“Samsung”-ийн “Galaxy Note 7” дэлбэрснээс хувьцааных нь үнэ унаж эхэллээ
2016-09-12 15:19
Одоогоос нэг сарын өмнө худалдаанд гарсан “Samsung” корпорацийн “Galaxy Note 7” ухаалаг гар утас дэлбэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсантай холбогдуулан тус компаний хувьцааны ханш өнөөдөр сүүлийн хоёр сарын хугацаанд маш хурдтайгаар буюу тав гаруй хувиар унасан байна.

Цэнэглэж байхад болон цэнэглэсний дараа “Galaxy Note 7” гар утас дэлбэрсэн гэх мэдээллүүд гарсантай холбогдуулан тус компани өнгөрсөн долоо хоногт 2.5 сая гар утсаа зах зээлээс эргүүлэн татсан юм.
АНУ-ын холбогдох албаны хүмүүс энэ гар утсыг онгоцонд цэнэглэж, ашиглахгүй байхыг зорчигчдод анхааруулсан билээ. Мөн өөр хэд хэдэн улсын иргэний агаарын тээврийн компаниуд нислэгийн үеэр уг гар утсыг ашиглахыг хориглоод байгаа юм.

Есдүгээр сарын 19-нөөс өмнө хүлээлгэн өгсөн бүх гар утсыг сольж өгөхөө “Samsung” мэдэгдсэн билээ.
“Galaxy Note 7”–г өнгөрсөн сард худалдаанд гаргасан бөгөөд ерөнхийдөө хэрэглэгчдийн таашаалд нийцэж байсан юм.
Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
