solongonews
Чонын хурга
2019-04-22 22:17
Чонын хурга

Хаврын уринаар хөх ногоог хөөсөөр сүрэг Аргаль Боролжны судагт ирээд хивлэгээ авах л болжээ. Эвэр нь салбархай данхагар Аргаль шилрэн цалхалзсаар, жил жил үр төлөө мэнд сайхан бойжуулдаг зуршил ёсоороо нарийн урсгалт голтой Гүлхин давааны эхний сэлүүхэн газар хүрэхээр зориг шуудсан байжээ. Гэтэл хэвлийгээ дааж ядаад хэсэг газар явснаа сайхан уулыг цас дарж, сайн биеийг нас дардаг замаар нааш цааш хараад танхайж зогссоноо юу нэгийг бодсон бололтой, зорьсон газартаа хүрч чадсангүй болсон ч юм уу, гэдэс нь их өвдсөн ч юм уу нарийн урсгалын дэргэд хүрээд тэгшхэн газар эрж танхайн хэвтээд удсангүй нэгэн шинэ амь нас нар хур тэнцсэн байгальтай золголоо.

Хөгшин Аргаль эх нутагтаа бас нэгэн шинэ амь золгуулсандаа сэтгэл амар санаа тайвнаар эвэр туурайгаа элээтэл амьдарсан нутгаа цээршсэн нүдээрээ хараад асгатай хургаа долоон өхөөрдөхдөө даахирсан биеэ дааж ядан босон зогслоо. Дүнхэгэр их орчлонд анх төрсөн нялх хурга, дулаахан салхинд дэгжин чичирхийлж, зөөлхөн хөл дээрээ тогтож ядан унаж босоход ээж нь халуун хошуугаар эврүүлж: “Хурдан бос оо, үр минь! Ээжийнхээ ивлэсэн сүүгээр тэнхээ ор!” гэсэн энэрэнгүй хайрын хүчинд уяхан нарийн хөл дээрээ тэнцвэрээ батлахад хөгшин Аргаль хөхний сүүгээ дуслуулж байтал жигхүүн дуу дуулдах шиг боллоо. Сонор, хараа муутсан ч байгалийн орчин амьдралдаа цэцэн сэрлээрээ амьдралаа зохицуулж, амиа аргацааж явдаг хөөрхий амьтан байдал муу байгааг бараглаж, энхрий үрээ хамгаалахын төлөө тэнцэж дайвалзах нялх хургаа бутны доогуур түлхэж оруулаад, аймшигт юмны анир гарч байгаа зүг чиглэлээ.

Хүрчигнэсэн муухай дуутай, гэрэл цацруулсан хурц хоёр нүдтэй, хөх утаа манан хөглөрүүлсэн, ухаа төхөө нь мэдэгдэхгүй үзээгүй юм улам ойртоход, өмхий үнэр хамар цоргив. Хөгшин Аргаль сайхан гарсан хургаа мэнд байгаасай гэсэн ганц бодол өвөрлөсөн ч юм уу чинээгээрээ ганга гуу, энхэл түнхлийг хамааралгүй дутаалаа. Саарч байна, бүдэрч байна, амьсгал бачимдаж байна… ямар арга гаргасан ч түүний хар савраас зайлж чадсангүй. Өтөлсөн дээрээ нялх биетэй Аргаль амьсгал нь бөглөрч, нүд нь харанхуйллаа. Яг энэ үед түүний дотор нь үр төл минь яадаг бол! юу ч гэсэн энэ сонин жигтэй амьтны хар савраас зайдууллаа гэж бодно. Гэтэл сайхан буурал хорвоогийн бүлээн амьсгалтай золгосон нялх төл үхлийн даваанд ойртсон эхийнх нь сэтгэлээс салсангүй. Орхисон газраа хараад эргэх зуур хатуу юм ташаа уруу нь бууж, газар тэнгэр цайлзан тонгойлоо. Хөөрхий Аргаль босохоор танхагар толгойгоо өргөтөл, хар толгойтой хавтгай нүүртэй, босоо амьтны гөлгөр урт юм толгой уруу нь тусч, хоёр нүднээс нь гал бутарч, газар тэнгэр ниргэх шиг болоод юугаа ч мэдэхгүй болов.

Тэгтэл хэдэн хүн машинаасаа бууж ирээд дайрч унагаасан хөгшин Аргалийг урвуулж хөрвүүлж үзээд, хоорондоо хэдэн үг шулганаснаа нэг нь урт хутга гаргаж арьсыг нь өвчихөөр оролдтол, хойноос нь гэдэс нь тэлээ дээгүүрээ давсан нэг нь хөгшин Аргалийг зааж дохиод, шинэхэн хургалсан дээрээ хөгшин хэвэрдэг болсныг үзээд нөгөөхдөө сугавчилж аваад, хөгшин Аргалийг унасан газарт нь хаяад ирсэн замаа буруулан буцлаа.

Сайхан гарсан нялх хурга, бутны дотроос шурган гарч ирээд анир чимээгүй уудам талд хааш явахаа мэдэхгүй, өлсөж цангаад тайвганахад ургаа бут, үхэр чулуу хүртэл халуун хошуугаараа долоож байсан ээжтэй нь адил үзэгдэж, унаж тусан майлж явсаар л байж эцэстээ нарийхан хөл дээрээ тогтож ядан нойрмоглон жаахан хэвтээд дахин босож тэнүүчилнэ. Хөөрхий нялх амьтан бут бургасанд бүдэрнэ, гуу гангад хашаалагдана, гарах замаа олохгүй, эрэг сувагт унаад элдэв халыг амсахад түүнд амьдрах гэгч ийм л хүчиртэй байжээ гэсэн зүйл огт бодоогүй байхыг хэн мэдэх билээ! Түүний нүдэнд үзэгдсэн бүхэн ээжтэй нь адилхан харагдаж, эцэстээ юу ч олсонгүй өнөчин ганцаар, өлсгөлөн хоосон тэнүүчилсээр дахин ээжийнхээ хэвэлд орсон шиг харанхуйг угтлаа.

Ган төмрөөр цохиулсан хөгшин Аргаль ухаан орж нүд нээхэд шөнийн гүний одод “Түүнийг хурдан бос, үр чинь өлсөж даараад таныг хүлээж байна шүү” гээд шивнэх шиг боллоо. Тэр баруун хөлөө өргөж гурван хөл дээрээ арай царай босч зогсов. Газар тэнгэр тайвалзан, нүд нь эрээлжилнэ. Гэвч төлөө орхисон зүг данхгар толгойгоо дааж ядан чармайн ширтэхэд түүний нүдэнд сайхан гарсан төл нь асаагтайгаа дагжин босч байгаа дүр нь үзэгдэн, ивлэсэн шар уураг нь борвийг нь дагаж урсахад, уярсан сэтгэл нь үрдээ хайлагдаж, өмнөшөө алхах гээд толгой дээгүүрээ тонгорч уналаа. Дахин босоод явах гэтэл тэнхээгүй хөл нь биеэ дааж чадсангүй. Тэр нулимстай нүдээрээ үрээ үлдээсэн зүг хараа салгалгүй харж хэвтэхэд хурганых нь майлах нялх хонгор дуу бүүр түүрхэн сонсогдох шиг болж зоригийг нь чангалжээ. Тэр дахин чармайн байж босч зогслоо. Тэр чинэрсэн толгойгоо данхалзуулан алхлаа, хоёр гурав алхаад өвдгөөр бохироод мөлхөж эхлэв. Нэг алхам, хоёр алхам… өлсөж байна, цангаж байна, манарч байна, дахин сэргэж байна, хонгор үрээ үзэхээр зориглосон энэ амьтан үргэлжлэн мөлхсөөр байж шөнийн гүн болоход нарийхан голын усанд голоо дэвтээж, жаахан амисхийгээд босч зогслоо. Тэгээд шалзраад цус шүүс болсон өвдөг нь шархиран өвдөвч ганц л үрээ үлдээсэн газартаа эртхэн дөхөхөөр хөлөө чирэн нэг хоёр, нэг хоёр алхсаар байж хургаа нуусан бутанд ойртлоо, хөөрхий хөгшин Аргаль өмнөшөө хоёр зуугаад метр газар явж чадсангүй манараад унажээ.

Үүрийн гээгээр урьхан салхи өвсний толгойгоор сэмэрч, бутны бор бялзуухай “Жир, жор” дуугаран өндөг зулзагандаа өгеө эрж эхлэв. Улирлын донгодоон алсын цэнхэр нуруудаас үе үе эгшиглэн, нам жим орчлон байгалийн амьтан голтны дуугаар сэрж, өлөгчин чоно бэлтрэгтээ идэш эрээд уул жалга, бут бургаасаар шиншилсээр нарийн урсгалт голтой Гүлхин давааны эхний буттай ганга, чулуутай голоор өөд уруу улин шиншлэн нүгшлөө.

Зөөлөн туурай нь элэгдтэл ээжийгээ эрсэн хурга чонын улих чимээгээр цочисхийж нэг шөнө хэвтсэн орноосоо үргэн босч, чонын улих зүгт майлан гүйлээ. Өлөгчин чоно төлийн майлах дууг сонсоод дотроо олзтой болсондоо сэмээр баярлаж, сэгсхийж автал өмнөөс нь нэг бор саарал жижиг амьтан ухасхийн гарч ирээд, өлөгчин чонын өмнөөс шууд майлан хурдлав, өлөгчин чоно энэхүү амьтан юу болохыг хараад мэлэрч ухран ухран зогсов. Саарал чоно нялх хурганд эхтэй нь адилхан харагдсан юм ууь,эсвэл дэндүү өлссөнийх ч юм уу ухран зогсох чонод улам ойртон хүрлээ. Өлөгчин чоно нялх хурга жаахан ч айж цочоогүйд гайхаш алдсанаа юу бодсоныг бүү мэд, нялх хургыг шархдуулсангүй, зууж аваад бэлтрэгтээ өгөхөөр үүр зүгээ нүгшив.

Чоно нялх хургыг зууж аваад хуучин жимээрээ нүгшиж явтал гэнэт газар доороос хөлийг нь оосорлов. Өлөгчин чоно цочихдоо зууж байсан хургаа тавив. Нялх хурга айж зугтаасангүй, харин хавхтай чоноос салахгүй дагаж гүйв. Өлөгчин чоно хөл дэх хавхаа салгах гээд үхэн сэгэн орилж хөлтэйгээ оролдоод эцэстээ бэлтрэг зулзагаа бодож хавхаа чирээд үүр уруугаа явахад нялх хурга мөн л хоцорч суусангүй дагаж хэсэг газар явлаа. Чоно үүр дэх бэлтрэгээ санан хоёр нүднээс нь нулимсан хэлхээ цуврав. Энэ үед өлөгчин чонын олон хөх нь чинэрч сүү дуслав, чоно зулзагаа бодоод хөлийн дагалцгаар барьсан хавхаа салгахаар дахин оролдоод эцэстээ тамир дэнхээгээ барж жаахан амрахад өлссөн хурга чинэрсэн хөхийг нь хөхөж эхлэв. Чинэрсэн хөх нь суларсан өлөгчин чоно дахин босоод хавхаа чирж явахад сүүний сайхан амт үнэрт нялх хурга улам ойртон дагаж дахин хөхөх гээд хөлөөс нь чирэгдэж явахад хүчирдэж байсан хавхын цагирагт хурганы хагас бие орж хавхыг нь үүрч явахад өвдөж ядарсан чонын сэтгэлд тун таадай санагдаж үр зулзагадаа алж өгөх гэсэн санаа нь оргүй арилаж, араанд орох зөөлөн махаа энэрэнгүй харцаар харлаа.

Нэлээд газар нялх хурга чонын хөл дэх хавхыг үүрч яваад эцэхдээ хэвтэж амрах гэтэл хавх нь хурганы биеэс мултарч гарлаа, бэлтрэгдээ яарсан өлөгчин чоно үргэлжлүүлэн явахад хөл дэх нь улам хүнтэрч хөл нь мэдээгээ алджээ. Үр зулзага нь элэг зүрхээр нь эргэлдэхэд арга бус өлөгчин чоно хөлийн тагалцгаа тас хазаад үргэлжлүүлэн явахад нялх хурга хойноос сүүл шиг дагаж, өөрт байгаа гурван бэлтрэгийн дэргэд хүрэв. Өлсөж удсан бэлтрэг эхээ үзээд ганганалдахад өлөгчин чоно өөрийн эрхгүй хигшин уярч, өвдөж байгаа хөлөө хамааралгүй гурван бэлтрэгээ хөхүүлэв. Нялх хурга ч явж эцсэндээ чонын өвөрт хэвтэхэд сүүний анхилам үнэрт тэсэж чадсангүй, гурван бэлтрэгтэй нь хамт чинэрсэн хөхийг нь хоосортол хөхлөө. Өлөгчин чоно бэлтрэгээ үзээд сэтгэл амарсан ч хар төмөрт хавчуулсан хөлийн өвдөх нь тэсгэл алдуулан шархтай хөлөө долоож хэвтэхэд нялх хурга ч гурван бэлтрэгтэй нь наадаж байлаа. Үнэнийг хэлэхэд гурван бэлтрэг нялх хургаар идшээ болгох санаатай түүнтэй оролдох санаа байвч унаа хүрэхгүй л байлаа. Гэтэл нялх хурга харин биетэй нь адил бяцхан гурван бэлтрэг түүнтэй наадам хийж байна гэж бодсон байжээ. Хөөрхий хэдэн нялх амьтан ингэж ноцолдон унаж босоод наадаж байсаар ижил дасал болжээ.

Хөөрхий хөгшин Аргаль ухаан орж сэргэхэд од мичид анивалзан суларч, хөх ногооны үнэр урьхан салхины илбээнд хамрын үзүүр ширвэнэ. Эх нь үрдээ хайлах сэтгэлээр хангай тал хүртэл уярч, чинэрэн асгарах сүү хөрс шороог ундаалж байлаа. Хөөрхий хөгшин Аргаль үрдээ үлдээх сүү нь ивэлж ширгэхээс зүрхшээж хөхнийхөө сүүг өөрөө хөхөж султгалаа. Тэр дөнгөж тэнхээ орсон биеэ дааж ядан алхаж, хургаа булдуулж орхисон газартаа хүрлээ. Хөгшин Аргаль майлсаар ганга гуу үлдээлгүй тойров. Амьсгах амьтны анир чимээ юу ч үгүй, нам жим шөнийн гүнд үрээ үгүйлсэн ганц зүрх л энсрэн зовж эмгэнэн гашуудаж байлаа.

Үүр цөмөрч сүрэг Аргаль уулын бэлийг дагаж өөдөлж хөгшин Аргаль төлөө нуусан будтай голд орж ирлээ. Хөгшин Аргаль сүрэгтээ нийлж сэтгэл нь жаахан уужирсан ч, нялх төлөө бодоход цээжнээс нь цус амтлагдаж, үүлдсэн нүдээр салхинд хөдлөх өвсийг хүртэл ажиглан майлна.

Гурван хөлтэй чоно гуншин ганших гурван бэлтрэгтээ идэш эрэхээр гарлаа. Сүүнд нь тэнхэрсэн нялх хурга ачтанаа гээд араатныг дагаж хойноос нь явсаар байж, залхуу нь хүрсэн юм уу, эсвэл хаврын наранд халсан ч юм уу өлөгчин чоно шархтай хөлөө долоон хэвтэх тэр зуур, нялх хурга бутны сүүдэрт унтаж хоцорчээ. Өлөгчин чоно өдөржин буйд бөглүү газраа гурван хөлийн таваг нь хагартал яваад наранд эвэрсэн сэвстэй гүзээ олж аваад, сэгсэрч хоосолж аваад, буцаж ирээд гурван бэлтрэгээ гүзээний мухарт хийгээд шилдэж аваад шил давж шинэхэн нутгийг зорьж, ширүүн салхиар алгадуулаад гурван хөлөөрөө газар хороогоод бэлтрэг зулзагаа амар тайван амьдруулахаар шилжиж явжээ.

Унтаж хоцорсон хурга нарийн борооны шиврээнд угаагдан сэрлээ. Борооны шиврэх зөөлөн аястай хөдөө түүнд явах замыг зааж өгсөнгүй. Нялх хурга цайвар манантай хангай хоосон талын дундуур майлан гүйсээр байж эцэстээ чонын үүрт хүрлээ. Биетэй нь адилхан хэдэн амьтан алга, сүүний үнэртэй саарал ээж нь ч үгүй. Борооны дусалд норсон хурга, дахин буцаад ирэх ч билүү гэж бодоод чонын үүрэнд орж далдлав.

Сүрэг Аргаль зөөлөн бороо шиврээгээр хөвч өөд бэлчээрлэв. Хөгшин Аргалийн сэтгэлд сайхан гараад тэнчиж байсан дүр нь тодрон дахин дахин нууж үлдээсэн бутаа эрэгчин майлаад, нарийн ажигласнаа хойноос нь данхалзан гэлдэрнэ. Сүрэг Аргалийн тэргүүнд зэгцлэн явж байгаа хөгшин Аргалийн хөх цоохор зусаг: “Зүс, зүс” хамар тадан газар тэвшив. Хөгшин Аргаль гэнэртэй майлан гэлдэрсээр сүрэг Аргалиа гүйцээд ирлээ. Чонын үүрт хорогдсон нялх хурга энэ анираар шурган гарч ирээд сүрэг Аргалийн зүг дэгдэв. Хөгшин Аргалийн нүдэнд сайхан гараад босох гээд тэлчилж байсан дүр нь тов тод харагдахад тэр ухаа сэхээгүй ойртон ирэх сонихон үнэрт хамар цоргилоо. Хөгшин Аргаль зог тусан ажиглав. Хурга майлан ээждээ улам ойртоход сонихон үнэр тодорхой мэдэгдэж, сүрэг Аргаль бүгдээрээ хуран цочисхийв. Сүрэг Аргалийн зэгч хөх цоохор зусаг сонихон үнэртэй багаахан амьтныг мөргөхөөр шууд дайран орлоо. Яг энэ үед нялх хурга аргагүй мөн болохыг таньсан хөгшин Аргаль эгчийг нь биеэрээ тогтоон хургаа гэдсэн доогуураа оруулан арчлав. Сүрэг Аргаль сонихон үнэрт хамраа доргиж эргэн тагшихад, хөгшин Аргалийн цэхийсэн нүднээс сувдын хэлхээ бөмбөрөн чинэрсэн хөхөө нялх хурганы завжаар хөөс цахруулан хөхүүлэхэд эх дэлхий энэрлийн илчээр мишээж, сүрэг Аргаль өнжиж өсдөг нутгаа эргэж эргэж хараад үр төлөө дагуулж, алсад цэнхэрлэх амгалан нутгийг чиглэжээ.

Хангай баян хөдөө хөхөмдөг мананд ханиалган тайван дүнхийхэд хар хэрээ тагнай ташин гуагалж, хамаг амьтан хар савартны нүглээс зайлж, хангай уудам бэлчээрээ харан харан нүүжээ. Авч идэж ханадаггүй хавтгай нүүрт амьтан л үүлэн зайгаар исгэрэх эрээн Бүргэдийн нүдэнд толборон Аргалийн сүрэг, араатан амьтан нутаг дээр уурхайн өтгөн мананаар уушги зүрхээ угааж товчров.

Эврүүлж (eberegolju)   хатааж, хуурай болгох.

Хөгшин хэвэрдэг (heberdeg ) болсон  туранхай сэг болсон

Улин(vlin ) шиншлэн  Чоно нохой зэрэг амьтан зэвүүн дуунаар дугарах.

Нөгшлөө(nogsile)  Чоно нохойн шогшин явах

Үхэн сэхэн (sehen)   үхэж амьдрах.

Шилдэж (xiledeju)  шил дээгүүрээ тавьж явах.

Зэгцлэн  (jegqelen)   гөрөөсний түрүү, замчлагч.

Гэнэгээр (geneger)-тэй  уйтгартай.

Цэхийсэн ( qehegsen) нүдэн гэрэл нь буурсан нүд.

Зохиогч: Г.Шинэхүү
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл