юм шиг санагддаг. Би физик математикийн хичээлдээ сайн хүүхэд байсан болохоор надад энэ нь их сонирхолтой санагддаг. Нөгөө талаас хөдөөний хүүхэд юманд их гярхай. Би багаасаа хөдөө өссөн хүүхэд. Монгол хүн ажигч гярхай зангаас гадна бидний үед ном их уншдаг байсан харааны охь их хөгжсөн болохоор хятад үсгийг хараад л цээжилчихдэг. Тэр хувь хүний онцлогтой холбоотой.
- Хятадын их дээд сургуультай хамтран ажилладаг уу?
Хятад улсын их дээд сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн Монгол Улсын их дээд сургуулийн хувьд МУБИС анхдагч нь гэж хэлж болно. 1990 оноос эхлэн манай сургуулийн захирал, академич Б.Жадамбаа багш, манай сургуулийн Гадаад хэлний сургуулийн захирал байсан Гүлраанз нарын хүчин зүтгэлээр Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Их сургууль /ӨМИС/, Өвөр Монголын Багшийн Их Сургууль /ӨМБИС/ зэрэг хамтран ажиллах анхны ажлуудын эхийг тавьсан. Улмаар хамгийн том бодит үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн сургууль бол Өвөр Монголын Багшийн Их Сургууль. Энэ сургуультай одоог болтол маш олон талаар сайхан ажил явагддаг. Нэгэн тод жишээ бол гадаад хэлний сургуулийн хятад хэлний анги, монгол хэлний ангийн оюутнуудыг нэг нэг жилээр солилцоогоор суралцуулах, эрдэмтэн багш нар хамтран эрдэм шинжилгээний хурал, төсөл хөтөлбөрийг хийдэг. Энгийн жишээ дурдахад "Монгол хүүхдийн бие сэтгэцийн хөгжлийн асуудалд" Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан төслийг ӨМБИС, МУБИС, Буриадын Их Сургууль хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөлд миний бие чиглүүлэгч, орчуулагчаар ажилласан. Одоогоор хамтын ажиллагаа Бээжингийн Багшийн их сургууль, Сүжөүгийн Дүнбэйгийн их сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлж байна.

- Хятад судлаачийн хувьд судалгааны бүтээл олон байгаа байх. Онцлон танилцуулбал?
Сургуулийнхаа 65 жилийн ойн баяраар багаар ажиллан "Боловсролын түүчээ", "Боловсрол судлалын дээж бичиг", "Боловсролын үнэлгээ" зэрэг номуудыг гаргасан. "Хятад монгол хэлний цагийн айн зэрэгцүүлсэн судалгаа" гэж хоёр хэлний хувьд онолын нэлээд дорвитой нэг сэдэвт бүтээл гаргаж байсан. Хоёр хэлний зэрэгцүүлсэн хэл зүйн онолыг практикт нэвтрүүлсэн тухай монгол, хятад хэлний тэмдэг нэрийн зэрэгцүүлсэн судалгааг Хятадын судалгааны сайт дээр нийтэлж байсан.

- Хэл шинжлэлийн ажил судалгаагаар Хятад улсад уригдан ажиллаж байв уу?
Хэл шинжлэлээс гадна орчуулгын төрөл ангид ажиллана. Сүүлийн гурав дөрвөн жилд ӨМБИС-тай хамтран англи хятад, монгол, кирил бичиг дээр хоёр бодь толь бичиг гаргах ажил дээр ерөнхий редактороор таван шавьтайгаа эхийг нь бэлэн болгосон. 2018 онд Хятад улсад хэвлэгдэн гарах байх. 2018 онд хэл шинжлэлийн чиглэлээр орчуулах ажлын үүрэг аваад байна. Энэ зун Жи Линь Их сургууль дээр хэл соёлын асуудлаар сайн дурын багш нарт сургалт явуулсан гэх мэт олон ажлуудыг хийсэн.
- Дараагийн судалгааны төлөвлөгөө тань?
Энэ жилд төлөвлөж байгаа зүйл бол "Монгол хятад зэрэгцүүлсэн хэл зүйн товхимол"-ыг хоёр жилд багтаан гаргахаар төлөвлөж байгаа. Сүүлийн гурван жилд багаар хамтран Монголын орчин цагийн уран зохиолын төлөөлөгчдийн бүтээлүүдийг хятад хэл дээр нэгтгэж эмхтгэл болгох. Хамгийн тэргүүнд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойгоор 2016 онд бүтээлүүдийг нь хятад хэлний орчин үеийн шинэ бичлэгээр (简体字) товхимол болгон гаргасан. Мөн энэ жил Ц.Дамдинсүрэнгийн бүтээлүүдийг хятад хэл дээр орчин үеийн шинэ бичлэгээр (简体字) гаргасан. Энэ хийж байгаа бүх ажил маань хятад судлалыг өргөжүүлэх, хоёр улсын хэл соёлыг харьцуулахад хэл судлаачдад гарын авлага болно гэж найдаж байна. Хэл шинжлэлийн үндсэн асуудал нь судалгааны материалууд маш чухал. Хоёр хэл дээр зэрэгцүүлж байгаад судалгааны баримтаа болгож гаргах онцлогтой. Монголын бүтээлүүдийг хятад хэл дээр орчуулахаас гадна, хятадын сонгодог уран зохиолыг монгол хэл дээр 2018 онд багтааж гаргах төлөвлөгөөтэй байна.

- Миний асуугаагүй зүйлээс?
Би олон мэргэжил эзэмшсэн хүн, Монгол Улсын боловсролын салбарт 20 гаруй жил ажиллалаа. Багш хүн судлаач эрдэмтдийнхээ гаргасан бүтээлийг сайн судалсан байх хэрэгтэй. Мөн өмнөх үеийнхээ эрдэмтэн багш нарынхаа бүтээлийг үнэлэхийн зэрэгцээ энэ хүмүүсийг хүндэлж хайрлан, үеийн үед тэдгээр хүмүүсээс сонсож байх хэрэгтэй гэж боддог. Сүүлийн гурван жил би Монгол Улсын боловсролын салбарт Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсрол, Боловсрол судлаач гэсэн гурван шинэ мэргэжлийн чиглэлийг Монгол Улсын хэмжээнд анх удаа эхлүүлэн хөтөлбөр төлөвлөгөө сурах бичгээр баталгаажуулан ажиллаж байгаа нь сургуулийн сурган хүмүүжүүлэгч, боловсрол судлаач энэ мэргэжлийг эзэмшсэнийхээ үр шимийг хүртээд энэ ажлыг эхлүүлэн үр дүнгээ үзэх гээд явж байгаа нь Монгол Улсынхаа боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмэр минь болов уу гэж хувьдаа бодож явдаг юм.

- Захирал хүний цаг наргүй их ажлын хажуугаар бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд үнэхээр их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэж байна.
Та бүхэнд ч баярлалаа! Цааш цаашдаа олон сайхан дугаар гаргаж, олон олон хүмүүсийг хооронд нь танилцуулах гүүр болоорой хэмээн хүсэж байна.
- Баярлалаа!
