solongonews
Хятад улс Ангараг гарагийг судлах хөтөлбөрийнхөө нэрийг ”Тяньвэнь-1” гэж тогтжээ
2020-04-26 15:05
Хятад улс Ангараг гарагийг судлах хөтөлбөрийнхөө нэрийг ”Тяньвэнь-1” гэж тогтжээ.

Ангараг гарагийг судлах БНХАУ-ын үндэсний хөтөлбөрийг "Тяньвэнь" хэмээн нэрлэлээ гэж Хятадын Ардын Өдрийн Сониноос дөрөвдүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нь Хятадын тавдугаар сансрын нисэгчдийн өдөр тохиож байгаа юм. Улаан нүдэн гарагийг судлах төслийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний хөтөлбөрийг "Тяньвэнь-1" гэж нэрлэх аж. "Тяньвэнь" гэдэг нь эртний Хятадын агуу их яруу найрагчдын нэг болох Чюй Юанийн "Тяньвэнь" хэмээх  найраглалын нэрнээс гаралтай бөгөөд энэ нь “Тэнгэрт тавих асуултууд” гэсэн утгатай ажээ. Үүний зэрэгцээ мөн нарны аймгийн гаргууд байрладаг тойрог замыг дүрсэлсэн хагас тойрог бүхий төслийн логог танилцуулсан байна. Хагас тойрог нь англиар “Хятад” /China/, “хамтын ажиллагаа” /Cooperation/ гэсэн үгсийн эхний үсгийг бэлгэдэж байгаа бөгөөд энэ нь Хятадын бусад оронтой хамтран сансрыг судлах хүсэлтэй гэдгийг илэрхийлж байгаа аж.

БНХАУ Ангараг гарагийг судлах эхний хөтөлбөрөө энэ онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг руу тандалт судалгааны аппарат илгээх юм. Уг аппарат долоон сарын хугацаанд Ангараг гарагт хүрэх ёстой байна.

Одоогоос яг 50 жилийн өмнө буюу 1970 оны дөрөвдүгээр сарын 24-нд Хятад улс  "Дүнфанхун-1" хэмээх анхны хиймэл дагуулаа тойрог замд оруулжээ. 2016 оноос хойш тус улсад жил бүрийн энэ өдрийг Сансрын нисэгчдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл