solongonews
Сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар зөвлөж байна
2015-12-28 18:21
Өөрчлөлтийг өөрөөсөө хэрхэн эхлэх вэ?
Өөрчлөгдөнө гэдэг гайхалтай. Өөрчлөгдөх сэтгэл, сэдэл тэмүүлэл байваас хүн бүхэн үүнийг хийж чадна. Хүн өөрийгөө өөрчлөхийн тулд анхаарах 3 зүйл бий.
 
1.Таны найзуудын хүрээлэл хэн байна гэдэг чухал. Найз нөхөд тань таныг өчигдрөөсөө илүү сайн нэгэн болгон өөрчилж чадаж байна уу?, эсвэл өчигдрөөс чинь дордуулж, таныг буруу зуршилд урин дуудаж, ханиасаа урвахад ташуур өгч байна уу? Таны өөртөө итгэлтэй байдал, сайн сайхныг тань сорж байна уу? Хэрэв тийм бол найз нөхдийнхөө сонголтыг анхаарч нэг үзээрэй. Энэ таны өөртөө хийх нэгэн чухал өөрчлөлт байх болно.
 
2.Та юу сонсож, үзэж, уншиж мэдэрч байна, түүнийгээ анзаар. Та үзэж сонсож, уншиж мэдэрч байгаа зүйлээ сонгохгүй бол таны сонсож, уншиж мэдэрч байгаа зүйлс таны амьдралыг сонгодог. Тоо томшгүй хүн өнөөдөр өөрийгөө хогийн сав мэт ашиглаж байна. Интернэтээс тааралдсан бүхнээ уншиж, хов живэнд автаж, зурагтаар юу тааралдсанаа үзэх нь наад захын зүйл болж. Эрүүл хүнс хэрэглэхгүйгээр хүн эрүүл байх талаар саналтгүй. Үүнтэй л адил та сөрөг мэдээлэл, хар бараан зүйлд хэдий их автана тэр хэрээр таны сэтгэл зүйн эрүүл мэнд доройтно. Та өөртөө итгэлтэй байдал, нийгмийг эерэгээр харах чадвараа алдана. Та нийгэмд байгаа сайн сайхан бүхнийг сөргөөр харах гээд байдаг болно. Та амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсвэл юу сонсож, үзэж, уншиж мэдэрч байгаагаа сайтар анзаарч, дүгнэлт хий.
 
3.Та юуг хүлээж авах ёстойв, бас юуг хүлээж авах ёсгүй вэ гэдгээ мэддэг байж гэмээнэ энэ бас хамгийн чухал өөрчлөлт болох юм шүү. Хүмүүс таныг үргэлж сайнаар ярьна гэж байхгүй. Та ямар ч сайн юм хийсээр байхад, хэн нэг нь таниас муу зүйлсийг харсаар л байдаг. Тиймээс өөрийгөө харах өнцгөө өөрчил. Өөртөө сэтгэл хангалуун амьдар. Та бол хүн, мэдээж алдаа гаргана. Гэхдээ энэ нь та бусдын талаарх сөрөг бодол үг яриаг бүү хүлээж аваарай гэсэн үг болохоос өөрийнхөө талаарх бодит шүүмжийг сонсохгүй, хүлээн зөвшөөрөхгүй бай гэсэн үг биш шүү. Харин хоосон хов жив, атаархал, хорсолд бүү авт. Шүүмжлэлийг хүлээж аваад сэтгэл санаагаар унаж, эмзэглэх хэрэггүй. Үнэн шүүмжлэл хүнийг засдаг хамгийн сайн эм байдаг.
 
Та өчигдрөөсөө илүү болохын тулд энэ бүхнийг заавал тунгаан бодож, өөртөө үнэн зөв дүгнэлт өгч, бодит өөрчлөлтийг хийгээрэй. Амжилт хүсье.
 
Гэгээ 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл