Өвөр Монголын Тунляо хот болон Бээжин хоорондын хурдны галт тэрэг 01-р сарын 22-ны өдөр аялж эхэллээ.
Тунляо хот Өвөр Монголын зүүн хэсэгт оршдог. Галт тэргээр Бээжин хот ороход 16 цаг гаруй хугацаа зарцуулдаг байсан бол өдгөө хурдны галт тэргээр дөрвөн цаг хүрэхгүй яваад хүрдэг. Бээжин хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд өглөөний ажилд орох үед хөдөлбөл өдрийн цайны цагаар нутагтаа хүрч, борцтой цайгаа ууж суух боломжтой боллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр Тунляо хотоос 07 цаг 30 минутад хөдлөх хурдны галт тэрэг 3 цаг 49 минутын дараа буюу 11 цаг 19 минутад Бээжингийн Чао-Ян өртөөнд хүрнэ. Цар тахлын нөхцөл байдалд өдөртөө ирж очих чиглэлийн нэг хурдны галт тэргийг ажиллуулах бөгөөд зорчигчийн шаардлагын дагуу нэмж ажиллуулах боломжтой юм байна.
Үүнээс гадна, Өвөр Монголын Улаанхад хот болон Бээжин хоорондын хурдны галт тэрэг мөн 01-р сарын 22-ны өдөр нэвтэрч, хоёр хот хооронд зорчиход хоёрхон цаг зарцуулдаг боллоо.
